Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00000

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар   

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багт оршин суух, ВБ88031208 регистрийн дугаартай, Жаа овогт Батжаргалын Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багт оршин суух, ВБ83032332 регистрийн дугаартай, Гончиг овогт Дэчингийн Өлзийчулуунд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлтэй 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Д.Өлзийчулуун, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2005 оны 07 дугаар сард Д.Өлзийчулуунтай гэр бүл болж 10 жил хамт амьдарсан. 2005 онд хүү Хүрэлбатыг төрүүлж, 2008 онд охин Пүрэвдуламыг төрүүлсэн. Нөхөртэйгөө амьдралын эхний үед сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд хэл амаар доромжилж ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх болон зодож нүддэг болсон. Би 2008 оноос хойш байнгын дарамт зодуурын дунд амьдарч эхэлсэн. Би энэ талаар хэсгийн төлөөлөгч Тэгшбаярт удаа дараа мэдэгдэж байсан. Энэ зодуураас болж тархи нуруундаа гэмтэл авч байсан. 2016 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Энэ байдлыг нь тэвчихгүй 2016 оны 06 дугаар сард шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч манай нөхөр амьдралаа үргэлжлүүлье гээд эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан боловч тэр өдрөөс хойш 40 гаруй хоногийн хугацаанд нөхөр маань мөн л хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлж надтай амьдрах бодолгүй байна. Энэ байдлыг ч бодсон миний сэтгэл санаа хөрж энэ хүнтэй дахин амьдрал зохиох боломжгүй тул дахин эвлэрүүлэн зуучлагчаар оруулалгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн дараах маргаан байна. Бид дундаа 246 богтой үүнээс ямаа 200, хонь 40, адуу 5, тэмээ 1, отрын 2 гэртэй, 4 ханатай гэр 1, 3 тал хашаатай, хоолны амбаар 1, хятад мотоцикль 1, хөлдөөгч 1, телевизор 1, тавгийн антенн 1, 2х3 харьцаатай хивс 4 ширхэгийн хөрөнгөтэй. Би 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч нөхөр Өлзийчулуунаас 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгож, бид 3-т ноогдох нийт хөрөнгийн 4 хуваасны гурвыг оногдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Бид хоёр өнөөдрөөс эхлэн эвлэрч амьдрахаар шийдсэн. 2 хүүхдийнхээ ирээдүйг бодож Д.Өлзийчулуунд боломж олгож, цаашид хамтран амьдрахаар шийдсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Өлзийчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй, Д.Өлзийчулуунд холбогдох гэрлэлт цуцлуулж дундын эд хөрөнгө хуваалгах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох иргэний хэрэгт хариуцагч миний бие нь эхнэр Түвшинжаргалаас гэрлэлтээ цуцлуулахгүй, 2 хүүхдээ бодоод цаашид амьдралаа сайхан авч явах хүсэлтэй байгаа тул бидний асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Би хар багаасаа мал дээр гарсан одоо ч гэсэн гэр хөдөө ганцаараа мал малладаг хажуугаар нь цэргийн ангид улирлын чанартай галчийн ажил хийдэг. Миний хүү Хрэлбат нь 2016 оны 03 дугаар сараас хойш надтай хамт амьдарч байгаа. Охин Пүрэвдулам нь ээж, бид хоёрынхоо дунд ирэн очин байдаг. 2 хүүхэд маань ээж, аав хоёртойгоо цуг амьдрах хүсэлтэй байдаг. Зундаа хөдөө мал маллаж цуг амьдардаг. Намар өвөл сургууль ороход ээж нь хамт байж би ирэн очин амьдардаг. Би архи тамхи хэрэгдэдэггүй, хааяа эхнэртэйгээ хэрэлдэхээрээ том дуугардаг нь үнэн. Дундын эд хөрөнгөө харилцан хувааж авах бүрэн боломжтой. Заавал шүүхээр шийдүүлэх гэж маргахгүй. Би бичиг, үсэг мэдэхгүй учир шүүх хуралдаанд болон өөрийгөө төлөөлүүлэн өмгөөлүүлэхээр Р.Уранцэцэгийг авсан тул цаашид миний өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтэй байна. Хүү Хүрэлбат нь аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа тул над дээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Өлзийчулуун шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Бид хоёр 2 хүүхдээ бодоод цаашид эвлэрч амьдарахаар шийдсэн. Сумандаа элэг бүтэн сайхан амьдрах болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, хариуцагч Д.Өлзийчулуун нарын өөрсдийн алдаа, дутагдлуудаа засаж гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, хариуцагч Д.Өлзийчулуун нар нь өөрсдийн алдаа, дутагдлуудаа засаж гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Өлзийчулуунаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгосугай.

3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэрэв дахин нэхэмжлэл гаргасан тохиолдолд урьд болсон үйл баримтаа цаг хугацаа, шалтгаан зэргийн хувьд дахин заавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ