Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 695

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч: БСШУСЯ-ТНБД-д холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл эцсийн хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Д.О нь 1997-2002 онд Москва хотын автозамын их сургуулийг автоматжуулалтын инженер мэргэжлээр суралцаж төгсөж, 2006 онд Москва хотноо Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 

2006 онд төгссөнөөс хойш Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж, Монголын технологи дамжуулах төвд мэргэжилтэн, Эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан болно. 

2010 оны 02 дугаар сараас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газарт /хуучин нэрээр/ төрийн албанд ажилд орсоноос хойш тус яаманд тасралтгүй ажилласан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/208 тоот тушаалаар тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдож, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. 

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа байгууллагын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг бүрэн ханган ажиллаж байна. Миний хариуцан ажиллаж байгаа Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын ажлын биелэлт хангалттай сайн байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын үзэл баримтлалыг батлуулж, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлэн болгосон. 

Мөн Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зохих хууль, журмын дагуу боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулсан. 

Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчлах журам, Инновацийн үйл ажиллагаанд оролцогчдод грант олгох журам, Үндэсний инновацийн шагнал олгох журам зэрэг баримт бичгүүдийн Засгийн газрын хуралдаан, бусад газраар хэлэлцүүлэн батлуулсан. 

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, эрдэм шинжилгээний байгууллагад суурь санхүүжилт олгох, шинжлэх ухааны салбарын ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгох, шинжлэх ухааны салбарын 2019 оны төсөв, хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах зэрэг томоохон асуудлуудыг боловсруулан дуусгаж, батлуулахад бэлэн болгоод байсан. 

Гэвч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч намайг өрөөндөө дуудаад, “ажлаас чөлөөлөх” талаар мэдэгдсэн. Уг ажлаас чөлөөлөх мэдэгдэлд намайг төрийн албанаас чөлөөлөх “ямар ч нөхцөл байдал бүрдээгүй, үндэслэлгүй тул санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлсэн. 

Тухайн өдрөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 тоот тушаал гарсан. 

Хариуцагчийн гаргасан “ажлаас чөлөөлж” байгаа захиргааны акт нь “Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг тус тус үндэслэж, намайг төрийн албанд ажиллах эрхгүй, албан ажлаа гүйцэтгэх боломжгүй болгож эрх ашгийг минь ноцтойгоор зөрчсөнөөс гадна, тушаалын үндэслэж буй хуулийн заалтууд “төрийн албан хаагчийг чөлөөлөх буюу ажлаас нь нэг мөр халах” үндэслэл болохгүй, хуульд нийцээгүй, хуульд үндэслэгдээгүй захиргааны акт гэж үзэж байна. 

Учир нь төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа зэргийг “Төрийн албаны тухай хууль”-иар “нарийвчлан” зохицуулсан. 

Хэрэв төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг шийдвэрлэх гэж байгаа, зохицуулах гэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн зохих хуулийн заалтууд, нөхцөл бүрдсэн, хангагдсан, тогтоогдсон байж ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Захиргааны актад Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй байна. 

Миний бие тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн үүргийг биелүүлж байх хугацаандаа ажлаа зохих хууль журмын дагуу гүйцэтгэн биелүүлж ирсэн ба аливаа хариуцлагийн арга хэмжээ, Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл зэргийг хүлээж байгаагүй болно.

Хариуцагчийн гаргасан хууль зөрчсөн захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж, гомдол гаргасан. 

Төрийн албаны зөвлөл 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 828 тоот хариу албан бичигтээ... “Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ...энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан маргааныг шийддэг тул харьяалан шийдвэрлэх боломжгүй байна”... гэсэн хариу ирүүлсэн. 

Энэхүү албан бичгийн утга, агуулгыг үзэхэд намайг “ажлаас чөлөөлөх буюу ажилгүй болгосон” захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг хэрэглээгүй тул Төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Төрийн албаны төв байгууллага нь хүртэл миний гомдлыг шийдвэрлээгүй. 

Иймд хариуцагчийн гаргасан захиргааны акт нь хууль зөрчсөн, намайг “төрийн албанаас чөлөөлөх буюу ажилгүй болгох” үндэслэл бүрдээгүй байхад ажилгүй болгосонд гомдолтой байгаа бөгөөд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Нэхэмжлэлийг минь хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч БСШУСЯ-ТНБД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Д.О-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Н-ын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох эцсийн хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжпэлийн шаардлага хууль эрх зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. 

1. Нийслэлийн Сүхбаатар дүргийн Прокурорын газрын прокурорын “Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэлд “... дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Монгол Улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан өөрөөр хэлбэл тус яамны хуулийн хэлтсийн дарга, төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь тамга тэмдэг солиулахдаа “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвшмэл хуудас нийтлэх, хэрэглэх заавар”-ын заалтыг дагаж мөрдөөгүй, тамга тэмдгийг шалгаж аваагүй албан үүрэгтээ хайнга хандаж улмаар төрийн байгуулагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна”, “... эрх бүхий албан тушаалтан нарын сахилга хариуцлагыг өндөржүүлж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож, дахин дээрх зөрчлийг гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах ...” ажлуудыг даалгасан. 

Д.О нь тухайн үед тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа албан үүрэгтээ хайнга хандаж энэхүү зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргасан. 

2. Д.О нь тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албаны менежерийн түвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтын үр дүнд томилогдоогүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл эцсийн хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Д.О нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/208 дугаар тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байх бөгөөд улмаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар албан тушаал өөрчлөгдөж Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь  яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Тус яамны тамганы дардасны үг үсэг бүдгэрч, тодорхой харагдахгүй албан ажлын  шаардлага хангахгүй болсон учир тухайн үед Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.О-тэй Хуулийн хэлтсийн дарга Л.Ц зөвшилцөж, тус яамны сайд Ц.Ц-д танилцуулж зөвшөөрөл авсаны үндсэн дээр яамны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/10036 тоот Хуулийн хэлтсийн дарга Л.Ц-ийн гарын үсэг бүхий албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын харъяа “М т” төрийн өмчит үйлдвэрийн газарт захиалга өгч, тухайн өдөртөө сайдын туслах тамгыг хүлээн авч, албан хэрэгцээнд ашигласан. Гэвч хэд хэдэн албан бичигт тамга дарсаны дараагаар “соёл” гэдэг үг орхигдсоныг мэдэж, тамгыг засуулж, буруу  тамга дарагдсан 8 албан бичгийг хураан авч, зөв тамга дарж баталгаажуулан залруулсан байна. 

Энэ нөхцөл байдлыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Б нь “...Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг зөрчсөн” эсэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлснээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, прокурорын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 457 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.  

Харин Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай мэдэгдлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд “... гэмт хэрэг гарах шалтгаан нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хуулийн хэлтсийн дарга нь тамга тэмдгийг солиулахдаа “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг дагаж мөрдөөгүй, тамга, тэмдэг шалгаж авалгүй албан үүрэгтээ хайнга хандаж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр ... албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох” талаар дурдсан. 

Уг прокурорын мэдэгдлийг үндэслэл болгон маргаан бүхий Б/103 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг үндэслэн  “Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.О-ийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “... албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргасан” гэх хариу тайлбар зэргээр үзвэл Д.О-ийг яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь тогтоогдоно. 

Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Х-ын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл буцаан ирүүлэх тухай” 5/2409 дугаартай “ ... Прокурорын мэдэгдлийг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичихээр хуульчилсан ба гэмт хэрэг, зөрчил гараагүй байхад мэдэгдэл бичсэн байх тул манай 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар прокурорын мэдэгдлийг буцаан ирүүлнэ үү” гэх албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Н-т хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.  

Иймд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон Прокурорын мэдэгдэл нь бичигдэх ёсгүй, захиргааны байгууллагад хүргэгдэх учиргүй байсан ба хууль зүйн үндэслэл бүхий эрх зүйн акт гэж үзэх боломжгүй болсон байна. 

2. Хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа тус яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.О-ийг ажил, албан тушаалаас чөлөөлөх болсон хууль зүйн үндэслэлийн талаар тусгаагүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага буюу 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэснийг зөрчсөн байна. 

Ийнхүү маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй ч яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өөрийн гомдол, хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагаар шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан байж болзошгүй. 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Д.О нь Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо төрийн удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтын үр дүнд томилогдоогүй, уг орон тооны сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжтой боловч төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа этгээд тус албан тушаалтаны эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлж байгааг харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь тус яаманд 2010 оноос хойш төрийн албан хаагчаар ажилласан ба удирдах албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүйтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан нь түүний төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй байх нөхцөл байдал үүсэх үндэслэлгүй юм.

3. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг баталсан тогтоолын 18 дугаар зүйлд “Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно” гэсэн нь шинээр төрийн байгууллага тамга хийлгүүлэх зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсны зэрэгцээ тус зааврын 37 дугаар зүйлд “Тамга, ... түших хүнийг байгууллагын удирдлага томилно” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэрэг хөтлөх журам”-ын 5.6-д “Тамга, тэмдэг түших эрх бүхий албан хаагчийг Төрийн нарийн бичгийн дарга томилно” гэж заасан байна. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-нийн өдрийн А/35 дугаар тушаалын хавсралтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тамгыг сайдын туслах хариуцахаар заажээ. 

Улмаар маргаан бүхий нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/224 дүгээр тушаалаар дээрх журам болон тушаалд өөрчлөлт оруулж яамны тамгыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хариуцахаар өөрчилсөн байна. 

Иймд тухайн тамганы дардас солих үе буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журмаар тамга хариуцах ажлын чиг үүрэг нь сайдын туслахад хамааралтай байсан ба сайдын туслах нь Сайдын ажлын албанд харъяалагдаж байжээ. 

Гэхдээ шүүхээс нэхэмжлэгч Д.О-ийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд тамганы бүрэн бүтэн байдал, ашиглалтын явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хайнга хандсаныг огт үгүйсгээгүй бөгөөд  маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай мэдэгдэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон, 

Нэхэмжлэгч Д.О нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь өмнөх албан тушаалыг эрхэлж байхдаа ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр 9 сарын дараа үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О ийн нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-12 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тооцоолон 4,207,228 /Дөрвөн сая хоёр зуун долоон мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, 40.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.О ийн нэг сарын үндсэн цалинг төрийн захиргааны албан тушаалын ангиллын ТЗ-12 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тооцоолон 4,207,228 /Дөрвөн сая хоёр зуун долоон мянга хоёр зуун хорин найм/ олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА