Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 37

 

2021         01         05                                   2020/ШЦТ/37

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Ц.Ганцэцэг,

         шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

     шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ иргэн О.Ц-н эзэмшлийн самсунг галакси А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 551.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “…2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой Ц-г манайд ирэхээр би утсаа түр өгч байгаа ч гээд утсыг нь аваад явсан. Утсыг нь өгөх гэж явж байгаад ломбардад тавьсан. Ц манай аавын найзынх нь хүүхэд нь байгаа юм. Маргааш нь утсыг нь өгөх гэж явж байгаад мөнгөний хэрэг гарсан болохоор утсыг нь ломбардад тавьсан.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ч-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.А-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/, Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 17/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 45-46/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Б-ийг  2020 оны 9 дүгээр сарын 02-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ иргэн О.Ц-н эзэмшлийн самсунг галакси А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 551.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Яллагдагч Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ иргэн О.Ц-н эзэмшлийн самсунг галакси А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 551.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Бийн өгсөн ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой Ц-г утсаа түр өгч байгаа ч гээд утсыг нь аваад явсан. Утсыг нь өгөх гэж явж байгаад ломбардад тавьсан. Ц манай аавын найзынх нь хүүхэд нь байгаа юм. Маргааш нь утсыг нь өгөх гэж явж байгаад мөнгөний хэрэг гарсан болохоор утсыг нь ломбардад тавьсан.” Гэсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ц-н  өгсөн... Б ах шөнө миний утсаар тоглоод байхаар нь би унтахдаа утсаа авъя гээд утсаа аваад өөрийнхөө хажууд тавиад унтаад өглөө босоход миний утас алга болсон байсан. Тэгээд Б ахаас асуухад миний утсыг шөнө авч гараад найзынхаа машинд орхисон гэсэн зүйл ярьсан. Б ах миний утсыг өгөхгүй байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр найз Б-н хамт очиж уулзаад утсаа авъя гэхэд Б ах 2-3 хоногийн дараа утсыг нь аваад өгье ах нь мөнгийг чинь өгөх боломжгүй байна гэсэн. Мөн гар утсыг Б ах хорооллын Хөгжил хотхоны “***” 400.000 төгрөгөөр тавьсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 08-09/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Ч-н өгсөн: “...Манай хүү Искра нэртэй сургуулийг суралцаж төгсөөд Улаанбаатар сиди дээд сургуульд маркетинг менежмэнт чиглэлээр суралцаж байгаад төгссөн дээд боловсролтой. Манай хүү төгсөөд тодорхой чиглэлээр ажил хийгээгүй надтай хамт хувиараа ажил төрөл хийдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

Дамно ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайланд: “ Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 551.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.А-н өгсөн: “...Ч Б гэх залуу РД: *** гэх дугаартай хүн манай Б ломбарданд  Самсунг галакси А-51 загварын гар утсыг 7 хоногийн хугацаатай тавьж байсан байна. Гэхдээ одоо тухайн утас байхгүй тухайн утсыг эргүүлэн авах байсан ба дүрмийн дагуу бид нар 7 хоног хүлээгээд авахгүй болохоор нь зарж байсан.  Ч.Б нь ломбардны үүлэн системийн хар жагсаалтанд орсон хүн байна. Хар жагсаалтанд орсон гэдэг нь урьд нь хулгай дээрэм хийж ломбарданд тавьж ломбард хулхидсан тохиолдолд ордог хар жагсаалт юм.” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Ч.Бийн өгсөн: “...Би Ц-аас утсыг нь авахдаа ахдаа утсыг өгч бай ах нь утсаар нь жаахан оролдоодхое гэж хэлээд авсан. Тэгээд би утсыг нь гэрээсээ авч гараад гадаа найз Ү-тэй уулзаж байхдаа машин дотор нь утсыг нь орхисон байсан. Тэгээд Ү-с маргааш нь утсыг нь аваачиж өгөх гэж байх замдаа 3, 4 дүгээр хороололд байх *** нэртэй ломбарданд тавьсан. Би тухайн мөнгөөр интернет цахим орчинд мөрийтэй тоглож алдсан.” гэх мэдүүлэг /хх-н 31-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв. 

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч О.Ц-аас гар утсыг нь авч оролдож байгаад түүнийг гар утсаа “буцааж авъяа” гэхэд буцааж өгөөд түүнийг дэрэн доогуураа утсаа хийгээд унтах үед гар утсыг нь авч гараад ломбардад тавьсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн гар утсыг ломбардад тавьж уг газар нь хохирогчийн гар утсыг барьцааны хугацаа дуусахаар зарсан байх тул шүүгдэгч Ч.Б-ээс шинжээчийн үнэлсэн үнэлгээний дагуу гар утасны мөнгө болох 551.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

         5. Энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бээс 551.400 төгрөгийг гаргуулж, хохирогч  О.Ц-т олгосугай.

          7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН