Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 96

 

2021         01         18                                  2021/ШЦТ/96

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн би,

          шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Хулан,

          улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрхэмбаяр,

          иргэний хариуцагч Т.Загдсүрэн,

          шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галбадрахын Баттулгад холбогдох эрүүгийн 2003 00000 0456 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Г.Б, 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэлтэй, ДЮЦ ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цэн 1-44 г тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:УИ91100984/.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан”  хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Дэү маркийн 54-81 УБЛ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нармандахыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “…2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед ажил үүргээ гүйцэтгэж явсан. Сансарын туннелээс Сансарын колонк руу эргэх гээд баруунаас эргэх хөдөлгөөнийг хараад зүүн эргэсэн тэр үед миний урд хохирогч гарч ирсэн. Хохирогчийг хараад зогсох үйлдэл хийсэн. Би баруунаас ирж байгаа хөдөлгөөнийг хараад эргэх үед хохирогч урдаас гараад ирсэн. Хохирогчийг хараад шууд тоормос гишгэж зогсох үйлдэл хийсэн.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим Эвтэй 4 амьтан хөшөөний уулзвар дээр шахуу ээж маань автобусанд мөргүүлсэн. Автобусанд мөргүүлээд зүүн талын дунд чөмгөний толгой хэсэг нь хүзүүгээрээ хугарсан. Тэр хэсгийг нь эмчилж болдоггүй юм байна лээ. Ээжийн маань дунд чөмгөний тал хэсэгт нь төмөр хийсэн. Гэмтлийн эмнэлэгт хийдэг төмөр байдаг юм байна лээ. Тэр төмрөн хэсэг  нь хүний мах, ясан хэсэг биш учраас ээж маань босож чадахгүй маш хүнд байдалд орсон.  Ээж маань насан үүрдийн тахир дутуу болсон. Энэ хүндэвтэр гэмтэл биш. Маш их гомдолтой байгаа. Манай талаас маш их гомдолтой байна. Процессын ажиллагаанд оролцоогүй, бүх юм буруу эргээд байна. Би танд гомдол гаргахдаа бас л хууль бус гомдол гаргаж байгаа. Цагдаа, прокурор хоёр нь ажлаа хийхгүй болохоор би хүртэл хуулийн дагуу юмаа бичиж болдоггүй. Өгсөн гомдол дээрээ ийм ийм гээд 8-9 гомдол дурдсан байгаа. Хуулиараа бол би доод талд нь хавтаст хэргийг маань нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү гэж хүсэлт гаргах эрхтэй. Хохирол доод талаар нь бодоход 13.000.000 төгрөг байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч  Загдсүрэн мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сард манай компанид автобусны жолоочоор орсон. Хүн чанар, ажлын хариуцлага, бүтээмж болон ажлын хувьд үнэхээр сайн учраас бид нар түүнийг энэ хэрэгт орсныхон дараа засварчны туслах гэсэн шинэ орон тоо гаргаад ажилдаа авч үлдсэн. Бид нар ийм зүйл болсон учраас чи гар гэж хэлж чадаагүй. Энэ жолоочийн хувьд ажлын гүйцэтгэл 98-99 хувиас бууж байгаагүй. Хэрэг прокурор луу шилжих гэж байна гэхээр нь замын цагдаа дээр Алтанжолоо гээд хошууч дээр очиж танилцсан. Тэгэхэд хэрэгт сая найман зуун хэдэн мянган төгрөгийн баримт л байсан. Хэрэгтээ танилцаад гарч ирсний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч над руу яриад хохирлыг хэзээ барагдуулах гэж байна, 13.000.000 төгрөгийн хохирол гарчихлаа гэсэн. Одоогоор 1.800.000-1.900.000 төгрөгийн хохирол гарсан байна, баримтаа бүрдүүлээд гаргаад ирвэл хохироохгүй төлнө гэж хэлсэн. Энэ хүн өнөөдрийг хүртэл 13.000.000 төгрөг яриад байдаг. Баримтаар нотлогдсон бол ямар нэгэн байдлаар төлнө. Автобус үйлчилгээнд бүрэн бүтэн гардаг. Өглөө автобусыг гаргахдаа гэрэл дохио, тоормос бүх юмаа шалгаад гаргадаг. Шалгасны үндсэн дээр энэ хүн тээврийн хэрэгслээ аваад, замын унд цайгаа аваад аюулгүйн зааварчилгаан дээр гарын үсэг зураад гардаг. Тээврийн хэрэгслийн дүгнэлтэд дээр гэрэл дохио шатсан зэрэг ганц нэг зүйл байсан. Өглөө үзээд гаргахад өдөр нэг, хоёр тойроод гэрэл дохио шатсан зүйл байдаг. Бид нар зам дээр ажилладаггүй учраас тэрийг цаг тухайд нь засаж чаддаггүй. Гэгээн цагаан өдөр урагшаагаа явж байсан тээврийн хэрэгсэл хүн мөргөхөд автобусанд асуудал байгаагүй гэж үзэж байна. Би өөрөө техникийн инженер хүн юм мэднэ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 05/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 08-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Нармандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баясгалан мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтан-Өлзий мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13224 дугаар дүгнэлт /хх-н 42-43/, “Авто тээврийн Үндэсний төв” Төрийн өмчит Үндэсний газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв /хх-н 45-48/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/, хохирогч Х.Нармандахын өвчний түүх /хх-н 61-69/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, хохирлын баримт /хх-н 14/ зэрэг болно. 

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан”  хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Дэү маркийн 54-81 УБЛ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нармандахыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баттулгын өгсөнСансарын туннелээс Сансарын клонк руу эргэх гээд баруунаас эргэх хөдөлгөөнийг хараад зүүн эргэсэн тэр үед миний урд хохирогч гарч ирсэн. Хохирогчийг хараад зогсох үйлдэл хийсэн. Би баруунаас ирж байгаа хөдөлгөөнийг хараад эргэх үед хохирогч урдаас гараад ирсэн. Хохирогчийг хараад шууд тоормос гишгэж зогсох үйлдэл хийсэн.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрхэмбаярын өгсөн:  ...ээж маань автобусанд мөргүүлсэн. Автобусанд мөргүүлээд зүүн талын дунд чөмгөний толгой хэсэг нь хүзүүгээрээ хугарсан. Тэр хэсгийг нь эмчилж болдоггүй юм байна лээ. Ээжийн маань дунд чөмгөний тал хэсэгт нь төмөр хийсэн. Гэмтлийн эмнэлэгт хийдэг төмөр байдаг юм байна лээ. Тэр төмрөн хэсэг  нь хүний мах, ясан хэсэг биш учраас ээж маань босож чадахгүй маш хүнд байдалд орсон.  Ээж маань насан үүрдийн тахир дутуу болсон. Энэ хүндэвтэр гэмтэл биш. Маш их гомдолтой байгаа. Манай талаас маш их гомдолтой байна. ...Хохирол доод талаар нь бодоход 13.000.000 төгрөг байгаа гэв.

Камерын бичлэг үзлэгт хийсэн тухай тэмдэглэлд:Камерын бичлэг эхлэх үед автобус Сансар луу урдаасаа хойшоо чиглэлд өгсөн явж байгаад Сансарын автобусны буудал дээр зогсоод цааш яваад Сансарын эвтэй дөрвөн амьтантай хөшөөний уулзвараар зүүн гар тийшээ эргэж орох үед урдаасаа хойшоо чиглэлд явган зорчигч гарч ирэн автобусны баруун талд мөргөгдөж байлаа. Автобусны урдуур явган зорчигч 11:35:55 секундэд гарч ирэн, 11:36:00 секундэд мөргөгдөж автобус зогсож байлаа. /хх-н 16/,

мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Нармандахын өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед би ганцаараа Баянзүрх дүүргийн Сансарын эвтэй 4 амьтантай хөшөөний арын замаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал урдаасаа баруун тийшээ эргэсэн чинь автобус баруун урд хэсгээрээ миний баруун бие хэсэг рүү мөргөн, би зүүн талаараа газар унасан. Намайг мөргүүлээд газар унасан байхад жолооч бууж ирээгүй, харин замаар явж байсан залуу, хүүхэн 2 намайг замын хойд тал руу түшин гаргаж өгсөн. Осол болохын өмнө зам хөндлөн гарахдаа би замын 2 тийшээ сайн харсан, энэ үед авто машин байгаагүй, замын гол өнгөрөөд явж байхад зүүн талаас автобус гэнэт гарч ирээд мөргөсөн. Ослын дараа харахад мөргөсөн автобус Сансараас эвтэй 4 амьтантай хөшөөгөөр баруун гар тийшээ 100 айл чиглэлтэй явж байсан юм билээ. Ослын дараа босож чадахгүй зүүн хөл, зүүн тал өвдөөд явж чадахгүй байсан юм. Ослын дараа 103 ирээд намайг Гэмтэл согог Үндэсний төв рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд сүүжний яс хугарсан байна гэсэн.”гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баясгалангийн өгсөн ...Г.Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Ажил хийж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлээ авч явдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай, архи хэрэглэдэггүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтан-Өлзийн өгсөн ...Манай нөхөр Г.Б нь тус компанид жолоочоор ороод 3 дахь жилээ болж байгаа, өмнө нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, даруухан, гэр бүлдээ халамжтай, манай гэр бүлийг тэжээдэг, ганц ажил хийдэг хүн.” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13224 дугаартай Х.Нармандахын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн далд хугарал, зүүн шилбэнд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон /хх-н 42-43/,

“Авто тээврийн Үндэсний төв” Төрийн өмчит Үндэсний газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “Шинжээчийн дүгнэлт” /хх-н 45-48/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Хохирогчийн биед учирсан зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн далд хугарал нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”ыг баримтлан дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх журмын 3.6.2-д дунд чөмгөний толгойн далд хугарал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан.Хохирогч Х.Нармандахын биед учирсан хүзүү хэсгийн дунд чөмгөний ясны далд хугарал гэмтэл нь дээр заалтад хамаарахгүй болно. Учир нь дээрх гэмтэл нь үен доторх тасарсан хугарал биш, хүзүү хэсгийн хугарал болно. Тийм учраас хүндэвтэр зэрэгт  хамааруулж болно.” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаартай мөрдөгчийн магадалгаанд:

1.Daewoo BS106 маркийн 54-81 УБЛ улсын дугаартай автобусны жолоо Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Х.Нармандах нь Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг  өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн тогтоол /51-52/,

Яллагдагч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Баянзүрх дүүргийн Сансарын эвтэй дөрвөн амьтантай хөшөөний уулзвараар урдаасаа зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийх үедээ урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн. Сансарын тунелын автобусны буудал дээр зогсож хүмүүсээ буулгачхаад 100 айл руу явж байсан. Осол болохын өмнө Сансарын эвтэй дөрвөн амьтантай уулзвар луу дөхөж очоод баруун гар тийшээ харж уулзвар луу 100 айл чиглэлтэй эргэсэн, ингэж эргэх үедээ урагшаа хараагүйн улмаас урдуур зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг автобусныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Баруун гар тийшээ харсан шалтгаан бол уулзвар луу орох үедээ чигээрээ явж байгаа автомашинуудыг харж байсан юм. Осол болохын өмнө баруун гар тийшээ харж уулзвар луу дөнгөж ороод урагшаа харахад автобусны урдуур хүн ороод ирэхээр нь харсан даруйдаа тоормос гишгэж зогссон боловч автобусныхаа баруун урд хэсгээр явган зорчигчийг замын голын эгнээнд мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв

Иймд шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Баттулгын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Х.Нармандах, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Эрхэмбаяр нар шүүгдэгч Г.Бас баримтаар учирсан хохиролд 1.893.475 төгрөг, эмчилгээ хийлгэхэд 13.000.000 төгрөгийн зардал гарч дээрх мөнгийг иргэн Р.Мэндбаяраас зээлсэн тул шүүгдэгчээс 13.000.000 гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байна. Хохирогч Х.Нармандах нь дээрх 13.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан гэх боловч эмчилгээний зардлын баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар учирсан нийт 1.893.475 төгрөгийг хохирогчид төлж барагдуулах хүсэлт гаргасан боловч хохирогчийн хохирогч Х.Нармандах, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Эрхэмбаяр нар бүх гарсан зардлыг хамтад авна гээд хүлээн аваагүй учир шүүх шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “хохирол төлөх данс буюу 100900005406

дугаар” дансанд байршуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Нармандахад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б /РД:ХЕ76042579/-аас хохирол төлөх зориулалтаар тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 1.893.475 төгрөгийг хохирогч Х.Нармандах /РД:ХА52031363/-д олгож, хохирогч Х.Нармандах нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох В,С,D ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял байхгүй тул шүүгдэгч Г.Бд буцаан олгохоор зүйтэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүхээс шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Г.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

         5. Энэ хэрэгт Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох В,С,D ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

         7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б /РД:ХЕ76042579/-аас хохирол төлөх зориулалтаар тус шүүхийн тамгын газрын дансанд байрлуулсан 1.893.475 төгрөгийг хохирогч Х.Нармандах /РД:ХА52031363/-д олгож, хохирогч Х.Нармандах нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН