| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0021/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Х-д холбогдох 2116000030012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, М овгийн Л-н Х.
Шүүгдэгч Л.Х нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг дэвсгэр Үзүүр цагаан гэх газар оршин суух Б.Э-н гэрийн гадаа Б.А-тай нутаглах газраас болж маргалдан толгойн тус газар чулуугаар цохиж биед зүүн зулайд шарх, зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Х-н нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг дэвсгэр Үзүүр цагаан гэх газар оршин суух Б.Э-н гэрийн гадаа Б.А-тай нутаглах газраас болж маргалдан толгойн тус газар чулуугаар цохиж биед зүүн зулайд шарх, зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Х гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Л.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ өглөө 10 цагийн үед гараад адуу хайж явсан. Адуу хайгаад Үзүүр цагаан гэдэг газар Б.Э-с адуугаа асууж очсон. Тэнд очиход Тонхил сумын тооны хүмүүс ирсэн байсан. Тэгээд ороод мэнд мэдээд байж байхад Засаг дарга А.А нь Тонхил сумын нутаг гэж надад хэлсэн. Тэгээд цай уугаад тэр надад хамаа байхгүй. Манай эхнэр Тонхил сумын хүн гэж хэлээд гарах гэж байхад Б.А намайг цагаач гэж хэлсэн ... Намайг 2-3 удаа цохиод, чулуугаар цохиод авахаар нь би эргүүлээд санамсаргүй цохисон. Биеэ хамгаалсан ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг болох Үзүүр цагаан гэх газар малчин Э-д 2020 оны мал тооллогын ажлаар явж байхад тэр айлд Х гэх хүн ирсэн. Мэнд мэдэлцээд та яагаад манай застав, багийн дарга, малчны гурвалсан гэрээ хийсэн газар буучихсан юм бэ? манай айлууд буудалгүй байна гэж хэлсэн. Тэгтэл над руу салаавч гаргаад би гэрээ хийсэн чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ айлд нялх хүүхэд байна. Гадаа гаръя гээд Х тэр айлаас түрүүлж гараад би араас нь гарсан ... Намайг хутгалж ална гээд өмднийхөө халаас, гутлынхаа түрийг ухаад байсан. Яасан хүн хутгалдаг юм гээд би заамдалцсан, тэгсэн чинь миний толгой руу чулуу барьж байгаа цохичихсон. Дахиад чулуугаа газар хаяад гараараа духанд цохихоор нь би зөрүүлээд шанаанд нь 1 удаа цохисон. Тэгээд хүмүүс боль боль гээд салгасан... Говь-Алтай аймгийн төв 2 удаа явсан. Ховд аймаг руу 1 удаа явсан. 1.500.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн. Дээрх зардал буюу нийт 1.500.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /ХХ45-47/,
Гэрч Э.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “ ...Намайг гадаа гарахад Х ахтай хэрэлдээд байсан хүнийх нь толгойноос цус гарчихсан байхаар нь би үүдээрээ шагайгаад хүний толгойноос цус гоожиж байна гээд гэрт байсан хүмүүст хэлчихээд хотноос хонь хөдөлж байхаар нь араас нь явчихсан...” гэсэн мэдүүлэг /ХХ53-55/,
Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... .......... манай иргэдийн хурлын дарга А та яагаад манай малчдын гэрээт буудалд буучихсан юм бэ?, манай зарим малчид буух буудал байхгүй, нэг буудал дээр хоёр хотолчихсон байж байна гээд хэлтэл чам шиг юм юу мэддэг юм бэ? гээд урдаас нь салаавч гаргаад дайраад байсан. Тэгээд А Х-г орилоод байхаар нь энд нялх хүүхэд байна. Гадаа гараад ярилцъя гээд дагуулаад гарсан ... хэсэг байж байтал очсон айлын хүүхэд нэг ахынх нь толгойноос цус гараад байна гээд ороод ирсэн. Бид нар юу болов гээд гараад иртэл А-н шанаанаас нь цус гарч байсан. Хүрэл та нар хэлдэг газарт нь хэл гээд хараад зогсож байснаа яваад өгсөн... Зүүн шанаанд нь яз цохисон. Шанааны судас дайрсан, их цус алдаж байсан. Иодтой хөвөнгөөр дараад боолт хийж цусыг нь тогтоосон ...” гэсэн мэдүүлэг /ХХ58-59/,
Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Б.А Х та яагаад гэрээ хийсэн буудал дээр буучихсан юм бэ? гэж асуутал түй май тэр чинь миний буудал гээд салаавч өгсөн. Тэгтэл Ар чам шиг цагаач тэгдэггүй юм гадаа гаръя энд нялх хүүхэд байна гээд гадаа гарсан. Гараад удаагүй байтал манай охин Х нэг ахын толгойноос цус гоожоод байна гэж хэлэхээр нь манайд байсан хүмүүс бүгд гартал А-н толгойноос цус гоожиж байсан. Би багийн эмч Ц-тай нийлж цусыг нь тогтоосон ...” гэсэн мэдүүлэг /ХХ62-63/,
Гэрч А.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...А Х-г айлын нялх хүүхэд айлаа хоёулаа гарч учраа олъё гэж хэлээд тэр хоёр гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа Э-н охин хаалгаар шагайж харснаа нөгөө хоёр ахын нэгнийх нь толгойноос цус гарч байна гэж хэлэхээр нь гэрт байсан бүх хүмүүс гараад хартал гэрийн баруун талд ойролцоогоор 8 метрийн зайд байсан ба бид нарыг очиход Б.А-н толгойн зүүн хэсгээс дээш цус оргилж гарч байсан. Л.Х гартаа чулуу барьсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ71-73/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай “... 1. А-н биед зүүн зулайд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Зүүн зулайд байх шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ77-78/,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/40 дугаартай албан бичгийн хуулбар /ХХ8/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эмч С.Ц-н тодорхойлолт /ХХ22/, хохирогч Б.А-н амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /ХХ23-25/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.А нь хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Л.Х хохиролд 1200000 төгрөг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Х-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.А-т 1.200.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Х-д сануулсугай..
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.А-т 1200000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА