| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-т холбогдох 2134000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт ................... оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-1-3-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б овогтой М /РД:НЙ............../ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой Төв аймгийн Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х.Г-ийн гэрийн гадна иргэн Ц.Н “миний хар гүүг алж идээ биз дээ гэж хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, чамархай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой Төв аймгийн Борнуур сум, Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х.Г-ийн гэрийн гадна иргэн Ц.Н “миний хар гүүг алж идээ биз дээ гэж хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, чамархай зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Н-ийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой ойролцоогоор 19 цагийн үед нутгийн хоёр хүнтэй 3 шил архи хувааж уугаад саахалт айл Г ахынд бид гурав ороход хүмүүс архи уугаад сууж байсныг санаж байна. Би нилээн согтуу байсан. Г-ийн гэрт ороод тасарчихсан байна лээ. М намайг цохиод үснээс зууралдаад цохиод байсан. Би болсон зүйлийг бүдэг санаж байна. Нэг мэдэхэд Д гэх залуу миний хажууд зогсчихсон, чи энд юу хийж яваа юм бэ, чи яасан юм гэж асууж байхад би мэдсэн. М намайг зодоод дээрэлхээд байна гээд уйлсан. Гэтэл Д намайг за чи гэртээ ороо, хөлдөж үхлээ, даарчихсан байна шүү дээ гэхэд нь би хүүхдээсээ ичээд гадаа жаахан сууж байгаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Х.Г-ийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой гэртээ Отгонбаяр эхнэртэйгээ, манай эхнэр, тэгээд манай нутгийн нэрийг нь мэдэхгүй нэг залуу тэр нь Соёмбо ХХК-д манаач ажилтай, тэгээд бид нар архи уугаад сууж байхад Н гаднаас согтуу орж ирсэн. Зангийн хамт тэгээд бид нар манайд архи уугаад сууж байхад гаднаас М эрүүл орж ирсэн. М-ыг хараад Н хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд манай гэрт удалгүй М, Н 2 хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд М манай гал тогооны шүүгээ рүү Н-г түлхэж унагаасан. Тэгээд би түүнээс хойшоо сайн санахгүй тасраад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Т.О-ын өгсөн: “...Би тэр өдөр гэртээ байж байхад Тайшир өргөө-д манаач Мийгаа гэх залуу манайд орж ирээд та надад сумын төв рүү тамхинд яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд сум орж тамхи авсан бас 1 шил архи аваад манай Завханы ах Борнуурт байдаг, та мэдэх үү гэж асуусан. Би хэн гэдэг вэ гэхэд Гүнрэг гээд ах байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би танина гээд авсан архитайгаа очиж Гүүрийнд авсан архи хувааж уугаад сууж байхад гаднаас Н Занги 2 согтуу ороод ирсэн. Тэгээд удалгүй М орж ирсэн.Тэнд хэсэг байж байгаад М, Н 2 гараад явсан. Удалгүй хоёулаа орж ирэхдээ үс сэгсийгээд орж ирсэн. Тэгэхэд М, Н 2 хоорондоо зодолдчихсон гэж байсан. Тэгэхээр нь шууд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч П.Э-ын өгсөн: “...Шөнө хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Манай гадаа ганцаараа согтууруулах ундаа жаахан хэрэглэсэн. Гэрийн хаалга шагайгаад намайг дуудсан. Тэгээд ороод ирээч гэхэд орж ирэхгүй байхаар нь гараад очтол Мягмар намайг зодсон гээд уйлж байсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч Ж.Т-ийн өгсөн: “...Би орой 17 цаг өнгөрөөгөөд үнээ саачхаад гэртээ орж ирсэн. Гэтэл манай гадаа машин ирж зогсоод О эхнэртэйгээ мөн Гүүргийн нутгийн дүү гэх нэг залуугийн хамт манайд ирсэн. Тэр үед Гүүрэг байхгүй байсан. Би Г-ийг Б-ынд байгааг хэлэхэд О-ын эхнэр Г-ийг авахаар Б-дочиж Гүүргийг гэрт авчирсан. Тэгээд Гүүргийн нутгийн дүү 1 шил Ерөөл гэх архи гаргаж ирээд ууж байхад удалгүй гадаа дахин машин ирсэн. Гэтэл З, Н 2 нилээн согтуу гадаа юм яриад зогсож байхаар нь би гэрт орж цай уу гэж дагуулж орсон. Тэгээд бид нар сууж байтал гаднаас М эрүүл орж ирсэн. Тэгээд Н, М-ыг үг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд удалгүй тэр 2 зууралдаж авсан. Нэг нэгнийхээ толгойтой үсийг зулгааж, мөргөлдөж байсан. Тэгээд би дундуур нь салгах гэж зөндөө оролдсон. Намайг огт тоогоогүй тэгээд манай 3 жаахан охин уйлаад гараад гүйсэн. Би араасаа гарсан тэгээд би 3 охиноо оруулж ирэхэд 2 орон дээр шалдан сууж байсан. Тэгэхэд О-ын эхнэр Зангийн эхнэрийг авчраад манайд байсан хүмүүс бүгд явж М манай гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №52 дугаартай шинжээчийн “...1. Ц.Н-ийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, чамархай зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2, 3, 4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М, хохирогч Ц.Н нар нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 61-64 дүгээр хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 10-ны өдөр 09 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 74 дүгээр хуудас/ 2021 оны 02 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Ннь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нэхэмжилж, шүүгдэгч Б.М нь төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М-т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Б овогтой М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН