| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.У-т холбогдох 2134000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Улсын 1 дүгээр Төв эмнэлгийн дотоод шүүрлийн тасагт туслах сувилагч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Т овогтой У /РД:НС........../ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Т.У нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн байрнаас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Цэ-ийн Самсунг С9 плас маркийн гар утсыг хууль бусаар авч бусдад 646.700 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Т.У нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн байрнаас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Ц-ийн Самсунг С9 плас маркийн гар утсыг хууль бусаар авч бусдад 646.700 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь:
Хохирогч Д.Ц-ийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орой 19 цагийн орчимд өөрийн төрсөн эгч болох Даваахүүгийнхээ ач хүү Батдэлгэрийг үзүүлэх зорилготой Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг руу ордог хаалганы дэргэд байх өлгүүр гадуур хувцсаа өлгөж, гутлаа тайлаад улавч өмсөөд дотогш хүлээн авах тасаг руу орсон. Тэгээд эмч нь байхгүй байсан шалтгаанаар 20 орчим минут хүлээж суусан. Дараа нь эмч орж ирээд 10 орчим минут үзсэний дараа Батдэлгэр бид хоёр гараад очиход үүдэнд үлдсэн манай эгч болох Даваахүү орой болсон байна, машинтай хүүгээ дуудчих гэхээр нь би хүү болох Батаагаа дуудах гэж залгахаар утсаа үзэхэд утас минь байхгүй байсан. Тэгтэл манай эгч 80327743 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгтэл манай эгч миний энд байх хугацаанд нэг л хүн эргэлт өгөхөөр орж гарсан, авсан бол тэр хүн л авсан байх, тэр эргэлт авсан хүнээс эргэлт өгсөн хүнийх нь утасны дугаарыг авч холбогдох хэрэгтэй гэхээр нь би сувилагч болох Энхзулаар утасны дугаарыг нь авхуулж Энхзулын утсаар залгасан. Тэгээд нэг эмэгтэй хүн утас авахаар нь сувилагч Энхзул манайхаар үйлчлүүлж байсан хүний утас алга болсон байна, танд мэдэж байгаа зүйл байна уу гэж асуухад нөгөө эмэгтэй би тийм юм мэдэхгүй, намайг гэж бодож байвал камер шүүгээд нотолбол над руу залга гэж ширүүхэн хэлэхэд нь цагдаад хандана шүү гэхэд тэг тэг цагдаа руу явуулчих гэж хэлсэн. Үүний дараа би цагдаагийн байгууллагад хандсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн өгсөн: “...Цэцгээ бид хоёр 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр уулзсан. Тухайн өдрийн 17 цагийн орчимд уулзаад юм ярьж сууж байгаад Цэцгээ аав руугаа яваад ач хүү болох Батдэлгэрийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод ач хүүгээ хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай гэхээр нь дүү Ц- дуудсан. Ц18:40 цагийн орчимд хүүхдийн тасагт ирээд миний ач хүү болох Батдэлгэрийг аваад эмчийн өрөө рүү орсон. Тэр хоёрыг эмчийн өрөө рүү явахад би эмнэлгийн хувцасны өлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байх үйлчлүүлэгчийн сандал дээр сууж үлдсэн. Ц, Батдэлгэр хоёр орохдоо гадуур хувцсаа өлгүүр өлгөөд орхисон. Тэгээд ойролцоогоор 20 орчим минутын дараа гаднаас 2 гартаа тортой юм барьсан, богино хар өнгийн өвлийн хүрэмтэй, дунд зэргийн нуруутай, дунд зэргийн махлаг эмэгтэй орж ирээд өлгүүрийн тавцан дээр2 тортой зүйлээ тавьчхаад гар утсаараа хүн дуудсан. Төд удалгүй цаанаас толгой доо алчуур боосон, ягаан өнгийн халаадтай, нялх биетэй гэмээр эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тэр хоёр ойролцоогоор 20 орчим минут уулзсаны дараа эмчлүүлж байсан эмэгтэй 2 тортой юмаа аваад цааш орсон. Дараа нь эргэлтээр ирсэн эмэгтэй өлгүүрийн дэргэд сууж байгаад босоод хэсэг тойрч алхаж байгаад гараад л явах шиг болсон. Тэгээд л манай хоёр гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ж-ын өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай найз У намайг Зуунмод орж ээжийгээ эмнэлэгт эргээд ирье яваад өгөөч гэж гуйхаар нь би хамт ирсэн юм. Ингээд би машиндаа эмнэлгийн гадаа хүлээж байсан эмнэлэгт хүмүүсээ эргэчхээд гарч ирээд машинтайгаа хөдлөөд Зүүндэлгэрийн урд явж байтал утас руу хүн залгаад эмнэлэгт хүн эргэсэн хүн мөн үү гэхээр нь мөн гэтэл би сая эмнэлэгт гар утсаа алдчихлаа ирээд шалгуулаад өгөөч гэхээр нь би У-т хандаж юун утас гэж асуухад би сандал дээр байсан гар утсыг авчихсан юм гэхээр нь би аваачиж өгье гэж хэлээд буцаад эмнэлэг дээр ирээд У гар утсаа аваад эмнэлэг рүү ороод өгчхөөд гарч ирсэн. Өөр зүйл би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
“ЭМ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “ Нийт дүн 646.700 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 19-25 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.У болон хохирогч Д.Ц нар нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 24-ний өдөр 20 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 67 дугаар хуудас/ 2021 оны 02 сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.У-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Унь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Т.У-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.У-т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Т овогтой У-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ийг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.У нь шүүхээс тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн 2134000000048 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН