| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.П-д холбогдох 2134000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн ДЭХГ-ын 1 дүгээр зууханд галч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн А овогтой П /РД:НЗ.............../ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Д-ын зүүн хацарт нь тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Л.Д-ын зүүн хацарт нь тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Д-ын өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед гэртээ байсан. 11 цаг өнгөрч байхад хамтран амьдрагч А.П нь гаднаас эрүүл орж ирсэн. Р орж ирээд мөнгө асуухаар нь миний виза картад 20.000 төгрөг байгаа гэж хэлсэн. Би наад мөнгөөр чинь цагаан сарын баярын юм бэлдэх гэж байна, чамтай хамт ажиллаж байгаа хүний утас руу залгасан утсаа авахгүй байна, чи өөрийнхөө утсыг аваад явахгүй яасан юм бэ, архи уусан юм уу, хаана хоноод ирж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн П нь бид нар архи уусан ч яадаг юм, чамд хамаагүй, танайхны мөнгөөр архи уугаагүй, би өөрөө ажил хийж мөнгө олоод тэр мөнгөөрөө архи ууж байна гэсэн. Тэгэхээр нь хүмүүстэй нийлж архи уулаа, дураараа гадуур хоноод ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чам шиг хөгшин юмыг яасан ч яадаг юм бэ гэж хэлээд намайг заамдаад орон дээр дарж унагаагаад барьж байгаад татаж байсан тамхиараа миний нүүрний зүүн талын хацар дээр дараад түлсэн. Тэгэхээр нь манай хөрш Л гэх залуу байдаг юм, би хамаг чангаараа Лхагваа намайг хүн алах гээд байна цагдаа дуудаарай гэж хашхирсан. Тэгсэн П гараад явсан. П гараад явсных нь дараа би гэрийнхээ гадна сууж байхад Л ирээд утсаа өгөөд чи өөрөө ярь гэхээр нь би Л-д хандан чи дуудчих гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Ш.Л-ийн өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед гэртээ байж байгаад бие засах гээд гэрээсээ гараад явж байтал Д нь гараа барьчихсан манай бие засах газрын хажууд уйлаад сууж байснаа надад хандан утсаараа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаа дуудаж өгчхөөд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн №.. дугаартай шинжээчийн “...1, 3. С.Б биед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд Л.Д биед зүүн хацарт түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь халуун зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.П болон хохирогч Л.Д нар нь 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 47 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 19-ний өдөр 12 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 52 дугаар хуудас/ 2021 оны 02 сарын 19-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч А.П-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч А.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.П-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн А овогтой П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН