| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0048/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Н.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сувд-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох 176/2021/0048/Э индекстэй, эрүүгийн 2134000000024 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, ээж, охины хамт амьдрах, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Н овогтой С /РД: ШД......../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалан 1 дүгээр багийн “Мухар” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр туслах малчнаар хамт ажилладаг Ц.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар онц харгис хэрцгийгээр түүний баруун чихний дэлбэнг хутгаар огтолж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2134000000024 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ц.С-ын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-22-ны үеэр байсан сайн санахгүй байна. Би гэртээ байж байхад гаднаас С манай гэрт орж ирсэн. Би мах ид гээд тавагтай мах дөхүүлж өгсөн. Бид 2 хонь малын талаар ярилцаж байгаад С ярьсан зүйлээс өөр сэдэвтэй зүйл яриад байхаар нь муу дүлий пизда гээд хэлсэн чинь С чи чихтэй сонсдог, би чихгүй сондоггүй юм байна чиний чихийг огтлоод авна гэхээр нь май харъя чамайг пизда минь гэж хэлсэн чинь мах идэж байсан хутгаараа миний чихийг зүсэх шиг болоод халуу оргиж цус гарсан. Би орилоод чи муу пизда миний чихийг огтлоод хаячихлаа шүү дээ гэсэн чинь С юм хэлээгүй, чичрээд зогсоод байсан. Гаднаас бид 2-той хамт айлын мал малладаг Н орж ирээд юу болоод байгаа юм бэ С чи хүний чих таслаад хаячихлаа шүү дээ гэж хэлээд даавуугаар миний чихийг дарж байсан. Удалгүй сумын төвөөс Ц ирээд С Ц бид 3 явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Н-ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр 18 цаг болж байсан байх манайд С чихээ юмаар боогоод малгайгаараа дарсан орж ирсэн. Би С-г эмнэлэг яваач гэсэн чинь явахгүй гээд байсан. Багануурт хагалгаанд ороход би нэг өдөр сахисан. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ц-ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-н хэдэн байсныг мэдэхгүй байна. 4 цагийн үед С мориноос унасан гээд утсаар залгасан. Би нөхрийгөө явуулах гэсэн боловч хөдөө яваад ирээгүй байсан болохоор нь би өөрөө очсон. Намайг очиход цус нөж гэх юм байгаагүй. Чихээ даавуугаар дарсан байсан. Би замдаа явж байхад нь та нар архи дарс уусан уу, зодолдсон уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд би сумын төвд ирээд эгчийнд нь хүргээд буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Н-ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байхаа 10 цаг юм уу 11 цагийн үед гэрт байж байхад С орж ирсэн. Би гадаа гарч үхрийн баас арилгах гээд гарсан. Удалгүй гэрт хүн орилхоор нь ороод ирсэн чинь Счихээ дарсан, ор цус болсон байж байсан. Би орж ирээд юу болж байна гэсэн чинь С би чихийг нь огтолчихлоо гэж хэлсэн. Би сандраад сумын төв рүү Ц рүү залгаад ирж авахгүй бол болохгүй нь гэж утсаар ярьсан. Ц ирээд С, С хоёрыг аваад явсан. Тасарсан чихийг даавуунд боогоод машинд хийгээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Ц-ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр самарт явах гээд дэлгүүрт явж байхад Ц танай дүү хүнтэй зодолдоод хүний чих гэмтээсэн юм шиг байна гэсэн. Тэгээд би хаана байгаа юм гэсэн чинь хаяг зааж өгөөд очиход С, манай дүү С бас айлын хүмүүс байсан. Тэгсэн манай дүү С дүү нь хүний чих ийм болгоод хаячихлаа гэж байсан. С би эмнэлэгт үзүүлэхгүй зүгээр гээд байсан, бас мориноос унасан гэж байсан. Тэгээд Багануур дүүрэгт шөнийн 04 цагт ирээд маргааш өглөө нь эмнэлэгт хэвтүүлээд арьс нөхөх хагалгаа хийх боломжтой гэхээр нь энд эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /х-ийн 24-25 дугаар хуудас/,
Төв аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №29 дугаартай “...1.Ц.С-ын биед баруун чихний дэлбэнгийн тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 15% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45 дугаар хуудас/, Ц.С-ын Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, холбогдох бусад материал /хх-ийн 46-96 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалан 1 дүгээр багийн “Мухар” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр туслах малчнаар хамт ажилладаг Ц.С-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар онц харгис хэрцгийгээр түүний баруун чихний дэлбэнг хутгаар огтолж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ц.С, гэрч Ц.Н, Ц.Ц, С.Н, Н.Ц нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон М Ц.С-ын биед баруун чихний дэлбэнгийн тасрал бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 29 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.С-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд Н.С нь Ц.С-т 2.000.000 /хоёр сая/ төгрөг эмчилгээний зардалд өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.С-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.С-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар бие махбодийн шаналал зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар уг гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчоос нэхэмжилсэн хохирлын баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Н овогтой С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.С-ыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Шүүгдэгч Н.С нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Эрүүгийн 2134000000024 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН