| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л-д холбогдох 2134000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, археологич мэргэжилтэй, Бодь даатгал ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт ............................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Б овогтой Л /РД:НЭ................/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.Л нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 47 дугаар байрны гадаа 2021 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө согтуугаар С.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Л нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 47 дугаар байрны гадаа 2021 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө согтуугаар С.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.Б-ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед О, Ж, Л бид дөрөв Бодь даатгалын байранд 4 сав 2.5 литрийн савтай пиво хувааж уусан. 20 цагийн үед байх О, Ж хоёр яваад Л бид хоёр 23 цагийн үед Бодь даатгалын байрнаас гараад 6 дугаар баг Ирээдүй хотхоны 47 дугаар байр буюу манай гэрийн гадаа ирсэн. Тэгтэл ямар нэгэн шалтгаангүйгээр Л намайг зодсон ..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн №89 дугаартай шинжээчийн “...1, 3. С.Б-ын биед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Л болон хохирогч С.Б нар нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 48 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 18-ний өдөр 18 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 56 дугаар хуудас/ 2021 оны 02 сарын 19-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Л-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Л-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овгийн Б овогтой Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН