Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 843

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Ф ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдох

Гуравдагч этгээд “Г ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/*******92 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Ф ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, тус яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ф ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас БСШУСЯ/201801269 дугаар бүхий Сургуулийн барилга, 640 суудал (Улаанбаатар, С******* дүүрэг, ******* дугаар хороо) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай тендер зарласан.

“Ф ” ХХК нь уг тендерийн баримт бичигт заасан шалгуур хангасан, тавигдсан шаардлагад нь нийцүүлэн тендерийн материалыг илгээж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тендер шалгаруулалтад цахимаар оролцон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “Хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарсан юм.

Түүнчлэн Гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг үндэслэн 4.350.093.698 төгрөгөөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг бидэнд өгсөн. Уг мэдэгдлийг үндэслэн “Ф ” ХХК-ийн зүгээс хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах хүсэлт гарган хандаж байсан боловч “тендерийн бусад оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргасан, гомдлыг хянаж байгаа” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулахыг хойшлуулсаар ирсэн.

Гэтэл гэнэт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2/6231 дугаартай албан бичгээр “Б” ХХК, “Ф ” ХХК-ийн түншлэл нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* тоот гэрээний талаарх мэдээллээ ирүүлээгүй тул тендерээс татгалзаж байна” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн.

“Б” ХХК, “Ф ” ХХК-ийн түншлэл нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* тоот “Түлхүүр гаргуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга (Ч******* дүүргийн 11 дүгээр хороо)”-ны ажлын гэрээ” нь хуульд заасан хугацаанд байгуулагдсан боловч түншлэлийн үндсэн гишүүн “Б г” ХХК нь захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан юм.

Өөрөөр хэлбэл “Ф ” ХХК-ийн хувьд ******* тоот тендерт огт хамааралгүй этгээд тул уг тендерийн талаар тендерийн баримт бичигт мэдүүлэх шаардлага нэгэнт байхгүй гэж үзсэн.

        Гэтэл тендерт оролцогч бусад этгээдүүдээс гомдол гаргахдаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зарласан тендерийн талаарх дээр дурдсан баримтыг хавсарган өгснийг үндэслэн “Ф ” ХХК- тай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/*******92 дугаар албан бичгийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зарласан БСШУСЯ/201801269 дугаар бүхий XIII.1.1.39 Сургуулийн барилга, 640 суудал (Улаанбаатар, С******* дүүрэг, ******* дугаар хороо) төсөл, арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь биднийг оролцуулалгүйгээр бидэнд мэдэгдэлгүйгээр дахин хуралдаж, манай өгсөн тендерийг дахин үнэлсэн гэх ба улмаар нэг ч шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин тендер зарласан байна.

Үнэлгээний хорооны энэ үйл ажиллагаа нь бүхэлдээ тендерт оролцож шалгарсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байх тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/*******92 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Ф ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг, ******* дугаар хороо/ тендерт оролцогч “Г ” ХХК, “Х ” ХХК-иас захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж гомдол гаргасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн.

Аливаа тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа захиалагч тендерийн материалдаа тохирсон шаардлага шалгуурыг тавьдаг бөгөөд “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5 дугаар хэсгийн 5.2-т “Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ” гэж заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хийх ёстой байдаг.

Тухайн тендер шалгаруулалтыг хянан үзэхэд Захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан “Ф ” ХХК-ийн тендерийн материалд ТӨХ-ийн 5.3 (в)-д гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизмын жагсаалтад заасан бульдозер, теодолитийн мэдээлэл байхгүй, ТӨХ-ийн 5.2 (д)-д “...ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх ирүүлэх жилийн тоо 3 жил буюу 2015, 2016, 2017 он дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн тухай мэдээллийг гомдол гаргагч компани нотлох баримтын хамт ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хорооны “хамгийн сайн” гэж үнэлсэн “Ф ” ХХК нь тендерийн материалд заасан ТӨХ-ийн 5.3 (в), 5.2 (д)-д заасан шаардлагыг хангахгүй байгаа нь Тендерийн үнэлгээний хороо хууль, журамд нийцүүлэн үнэлгээг хийгээгүй болох нь тогтоогдсон тул энэ талаар нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх шийдвэрийг хүргүүлсэн.

Сангийн яамнаас хүргүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/*******92 дугаар албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж “Ф ” ХХК-ийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээний ажлын талаарх мэдээллийг ирүүлээгүй байна гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан. 

Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 07-ны хуралдаад Сангийн яамнаас ирсэн албан бичгийг үндэслэн шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзсэн тул тендер зарлах шийдвэр гаргасан. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2/6238 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 

Иймд “Ф ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо БСШУСЯ/201801269 дугаар бүхий XIII.1.1.39 Сургуулийн барилга, 640 суудал төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авч, 11 цаг 30 минутад нээсэн.

Уг төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтад 6 компани тендер ирүүлснээс “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоор “Ф ” ХХК-ийг шалгаруулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу “Ф ” ХХК-тай 4,350,093,698.0 /Дөрвөн тэрбум гурван зуун тавин сая ерэн гурван мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн боловч “Г ” ХХК, “Х” ХХК-иуд гомдол гаргасан.

Сангийн яамнаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны 6-1/*******92 дугаар албан бичигт “... хянан үзээд “хамгийн сайн” гэж шалгаруулсан “Ф ” ХХК-ийн тендерт “Б” ХХК, “Ф ” ХХК-ийн түншлэл нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай “Ч******* дүүргийн 11 дүгээр хороонд барих цэцэрлэгийн барилгын ажил”-ыг ******* тоот гэрээний дагуу гүйцэтгэхээр 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байгаа нь ТШӨХ-ийн 5.2 (д)-д заасан “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо 3 жил буюу 2015, 2016, 2017 он буюу дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн мэдээллийг нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль. журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу шалгаад үндэслэлтэй гэж үзсэн тул тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлах болсон тухай мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2/6231 тоот албан бичгээр тендерт оролцсон бүх компаниудад хүргүүлсэн. 

Иймд дээрх нэхэмжлэлд авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11цаг00 минут хүртэл тендер хүлээн авч, 11 цаг 30 минутад нээсэн.

Уг төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтад 6 компани тендер ирүүлснээс “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоор "Ф ” ХХК-ийг шалгаруулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу “Ф ” ХХК-тай 4,350,093,698.0 /Дөрвөн тэрбум гурван зуун тавин сая ерэн гурван мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн боловч “Г ” ХХК, “Х ” ХХК-иуд гомдол гаргасан.

Сангийн яамнаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны 6-1/*******92 дугаар албан бичигт “... хянан үзээд "хамгийн сайн” гэж шалгаруулсан “Б” ХХК, “Ф ” ХХК-ийн түншлэл нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай “Ч******* дүүргийн 11 дүгээр хороонд барих цэцэрлэгийн барилгын ажил”-ыг ******* тоот гэрээний дагуу гүйцэтгэхээр 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байгаа нь ТШӨХ-ийн 5.2 (д)-д заасан “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо 3 жил буюу 2015, 2016, 2017 он буюу дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн мэдээллийг нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Ингээд уг гэрээг хянан үзсэний дагуу Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн тул тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлах болсон тухай мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2/6231 тоот албан бичгээр тендерт оролцсон бүх компаниудад хүргүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Гуравдагч этгээд “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: “ “Г ” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 02 сарын 26-ны өдөр зарласан БСШУСЯ/201801269 дугаар бүхий XIII.1 1.39 Сургуулийн барилга, 640 суудал /Улаанбаатар, С******* дүүрэг, ******* дугаар хороо/ тендерт оролцсон.

 

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тендерт шалгараагүй тухай мэдэгдэл бидэнд ирүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Тендерийн үнэлгээний хороо нь хууль бус шийдвэр гаргасан тул бид Сангийн яаманд гомдол гаргасан. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн бараа болон ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний алдааг залруулах үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж тендерийн үнэ нь дээр харгалзан үзэж тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж заасан байдаг.

 

Бид энэ бетон зуурмагийн ажлыг бэлтгэх болон бусад жижиг арифметик алдаануудыг барилгын мэргэшсэн төсөвчин М.Г, Г.А нараар төсвийг тооцуулан тухайн сургуулийн барилгад бэлэн бетон зуурмаг авахаар тооцоолон 4.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийн ажлыг 4.174.649.242 төгрөгөөр гүйцэтгэхээр боломжит хамгийн бага үнийн саналыг тендерт санал болгон гүйцэтгэхээр төсвийг баталгаажуулж, тендерийн үнийг 300 орчим сая төгрөгөөр бууруулж тендерийн шаардлага хангасан материалыг илгээж оролцсон.

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороо нь хамгийн өндөр үнийн санал гарган өгсөн “Ф ” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус үйлдэл болсон. Үүнийг Сангийн яам тогтоосон байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах дүнтэй тендерийг сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан байдаг.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тухайн тендерт тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлах гэсэн тухай мэдэгдлийг 2018 оны 06 сарын 11-ны өдөр 2/6231 албан бичгээр, тендерт оролцсон бүх компаниудад хүргүүлсэн гэх боловч манай компанид уг албан бичгийг албан ёсоор гардуулж өгөөгүй дахин зарласан байдаг. Дахин шалгаруулалтад “Ф ” ХХК болон “Х ” ХХК нь оролцсон байдаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хорооны хурал нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж тендерийн үнэлгээг хурлын тэмдэглэлийн хамт гаргасан. Уг хуралд тендерийн хорооны нарийн бичгийн дарга Л.О нь “Г” ХХК-ийн хувьд тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагуудыг хангаж байгааг дурдсан байдаг.

Гэвч бидний үнийн хөнгөлөлт болон дотоодын давуу эрхийн зөрүү зэргийг тооцож үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн ажил үйлчилгээ худалдан авах тухай зүйлийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасны дагуу манай гаргаж өгсөн үнийн санал болох 300 орчим сая төгрөгийн үнийн хөнгөлөлтөд тооцож оруулан тендерийн үнэлгээг дахин явуулахад боломжтой.

“Г ” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэж Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас тендерт шалгарсан “Ф ” ХХК нь шаардлагад нийцэхгүй тендер ирүүлсэн болохыг нотолсон. Сангийн яамнаас манай гомдлыг хянан үзэхдээ зөв шийдвэр гаргаагүй. Үнэлгээний хороо анх хууль бус шийдвэрийг гаргасан. Ашиг сонирхлын зөрчилтэй үнэлгээний хорооны шийдвэр анхнаасаа хууль бусаар гарсан. Сангийн яаманд гомдол гаргахад тендерийг дахин үнэл гэсэн учраас оролцогч 7 компанийн хүрээнд үнэлгээг явуулах ёстой байсан. 

Манай компанид ямар ч албан бичгийг хүлээлгэн өгөөгүй, дахин тендер зарлах болсныг мэдээгүй. Зөвхөн веб сайтад мэдээлэл тавьсан гэдэг тайлбар өгдөг. Бидний хувьд маш их гомдолтой байна. Үнэлгээний хорооны дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгож, оролцогч компаниудын хүрээнд дахин үнэлгээ хийх талаас нь шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Ф ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ф ” ХХК-иас “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/*******92 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Ф ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Шүүхээс “Х” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд “Х” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  ирүүлсэн хүсэлтдээ “маргаж буй захиргааны актын улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн тул цаашид гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно.

Мөн хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь “шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй”  тухайгаа илэрхийлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1. Үйл баримтын тухайд:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “Нийслэлийн С******* дүүргийн ******* дугаар хороонд баригдах 640 суудал бүхий сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хороог байгуулсан байна. 

Үнэлгээний хороо 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тендерийн урилгыг www.tender.gov.mn цахим хаягаар нийтэд зарлаж, тендерийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх, тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулах зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулахыг уг урилгад тусгажээ .

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахимаар 6 компани тендерийн баримт бичиг ирүүлсэн ба Үнэлгээний хороо нээлтийн тэмдэглэл, тендерийн үнийн саналыг жагсаалт үйлдсэн . 

Үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдан  тендерт оролцогч 6 компанийн тендерийг хянан үзээд “Х ” ХХК, “Г ” ХХК, “Т ” ХХК, “Х ” ХХК, “А” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу Тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж тэдний тендерээс татгалзахаар шийдвэрлэж, “Ф ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэж, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж шийдвэрлэсэн байна.

Захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ******* дүгээр албан бичгийг “Ф ” ХХК-д хүргүүлж, мөн өдөр бусад 5 компанид тендерээс татгалзсан үндэслэлийг тодорхой дурдсан мэдэгдлийг  тус тус хүргүүлжээ.

Гэтэл “Х ” ХХК, “Г ” ХХК-иуд Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол  гаргасан бөгөөд Сангийн яамны гомдлыг хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар албан бичгээр ”... “Г ” ХХК, “Х ” ХХК-ийн ...тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна. Захилагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан “Ф ” ХХК-ийн тендерт ТӨХ-ийн 5.3 (в)-д заасан мэдээлэл байхгүй, ...гомдол гаргагч “Ф ” ХХК-ийн тендер ТӨХ-ийн 5.2 (д)-д ...заасныг зөрчсөн мэдээллийг дурдсан байх тул энэ талаар нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн” байна.  

Үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж “... дахин нягтлан тодруулж, “Ф ” ХХК-ийн ирүүлсэн тендерт дуусаагүй ажлын мэдээлэл ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно гэж үзэж тус компанийн тендерээс татгалзаж, Сургуулийн барилга, 640 суудал (С******* дүүрэг ******* дугаар хороо) ажлын тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэж, тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн” байна.

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар албан бичгийн тухайд: 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар  албан бичгээр “ “Ф ” ХХК-ийн тендер ТӨХ-ийн 5.2 (д)-д заасныг зөрчсөн эсэхийг нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн” байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг Сангийн яаманд олгосон байх бөгөөд Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тендерийн баримт бичгүүдийг гаргуулан авч хянан хэлэлцээд, захиалагч хууль зөрчсөн нь баттай тогтоогдсон тохиолдолд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-55.3.3-д заасан аль нэг шийдвэрийг гаргах ёстой байжээ.

Гэтэл Сангийн яам гомдлын үндэслэл болсон захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч “Б г” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга (ЧД, 11 дүгээр хороо)-ын ажлын гэрээ”-тэй холбоотой нягтлан шалгах ажиллагааг хийгээгүй.

Хариуцагч Сангийн яам нь гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч гомдолд дурдсан үндэслэл бүрийг нягтлан шалган, захиалагч болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэхийг хянан шалгаж, тогтоогоогүй байж “...зөрчсөн эсэхийг нягталж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн” шийдвэрлэсэн нь “Ф ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

Иймээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3-д заасантай нийцэхгүй байна. 

Харин Сангийн яам нь гомдол гаргагч “Г ” ХХК, “Х ” ХХК-иудын тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч “Г ” ХХК, “Х ” ХХК-иудаас гомдол, нэхэмжлэл гаргаагүй болно.

3. Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Ф ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийн тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (цаашид ТӨХ гэх)-ийн 5.2 (д)  “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо 3 жил буюу 2015, 2016, 2017 он” гэж шаардлага тавигдсан байна. Харин өөр этгээдтэй түншлэлийн гишүүн болж хийж гүйцэтгэсэн болон дуусаагүй ажилтай холбоотой гэрээ, холбогдох мэдээллийг ирүүлнэ гэж тусгайлан шаардаагүй байна.

Жишээлбэл, ТӨХ-ийн 5.3 (б)  “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих...Хоёр турбум төгрөгөөс...ажлын “үндсэн гүйцэтгэгчээр” ажилласан байна” гэсэн шаардлага тавигдсан байх ба энэ нь зөвхөн “үндсэн гүйцэтгэгчээр” ажилласан байх гэж тусгайлан тодотгон шаардсан байна.

Харин энэ тохиолдолд ТӨХ-ийн 5.2 (д) Ижил төстэй ажил “туслан гүйцэтгэгчээр, түншлэлийн гишүүнээр” гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээллийг мөн ирүүлэх ёстой гэж тусгайлан шалгуур тогтоогоогүй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан тендер шалгаруулалтад “Б г” ХХК оролцон шалгарч, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга (ЧД, 11 дүгээр хороо)-ын ажлын ******* дугаартай гэрээ”  байгуулсан. Уг гэрээнд үндсэн гүйцэтгэгч “Б г” ХХК-ийн захирал Б.А гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. 

“Б г” ХХК нь уг тендерт оролцохдоо “Ф ” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээ”  байгуулж, энэхүү гэрээт ажлын 37 хувийг түншлэлийн гишүүн “Ф ” ХХК хийж гүйцэтгэхээр тохирсон байна.  

Түүнчлэн 2015-02017 онуудад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарлагдсан тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Ф ” ХХК оролцож байгаагүй, тус газартай гэрээ байгуулж ажил гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 6/2430 дугаар  албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. 

Тендерт оролцогч нь зөвхөн тендерийн баримт бичиг болон ТӨХ-д заасан шалгуур, шаардлагын дагуу тендер бэлтгэн оролцох бөгөөд харин нэхэмжлэгч “Ф ” ХХК-ийн хувьд ирүүлсэн цахим тендерийн баримт бичгээс  үзэхэд ТӨХ-ийн 5.2 (д) заасан шаардлагатай холбогдуулж 2015, 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг он тус бүрээр гаргаж, холбогдох гэрээ, актуудыг хавсаргасан байна. 

Иймээс “Ф ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТӨХ-ийн 5.2 (д) заасан дуусаагүй ажлын мэдээллийг дутуу ирүүлсэн тул “шаардлагад нийцээгүй тендер” гэж,  тус компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хууль бус бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасантай нийцэхгүй байна. 

Харин Үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж “Ф ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчөөгүй байх тул захиалагч нь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Ф ” ХХК-тай гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, “Ф ” ХХК ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заагдсан нөхцөл, шаардлагуудыг хангасан байх тул “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Ф ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 -т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.3 заасныг тус тус баримтлан “Ф ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6-1/*******92 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Ф ” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сангийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА