| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0074/И |
| Дугаар | 131/ШШ2017/00158 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилга сан техникийн ангид барилгын өнгөлөгчөөр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлэгт бохирын цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар О.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Барилгын цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1982 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжид Нэгдсэн больницын даргын 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 тоот, 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 тоот тушаал, түүний 1988-1994 онуудад авч байсан цалинг Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 167 тоот албан бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилга сан техникийн ангид барилгын өнгөлөгчөөр ажиллаж байсан болох нь тус ангид 1980 онд БТМС төгсөж ирээд ажиллаж байсан Алтангэрэл овогтой ******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх тухай” Барилгын цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1982 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр
1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжид Нэгдсэн больницод патанатомын перпрадчин, бохирын цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүнийг патанатомын перпрадчнаар ажилд томилсон “Ажилчид авах тухай” Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжид Нэгдсэн больницын даргын 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38 тоот тушаал, түүнийг патанатомын перпрадчины ажлаас чөлөөлөж бохирын цэвэрлэгчээр ажилд томилсон “Өөр ажилд шилжүүлэх тухай” Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжид Нэгдсэн больницын даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 тоот тушаал, түүний 1988-1994 онуудад авч байсан цалинг Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Н№54, Б№01, ХН67, 69, 87, 91, 107 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 167 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилга сан техникийн ангид барилгын өнгөлөгчөөр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжид Нэгдсэн больницод патанатомын перпрадчин, бохирын цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ