| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Л-д холбогдох 2134000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д овогтой Л /РД:НЭ.............../ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Д.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21-22 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 6 дугаар гудамж 3 тоотод байрлах өөрийн гэртээ Ц.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдох үедээ Ц.Г-ын нүүрэн тус газар нь заазуураар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “зулай, дух, хамар, зүүн хацар, цээжинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21-22 цагийн орчим ...................................тоотод байрлах өөрийн гэртээ Ц.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдох үедээ Ц.Г-ын нүүрэн тус газар нь заазуураар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “зулай, дух, хамар, зүүн хацар, цээжинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Г-ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 16 цагийн орчимд найз охин О-тай хамт явж байгаад Л ахтай тааралдаад дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво аваад Л ахын гэрт нь очиж уусан. Тэгээд О бид хоёр гэрээс нь гарч явж байгаад Дивизийн байрны тэнд Ц-той уулзаад дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад Л-д очоод Ц, Л бид гурав нөгөө хоёр пиво уугаад сууж байтал Л ах “Ганбаа найз охиноосоо болоод уурлаад байна, найз охиноо хардаж үхэх гээд байгаа юм байна л даа” гэхээр нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь намайг Л заамдаад бид хоёр ноцолдоод байж байтал гэнэт л толгойноос цус ихээр гараад байсан. Тэгээд удалгүй эмнэлэгт ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Гэрч У.Д-ийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд Л-д орсон чинь Л, Г, О, Л, Ц нар 1 пиво уугаад сууж байсан. Би 00 орчхоод гэр рүү ороод ирсэн чинь Г шууд Л-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод тэр хоёр хоорондоо зодолдож байгаад Л заазуур бариад Г-ын нүүр хэсэг рүү1 удаа цохих шиг л болсон. Тэгсэн чинь л нил цус болчихсон. Тэгээд би түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Ч.О-ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 16 цагийн орчимд Г бид хоёр дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво аваад Л-д очоод Л, Г хоёр хувааж уучхаад тэднийхээс гараад гэртээ очоод байж байтал Ц залгаад дуудахаар нь гараад Дивизийн байрны тэнд уулзаад дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад гурвуулаа Л-д очоод Л, Ц, Г гурав 2 пивоо хувааж ууж дуусчхаад Г бид хоёр гараад дэлгүүр орж Сэрүүн нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво аваад Л-д орж ирээд сууж байтал Г Л-ийг гараараа нүүр рүү 2 удаа цохиод тэр хоёр зодолдож Л заазуур аваад нүүр рүү нь цохих шиг болсон чинь Ц салгаад Д түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчимд Дивизийн хойд талд Г эхнэртэй нь хамт явж байхтай тааралдаад Ар урт нэртэй хүнсний дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад бид гурав Л-д очоод Г, Л бид гурав хувааж уугаад байж байтал гаднаас Дээгий орж ирсэн. Тэгээд сүүлийн пивоноос бүгдээрээ хувааж ууж дуусчхаад Г,Оки хоёр гараад тамхи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво авч ирээд тэрийг задлах гээд сууж байтал Г гэнэт Л-ийн нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд Л,Г хоёр зодолдохоор нь очоод салгасан чинь Л-ийн гарт шар өнгийн иштэй заазуур байхаар нь гараас нь аваад ширээн дээр нь тавьчихсан. Газраар нил цус болчихсон Г-ын дух, хамар хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд Дээгий аймгийн түргэн тусламж дуудсан чинь эмнэлэг, цагдаагийн алба хаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг /х-ийн 10 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №70 дугаартай шинжээчийн “...1. Ц.Г-ын биед зулай, дух, хамар, үүн хацар, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2, 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.
5, 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №71 дугаартай шинжээчийн “...1. Д.Л-ийн биед гэмтэл тогтоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Л болон хохирогч Ц.Г нар нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 22-ний өдөр 12 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ 2021 оны 02 сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах дуустал хэрэгт үлдээхийг, мөн шар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Д овогтой Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 1 сар 15 хоног /нэг сар арван тав/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Л-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхийг, мөн шар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН