| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Л-д холбогдох 2134000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, урьд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овгийн Д овогтой Л /РД:НЮ............./ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Д.Л нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Өндөр дов Хөрс ШТС” гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Б.А-тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Л нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Өндөр дов Хөрс ШТС” гэх газар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Б.А-тай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.А-ын өгсөн: “...Би Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 8-19 тоотод нөхөр Л, охин Б, ээж Э нарын хамт оршин суудаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн үед манай найз Одонтуяа манайд ирж хоол ид гээд байхаар нь нөхөр Л-ийн хамт өөрийн эзэмшлийн 22-49 ТӨВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг найз Зоригтбаатараар бариулаад Түлхүүр гэх найзындаа хүргүүлсэн. З бид хоёрыг хүргэж өгчхөөд манай машиныг унаад гэр рүүгээ явсан. Очоод хоол хийж идчихээд, хөзөр тоглонгоо Т-д байсан “Хараа” нэртэй 0.75 литрийн нэг шил архийг манай нөхөр Л, найз Т хоёр хувааж уусан. Би О-ийн хамт “Сэрүүн” 2.5 литрийн нэг пивыг хувааж уусан юм. Тэгээд байж байтал манай нөхөр Л, Т-тэй хоорондоо маргалдаад байхаар нь би гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь явахгүй гээд намайг гэнэт толгой хэсэг рүү гараараа хоёроос гурван удаа цохиод, хамар хэсэг рүү мөргөөд, миний хамраас цус гарсан. Тэгээд намайг зодоод байхаар нь аймгийн төвөөс цагдаа дуудаад манай нөхөр Л-г аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Ж.О-ийн өгсөн: “...Би Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Өндөр дов” гэх газар нөхөр А-ийн хамт амьдардаг юм. 2021 оны 01 сарын 26-ны 16 цагийн үед өөрийн багын найз А руу залгаад хаана байгаа юм гэсэн чинь аймагт байна гэхээр нь манайд яваад ир, хэдүүлээ хоол унд идэнгээ хөзөр тоглоё гэсэн чинь за тэгье гээд нөхөр Л-ийн хамт ирсэн. Манайд ирээд хоол унд идчихээд, хөзөр тоглонгоо архи, пиво ууцгаасан. Манай нөхөр Т, Л хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би нөхрөө унт гээд гутлыг нь тайлаад оронд нь оруулчхаад эргээд хартал манай найз А хамраа дарчихсан% хамраас нь цус гараад байж байсан. Би яачихваа гэж асуусан чинь Л намайг мөргөчихлөө гэж байсан. Тэгээд А цагдаа дуудсан. Удаагүй байтал аймгаас нэг цагдаа ирээд Л, А хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.А-ийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр би Зуунмод сумын төвөөр ажил хөөцөлдөж яваад үдээс хойш гэртээ 17 цагийн орчим очиход манай эхнэр О манай найз А, Л хоёр ирж байгаа гэж хэлсэн. Тэгтэл удалгүй тэр хоёр манайд ирсэн. Ингээд манай эхнэр хоол цай хийгээд бид хэд хөзөр тоглоод би 0.75, 0.5 литрийн Хараа архи гаргаж тоглож байх зууртаа хувааж уугаад манай эхнэр, А хоёр архи уухгүй болохоор 2.5 литрийн 1 сав пиво хувааж уусан. Ингээд цаг нилээд орой болоод би согтоод орондоо ороод унтаад өгсөн. Би А, Л хоёрыг хоорондоо маргаж муудсаныг мэдээгүй. Маргааш өглөө нь босоод эхнэрээсээ сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №69 дугаартай шинжээчийн “...1. Б.А-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Л болон хохирогч Б.А нар нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 17-ний өдөр 15 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 56 дугаар хуудас/ 2021 оны 02 сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Л-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овгийн Д овогтой Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН