Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0593/З |
Дугаар | 221/МА2022/0696 |
Огноо | 2022-11-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0696
|
|
|
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б,
Нэхэмжлэгч: “К” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: ““К” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011921 дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авахуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг хариуцагчид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У
Хэргийн индекс: 128/2020/0593/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр:
“Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “К” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011921 дугаар тусгай зөвшөөрөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авахуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт: “”Ашигт малтмал, газрын тосны газар болон Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс “К” ХХК-ийн хүсэлтэд хүсэлтэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас татгалзсан санал ирүүлсэн гэсэн үндэслэлүүдээр удаа дараа татгалзсаар ирсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.8, 19-д заасан холбогдох заалтуудад нийцээгүй хууль бус байна. Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах л эрх олгосон дахин энэ талаар санал авахыг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бол “санал дахин авахаас татгалзах эрхгүй” гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Учир нь “К” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахад төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар ажиллагаа хийх талаар Цөмийн энергийн тухай хуульд тодорхой заасан байна. Энэ хуульд заасан журмын дагуу Цөмийн энергийн комисс, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус тус албан бичгээр санал авах ёстой. Холбогдох хууль журмын дагуу манай байгууллагаас санал авах ажиллагааг явуулсан, хариу бичгүүд ирсэн, тэдгээр саналуудыг үндэслээд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан.
2.2.“К” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсэж, улмаар шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлалаар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 тоот шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Шүүхээс нэгэнт Кадастрын хэлтсийн даргын 540 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт мөн гэж дүгнэсэн байхад дахин санал аваад дээрх шийдвэрийг өөрчлөх боломжгүй болно.
Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “К” ХХК-иас ““К” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-011921 дугаар тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авахуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож,
Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.
2.Анх Цөмийн энергийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 11921Х дугаар тусгай зөвшөөрлөөр[1] “К” ХХК-д Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан нэртэй газар орших 38528 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 18-ныг дуустал хугацаагаар олгож, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 589 дүгээр шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан.
3.Нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[2] гаргасан.
4.Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/7081, 7/7082 дугаар албан бичгүүдээр[3] Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт хандан нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах хүсэлтийг хүргүүлжээ.
5.Уг саналтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/154 дугаар албан бичгээр[4] “тусгайлсан саналгүй”,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаар албан бичгээр[5] “...ашиглалтын тусгай зөвшөөрөл “Бадрах энержи” ХХК-д олгогдсон тохиолдолд ... “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн... 03 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй”,
Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/218 дугаар албан бичгээр[6] “...Цөмийн энергийн комиссын ээлжит хуралдаанаар “Бадрах энержи” ХХК-тай 2016 онд байгуулсан “Орд ашиглах гэрээ”-ний биелэлтийг гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлтэд санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв” гэх хариуг тус тус өгчээ.
6.Дээрх саналуудыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр[7] “К” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
7.Дээр дурдсан 540 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч компаниас эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 502 дугаар магадлалаар[8] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч компаниас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/12, 2020/11 дугаар албан бичгүүдээр[9] Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын албанд тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар тодорхой саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх тухай хүсэлтийг гаргасан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11/435 дугаар албан бичгээр[10] “.. санал өгөх боломжгүй талаар тус газраас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно” гэж,
Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/174 дүгээр албан бичгээр[11] “... танай компанид цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд уг асуудлыг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой” гэх хариуг тус тус өгсөн.
9.Үүний дараа нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал газрын тосны газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/018 дугаар албан бичгээр[12] “манай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-011921 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авах” хүсэлтийг дахин гаргасан.
10.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1758 дугаар албан бичгээр[13] “...тус тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эрх зүйн маргаан үүсэж, хэлэлцэх шатанд хянагдаж байгаа тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгсөн.
11.Нэхэмжлэгч компаниас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/031 дүгээр албан бичгээр[14] Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандан гомдол гаргасныг тус газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/2660 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасны дагуу дуусгавар болсон...холбогдох байгууллагуудаас дахин санал авах үндэслэлгүй” гэж хүсэлтийг хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна.
12.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно”,
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1-д “Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд давуу эрхээр олгож болно: энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол”;
Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Энэ хуулийн ... 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж тус тус заажээ.
13.Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авахуулах хүсэлтийг дахин 2020 оны 04 дүгээр сарын 03, 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд хариуцагчид гаргасан.
Гэтэл хариуцагчаас “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, холбогдох байгууллагуудаас 2019 онд санал авч татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 502 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.
14.Учир нь дээр дурдсан шүүхийн 502 дугаар магадлалаар нэхэмжлэгч компанийн 2018 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн хариуцагчийн 2019 оны 540 дугаар шийдвэрийг хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн.
Иймээс энэхүү шүүхийн магадлал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримттай холбоотой өмнөх зөрчлүүдийг арилгаж, дахин ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос саналыг авахуулахаар 2020 онд дахин хариуцагчид хандсан нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хариуцагч захиргаанаас хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.
Нөгөө талаас дээр дурдсан Цөмийн энергийн тухай хуульд зааснаас үзэхэд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дахин авах зорилгоор эрх бүхий этгээдээс хуульд заасан холбогдох байгууллагын саналыг дахин авахыг шаардах, эрх бүхий этгээдээс холбогдох байгууллагын саналыг дахин авах нөхцөл байдлыг хориглосон агуулга бүхий хуулийн зохицуулалт байхгүй байна.
15.Иймд анхан шатны шүүхийн “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болчихсон бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглоогүй, ... хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхыг захиргааны байгууллага, албан тушаалтан нь компаниас шаардах эрхгүй... захиргааны байгууллага уг өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах л эрх олгосон, дахин энэ талаар санал авахыг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бол “санал дахин авахаас татгалзах” эрхгүй... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлал... ашиглалтын тусгай зөвшөөрөл дахин авах эрхгүй болохыг тогтоосон шийдвэр биш, магадлалд тийм агуулга бүхий дүгнэлт байхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Харин хариуцагчийн “холбогдох хууль журмын дагуу манай байгууллагаас санал авах ажиллагааг явуулсан, хариу бичгүүд ирсэн, тэдгээр саналуудыг үндэслээд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Шүүхээс нэгэнт Кадастрын хэлтсийн даргын 540 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт мөн гэж дүгнэсэн байхад дахин санал аваад дээрх шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 14-19 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 238-239 дэх тал
[3] Хэргийн 1-р хавтас 96-97 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 94 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 95 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 92-93 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 86 дахь тал
[8] https://shuukh.mn/single_case/4426?daterange=2021-01-01%20-%202022-11-24&id=2&court_cat=3&bb=1
[9] Хэргийн 1-р хавтас 21, 23-24 дэх тал
[10] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 26 дахь тал
[13] Хэргийн 1-р хавтас 28 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 34-36 дахь тал