Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 04

 

 

 

 

2020         12            24                                 2020/ШЦТ/04

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,

нарийн бичгийн дарга: А.Солонго,

улсын яллагч: Э.Ариунболд,

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2006 02576 2758 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** ***** төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, ээж, дүү нарын  хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Г,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Яллагдагч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 24 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвийн урагшаа харсан хаалганы дотор хэсэгт байх баруун талын шатан дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Б-тай маргалдан улмаар араас нь тэврэн дээш өргөн газар луу толгой хэсгээр савж унагаан биед нь дагз ясны зүүн талд дагзны том нүх дайрсан хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хаван гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                                                                  

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 21-нд 15-16 цагийн хооронд Баялаг ундраагийн ард бид 2 архи уусан ба согтуурлын байдалд орсон. Бид 2 анх Баялаг Ундраад ажиллаж байхдаа танилцсан. Бид 2 архи уумаар санагдаад хараа 0.5 литрийн архийг цуг архи уусан. Тэгээд бид 2 архиа уусан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт очоод сэргэсэн. Эмч намайг тархины зураг даруул гэсэн ба тархиндаа цус хуралтай болсон байна гэж хэлсэн. Ээж ирээд надад эмнэлэгт хэвтэхээр болсон гэсэн. Зүүн талдаа цус хурсан, гавлын ясны цууралттай байна түргэн хагалгаанд орох ёстой гээд хагалгаанд орсон. Эмнэлэгт 14-15 хоносон. Би 9, 11 сард татаж унасан. Урьд нь татаж унадаггүй зүгээр байсан. Гэмтлийн эмнэлгээс эм бичиж өгсөн. Эмчийн хяналтад орж байгаа. Хохирол төлбөрт 4.470.000 гаруй мөнгийг нэхэмжилж байна. Хагалгаанд 600.000 төгрөг, ор хоногийн 100.000 гаруй төгрөг, 2 долоо хоног эргэлтийн мөнгө гээд 220.000 гаруй төгрөг, асаргааны мөнгө 20.000-30.000 төгрөгийн баримт, би өдрийн 20.000 төгрөгөөр бодоод 200.000 төгрөг болсон. Хархориноос ор хөнжлийн даавууг 35.000 төгрөг болсон” гэв.

         

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 02-03/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд:

С.Б гэсэн бичигтэй 1 ширхэг цагаан өнгийн сидиг тооцсон тэмдэглэл /хх-н 45/, шүүгдэгчийг эрэн сурвалжилсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 38-39/, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн прокурорын санал /хх-н 50/, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 202/ЦХШЗ/373/я шүүгчийн захирамж /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6604 дугаар дүгнэлт /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Гас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21, 46-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, хохирогчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын баримт /хх-н 81-85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 24 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвийн урагшаа харсан хаалганы дотор хэсэгт байх баруун талын шатан дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Б-тай маргалдан улмаар араас нь тэврэн дээш өргөн газар луу толгой хэсгээр савж унагаан биед нь дагз ясны зүүн талд дагзны том нүх дайрсан хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хаван гэмтэл бүхий хүнд хохирол санаатай уучруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б-ын өгсөн ...Бид 2 архи уумаар санагдаад хараа 0.5 литрийн архийг цуг архи уусан. Тэгээд бид 2 архиа уусан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт очоод сэргэсэн. Эмч намайг тархины зураг даруул гэсэн ба тархиндаа цус хуралтай болсон байна гэж хэлсэн. Ээж ирээд надад эмнэлэгт хэвтэхээр болсон гэсэн. Зүүн талдаа цус хурсан, гавлын ясны цууралттай байна түргэн хагалгаанд орох ёстой гээд хагалгаанд орсон. Эмнэлэгт 14-15 хоносон. Би 9, 11 сард татаж унасан. Урьд нь татаж унадаггүй зүгээр байсан. Гэмтлийн эмнэлгээс эм бичиж өгсөн. Эмчийн хяналтад орж байгаа. Хохирол төлбөрт 4.470.000 гаруй мөнгийг нэхэмжилж байна. Хагалгаанд 600.000 төгрөг, ор хоногийн 100.000 гаруй төгрөг, 2 долоо хоног эргэлтийн мөнгө гээд 220.000 гаруй төгрөг, асаргааны мөнгө 20.000-30.000 төгрөгийн баримт, би өдрийн 20.000 төгрөгөөр бодоод 200.000 төгрөг болсон. Хархориноос ор хөнжлийн даавууг 35.000 төгрөг болсон” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч  С.Б-ын өгсөн... Нарантуул зах дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байгаад зүс таних Г гэх залуутай таарсан. Тэгтэл Г мөн адил архи согтууруулах  ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул бид хоёр нийлэн 1 шил архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул бид хоёр нийлэн 1 шил архи хувааж уусан. Ингээд 17 цагийн орчим Баялаг-Ундраа төвийн урагшаа харсан хаалганы дотор хэсэгт байх баруун талын шатан дээр алхаж байтал Г-тай хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Юунаас болж хэрэлдэж маргалдсан эсэхээ би тодорхой санахгүй байна. Учир нь бид хоёр хоёулаа их хэмжээний согтолтой байсан. Ингээд хэрэлдэж байтал Г миний араас тэврээд хойшоогоо савсан тул би шалан дээр толгойны зүүн ард хэсгээрээ унасан. Тэгээд би ухаан алдсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Тэр үед ээж хажууд байсан ба аль эмнэлэгт хэвтэж байгаагаа мэдээгүй. Мөн миний гавал тархины зүүн ард хэсэгт цусан хураа үүсч хугарал үүссэн тул хагалгаанд орох шаардлагатай болсон. Тухайн гэмтлийг Г гэх залуу миний араас өргөж байгаад газар савж унагаан гэмтэл учруулсан.” /хх-н 13-14, 46-48/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6604 дугаартай

 1.С.Б-ын биед дагз ясны зүүн талд дагзны том нүх дайрсан хугарал, хугаралын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархин хаван гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5.Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 16-17/,

 

Яллагдагч Б.Г-н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Б гэх хүнийг таньдаг болоод 2 жил болж байна. Манай найз бөгөөд Нарантуул зах дээр наймаа хийж байгаад танилцсан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б бид хоёр Нарантуул зах дээр зүс таних 2-3 хүнтэй 2 шил 0.75 литрийн архи уусан. Ингээд өдөр 14 цагийн орчим Б бид хоёр тухайн хүмүүсээс салаад явсан бөгөөд Баялаг-Ундраа төвийн баруун талд алхаж яваад үл ялих наймааны асуудлаас болж Б-тай маргалдсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Б-ын хоёр мөр рүү нь хоёр гараараа түлхсэн. Араас нь тэвэрч аваад өргөж шидсэн. Тэгтэл Б газар нуруу хэсгээрээ унасан. Ингээд би Б-ыг тухайн газар хаячихаад явсан. Тухайн үед С.Б-ын биед ямар гэмтэл учирсан талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21, 46-47/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 40/, мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 24 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвийн урагшаа харсан хаалганы дотор хэсэгт байх баруун талын шатан дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Б-тай өмнөх наймааны мөнгөнөөс авах асуудлаас болж маргалдан улмаар  түүнийг араас нь тэврэн дээш өргөн газар луу толгой хэсгээр савж унагаан биед нь дагз ясны зүүн талд дагзны том нүх дайрсан хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хаван бүхий хүнд гэмт хохирол санаатай  учруулсан нөхцөл  байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Гас эмчилгээний зардалд 1.455.900 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-д олгох, хохирогч С.Б цаашид гарах эмчилгээний зардлын талаар, мөн бусад зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г-н 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-н 3 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-н цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 1.455.900 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-д олгох, С.Б цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

              8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН