| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сувд-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох 176/2021/0046/Э индекстэй, эрүүгийн 2034005850601 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Заамар суманд уул уурхайн оператор ажилтай, ам бүл 3, ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д овогтой Ү /РД: НБ............./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ү нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум Цогт-Өндөр 2 дугаар баг Баянбуурал гэх газар иргэн М.Зо-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү-ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2034005850601 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч М.З-ийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-ний өдөр Улаанбаатар хотоос нөхөр А хүүхдийн хамт мөн гэр бүлийн найз С эхнэр 2 хүүхэдтэйгээ тусдаа машинтай нөхөр Алтангэрэлийн ажлынх нь Үрлээ гэх залуугийнд анх удаа амрахаар Төв аймгийн Баянбуурал амралтын газрын зуны байранд ирсэн. Тэгээд тэнд орой ирсэн болохоор хоол унд идэж уучихаад архи виски хуваагаад бүгд хэрэглэсэн. Шөнө 02 цагт маргааш нь буцах байсан болохоор нөхөр А найз С нар машин барьж явна гээд эрт унтчихсан. Ү гэх залуу түүний эхнэр Н бид нар юм яриад ууж байтал Ү нэлээн согтчихсон байхаар нь одоо унтаад амарчих гэсэн чинь агсам согтуу тавиад Н чи одоо боль гэсэн чинь алгадаад тэгээд над руу дайрч намайг мөргөсөн. Тэгээд л нөхөр маань сэрж болиулах гэсэн чинь болихгүй нөхөртэй маань зодолдоод тэгээд болохгүй байхаар нь цагдаа дуудчих гэж манай нөхөр хэлэхээр нь би амралтын байрнаас гараад үүдэнд зогсож байсан чинь араас гарч ирээд толгой уургалж боосон. Арай хийж салгатал хөл рүү өшиглөсөн. Тэгээд амралтын цагдаа ирсэн. Үрлээ гадаа байж байснаа зугтсан байсан. Маргааш нь машинаараа сумын эмнэлэг, цагдаад мэдэгдэж буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хотоос эхнэр хүүхдүүдтэйгээ, найз Сэхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд байх хамт ажилладаг Ү-ийнд орой 22 цагийн үед очсон. ТЭгээд хоол цай идэж уугаад Баянбуурал амралтанд очиж амарч архи виски ууцгаасан. Тэгээд шөнийн 01 цаг хүртэл хамт ууж ярьж хөөрч байгаад С бид хоёр машин барьж буцах учир эрт унтсан. Манай эхнэр мөн Н, Ү түүний эхнэр Х нар юм яриад үлдсэн. Тэгээд шөнө гэнэт хүмүүс маргалдаад байхаар нь сэрсэн чинь Ү, манай эхнэр, Н нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Ү-г болиулах гээд орон дээр дарж хэвтсэн. Агсам тавиад болохгүй байсан. Тэгээд эхнэрийг цагдаа дууд гэсэн чинь гарч үүдэнд байсан манай эхнэрийг мөргөж, хөл гар руу нь цохиод, түлхэж унагаасан. Тэгээд зугтсан байсан. Цагдаа ирээд хайгаад олоогүй. Өглөө нь үүрээр бид нар сумын эмнэлэг орж цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №9971 дугаартай “...1. М.З-н биед зүүн нүдний доод зовхи, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн гарын 1, 2-р хурууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч М.З-ийн Төв аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ү нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум Цогт-Өндөр 2 дугаар баг Баянбуурал гэх газар иргэн М.З-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч М.З, гэрч Б.А нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон М.З-ийн биед зүүн нүдний доод зовхи, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, шуу, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн гарын 1, 2-р хурууны шарх бүхий гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9971 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Ү-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Ү-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч М.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ү-ээс баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй, хохирогч М.З-тай холбогдох боломж байхгүй байх тул хохирогч М.З-г хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ү-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Ү-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д овогтой Ү-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ү-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.З-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН