| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/94 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Д-ын Д-д холбогдох 2103000380050 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, УБТЗ ХХН-ийн замын 2 дугаар ангид замчин ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт --------------------- оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЗЮ........... дугаарын регистртэй, А овгийн Д-ын Д гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 21 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Хангай зөрлөгийн ажилчдын байранд замын 2 дугаар багийн замчин Б.Н-ийн нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед Б, М нартай Н”ийн гэрт очиж архи уусан. Тэр үед Н гэртээ байхгүй байж байсан ба хэсэг хугацааны дараа Н гаднаас орж ирээд бид дөрөв нийлээд 4 шил архи уусан. Архиа ууж дуусаад би М ахыг гэрт нь хүргэж өгөх гэж байгаад Н”той муудалцаж гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон” гэв.
2103000380050 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Н”ийн: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим би ажлаасаа буугаад гэртээ орж гал түлээгээ түлээд буцаж гарч 00 явж бие засчихаад орж ирэхэд манай гэрт хамт ажилладаг Д, М, Б нар орж ирэн Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архи задалсан ууж байсан. Би тухайн үед манайд хүн байхгүй, эд нар эхнэр хүүхдээсээ санаа зовоод орж ирсэн юм байх гэж бодоод юм хэлээгүй. Надад шилтэй архинаас хийж өгөхөд би хамт уусан. Ингээд архи дуусахад гаднаас манай ажлын Б ахиад нэг шил архи авчиран бид нар хувааж уугаад юм яриад сууж байхад М, Д нар хоорондоо маргалдаж бие биенийгээ барьж аваад ноцолдох үедээ манай гэрийн цонхыг хагалсан. Би тэр хоёрын дундуур орж Д-д хандаж “чи яаж байгаа юм бэ, өөрөөсөө ахмад хүн рүү дайраад байна, одоо боль гэж хэлэхэд” Д над руу “чи дуугүй бай” гэж хэлээд миний баруун нүд рүү цохиход би хойшоо газар унах үед бүгд гараад явчихсан. Би энэ тухай мастер Н руу утсаар залгаж хэлсний дараа мастер эхнэртэйгээ орж ирээд та яах гээд ажлын байран дээр архи уугаад байгаа юм бэ, маргааш арга хэмжээ авна гээд гараад явсан. Удалгүй Д орж ирээд надаас яасан зүгээр үү гэж асуухаар нь би чи хүний нүд рүү цохиод байхдаа яадаг юм, миний нүдийг ийм болгочихлоо гээд хавдсан нүдээ харуулахад Д юм хэлэлгүй гараад явчихсан. Би гэртээ ганцаараа байсан тул гэрийнхээ хүмүүс рүү утсаар ярьж хэлэхэд хадам ээж, хүргэн ах ирж намайг аваад явсан.
... 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ГССҮТ-ийн гавал тархины тасагт ирж хэвтээд 28-ны өдөр хагалгаанд орж эмчлэгдэж байгаад 02 сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарахад ор хоногийн төлбөр 114.222 төгрөг, хагалгааны зардал 425.000 төгрөг болсон. Эмнэлгээс гараад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлэхээсээ өмнө Солонго нэртэй хувийн эмнэлэгт 15.000 төгрөгөөр үзлэгт ороход манайд хагалгаанд орж болно, 2 сая төгрөг болно гэхээр нь нэгэнт л нийгмийн даатгал төлж байгаа юм чинь гээд улсын эмнэлэгт хэвтсэн. Ойролцоогоор 70.000 төгрөгөөр эмийн сангаас эм тариа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 123-124 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ы өгсөн: “...Миний санаж байгаагаар нэг ухаан ороход Н, Д хоёр маргалдаад өөд өөдөөсөө босоод зогссон хэрэлдээд байж байсан. Тэр үед би босоод Д-ыг салгаад гал тогооны өрөөнд зогсож байсан мастер Наранбаатар эхнэрийн хамт орж ирээд бид нарыг тараасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Э.М-ын өгсөн: “..Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед хамт Б, Б, Н, Д нарын хамт Хангай зөрлөгийн төмөр замын ажилчдын байранд Н-ийн гэрт 5-лаа дөрөв шил архи уусан. Би их согтуу байсан. Юу болсон талаар санахгүй байна. Би өглөө гэртээ сэрсэн. Би юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-ийн өгсөн:”...Би энэ үед гэр рүүгээ гүйж галдаа нүүрс хийгээд орж гараад байсан. Тэгээд 21 цагийн үед нэг ороод ирсэн чинь Н, Д нар хоорондоо маргалдсан зогсож байсан. Би яагаад хэрэлдээд байгаа юм гэж нэг хамт олон байж гэж хэлээд зогсож байхад мастер Н орж ирээд тарцгаа гэж хэлээд тараасан. Тэгээд би харьж унтсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч М.Л-ийн өгсөн:”...Би Н, Д нарыг тухайн үед хэрэлдэж зодолдож байхыг огт хараагүй..., тэр шөнө нь би эхнэртэйгээ бие засах гээд гадаа гараад Н манай ажлын замчин Д гэх эмэгтэйн гэрийн үүдэнд ганцаараа 02 цагийн үед зогсож байсан. Би орооч чи юу хийж байгаа юм гэж хэлсэн. Н юу ч хийгээгүй одоо орлоо гээд зогсож байсан. Тэгсэн маргааш өглөө Н дух нь хөхөрсөн, уруул нь шалбарсан байсан. Юу болов гэж асуусан чинь шатан дээр халтирч унасан гэж хэлж байсан. Түүнээс миний төрсөн өдрөөр ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Д.Н-ын өгсөн:”...Д Н руу дайраад Б хориглосон байдалтай байж байсан. Б Н хоёр том өрөөнд байсан. Н, Д 2 хоорондоо хэрэлдээд Б хаагаад зогсож байсан. Би Н дээр очоод юу болсон талаар асуухад Д миний нүүр рүү цохисон гэж хэлсэн. Би хэдэн удаа гэж асуухад 1 удаа гэж хариу хэлсэн. Би нүүрийг нь харахад баруун нүдний доод хэсэгт бага зэрэг шалбарч хавдсан байсан..., Н надаас би нүдээ яах уу гэж асуухад би нүдийг нь харахад гайгүй юм шиг харагдахаар нь хүйтэн жин тавиад унтчих гэж хэлээд унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Гэрч Б.М-ын өгсөн:”... маргааш нь ажилдаа ирэхэд Н-ийн нүүр гэмтэлтэй байсан. Уруул нь сэтэрсэн байсан. Шүд нь хөдөлсөн гэж хэлж байсан. Н өөрөө намайг Д зодсон гэх яриа гаргасан. Тэр ярианаас болоод 2021.01.20-ны орой маргалдаж байгааг би ойлгосон. Д 2021.01.11-нд зодоогүй харин Бямбадаш Д-д хандаж чамайг зодсон гэж байна гэж Н хэлж байна хэлээд маргаан болж байсан. Ингээд би нөхрийн хамт маргааныг зогсоогоод бүгдийг нь гэр рүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-ийн өгсөн:”...Миний нөхөр Д 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Орж ирээд хүүхэдтэйгээ тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад унтсан. Би дүүтэйгээ сэрүүн байж байхад шөнийн 02 цаг цагийн орчим гэрийн хаалга нүдэхээр нь хаалга онгойлгоход Н хоёр цагдаагийн хамт орж ирсэн. Цагдаа нар орж ирээд Д-ыг аваад явсан. Надад Д гэртээ орж ирэхдээ ямар нэгэн асуудал болсон талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Шинжээч эмч С.Т-ы өгсөн:”...Баруун нүдний дотор ханын хугарал нь баруун шанаанд цохигдсоны үйлчлэлээр үүсгэх боломжгүй ба нүд хамрын нурууны эргэн тойрон мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ... ...Мохоо зүйл гэдэгт атгасан гарыг хамааруулж үзэж болно. Дээрх гэмтэл нь 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үлдэц хор уршгийн урьдчилан таамаглах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №94 дугаартай “...1.Б.Н-ийн биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханыг имфлант сэргээсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2021.01.29/, баруун нүдний салстад цус хуралт, толгойн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1№т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны 21 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Хангай зөрлөгийн ажилчдын байранд замын 2 дугаар багийн замчин Б.Н-ийн нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Н, гэрч Б.Б, Э.М, Г.Б, М.Л, Д.Н, Б.М, Б.М, шинжээч эмч С.Т нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Н биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханыг имфлант сэргээсэн мэс заслын дараах байдал, баруун нүдний салстад цус хуралт, толгойн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 94 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилж, шүүгдэгч Д.Д нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д болон хохирогч Б.Н нар нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 142-143 тал/
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 3 сарын 11-ний өдөр 19 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 144 тал/ 2021 оны 3 сарын 11-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Д-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Д-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН