Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 100

 

2021         01         19                                2021/ШЦТ/100

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Э.Ариунболд,

          хохирогч Б.Эрдэнэболор, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

         шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2006 03856 2699 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б, 1995 оны 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 16 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай.

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэгдсэн.

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Леон нэртэй караокены гадаа найзыгаа өмөөрч Б.Эрдэнэболортой маргалдан улмаар нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэболор мэдүүлэхдээ: “....9 дүгээр сарын 28-29-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн караокед найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэнд баяр тэмдэглэж байгаад шөнийн 2-3 цагийн хооронд би явах гээд гарч ирсэн. Төрсөн өдрийн эзэн буюу Бархас гэх найз маань ойрд уулзаагүй юм чинь хоёулаа юм яръя гээд машинд орж суусан. Хүйтэн байсан болохоор машиных нь паарыг асаах гэсэн чинь түлхүүрийг нь хайтал машины түлхүүр өөрт нь байгаагүй. Түлхүүр нь хэнд байгаа гэсэн чинь Бямбагаравт байж таарсан. Эхлээд түлхүүрийг Бархас биш би очиж авсан. Тэгээд Бямбагараваас түлхүүрийг нь аваад машиныг асаагаад буцаагаад түлхүүрийг нь өгсөн. Тэгээд эргээд иртэл би цонхоо онгойлгомоор байна гэсэн. Дахиж очиж түлхүүрийг нь авсан. Нэлээн юм болж байж түлхүүрийг нь авсан. Тэнд байсан найзууд нь бүгд согтуу байж машин барьж явах гэж байна гэж ойлгосон. Тэгээд машин барьж явахгүй, цонхоо онгойлгочхоод түлхүүрийг нь буцаагаад өгье гээд учрыг нь тайлбарлаад хэлсэн. Тэгээд байж байтал Дөлгөөн гээд найз нь байсан. Тэр найз нь Бархасын сууж байгаа талд хүрч ирээд цонхоор намайг илдэв янзын үгээр доромжилсон. Чи ийм янхан шиг охинтой явах гэж байгаа юм уу гээд олон удаа тэгж хэлсэн. Тэгээд би буугаад тойрч очоод чи яагаад намайг тэгж хэлж байгаа юм. Чи намайг танихгүй биз дээ, ямар шалтгаанаар ингэж байгаа юм гэж маргалдаад зогсож байсан. Би цээж хэсэг рүү нь 2 удаа түлхсэн. Түүнээс биш нүүр рүү нь алгадаагүй. Тэгээд байж байтал Бямбагарав хажуу талаас чи манай найзыг яагаад байгаа юм бэ гэж хэлээд миний нүүр рүү гараараа баруун тал руу нэг удаа, зүүн тал руу 2 удаа цохисон. 2 дахь цохилтоор миний зүүн нүд цуг цохигдсон. Тэгээд толгой эргээд газар унасан. Газар унаад босож чадахгүй байж байтал араас ирж өшиглөсөн. Тэр үед ганц хоёр найз нь ирж салгаад цааш нь аваад явсан. Тэгээд би боссон. Би зодуулсан хүн зүгээр байна гэж байхгүй. Мэдээж үйл явдал үргэлжилсэн. Тэгэхэд ирээд үснээс зулгаасан. Найзууд нь салгах гэхэд миний үснээс тавиагүй 3-4 алхам үсдэж алхсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа дуудсан хүн нь манай найз Бархас байсан. Цагдаа дуудсан шалтгаан нь гэвэл Бямбагарав машиных нь цонхийг хөлөөрөө жийж өшиглөсөн гэдэг шалтгаанаар цагдаа дуудсан. Цагдаа нар ирснийг хараад би гомдолтой байна, зодуулсан гээд бүгдээрээ хамт цагдаагийн байгууллага руу явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх гэж 3-4 удаа хоносон. Тэрнээс өмнө миний биед илэрч байсан шинж тэмдэг гэвэл толгой байнга эргэж байсан. 2-3 өдөр дараалж хамраас цус гарсан. Зүүн нүд тэр чигээрээ хөхөрсөн байсан. Зүүн талын хацар эрүү хавдартай байсан. Өшиглөсөн хэсэг нь хөхөрч няцарсан. Толгой байнга өвдөж, нүдээ хөдөлгөхөөр дотор угаараа өвдөлтийн байдалтай байсан. Хохирол төлбөрөө бүрэн авсан байгаа. Гомдолтой гэх ч юу юм шүүхийн ном журмаар шийдүүлмээр байна гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Эрдэнэболор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дөлгөөн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11275 дүгээр дүгнэлт /хх-н 41-42/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар О.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 57-72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Леон нэртэй караокены гадаа найзыгаа өмөөрч Б.Эрдэнэболортой маргалдан улмаар нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Леон нэртэй караокены гадаа найзыгаа өмөөрч Б.Эрдэнэболортой маргалдан улмаар нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Бын  өгсөн: “...Тухайн үйл явдалд Дөлгөөнтэй маргалдах үед Бямбагарав Дөлгөөн найзыгаа өмөөрч дундуур орж ирээд намайг түлхэж, зодож эхэлсэн. Миний нүүрний баруун хэсэгт гараараа цохисон, зүүн талын нүүр хэсэг рүү 2 удаа цохиж, 2 дахь цохилт нь нүд рүү хамт орсон. Иймд миний нүдний арын хэсэг хатгаж өвдсөний улмаас би газарт унасан. Газарт  унасны дараагаар Бямбагарав араас ирж миний баруун талын ташаа руу хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Бямбагарав нь найзыгаа өмөөрч миний биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэхдээ Бямбагарав надаас илүү согтолттой байсан. Гомдолтой байна. Зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Дөлгөөн мэдүүлэхдээ: “...Би Бархасыг тухайн бүсгүйтэй “ийм охинтой” хаашаа явах гэж байгааг асуутал бүсгүй уурлаж, машинаас бууж ирээд намайг гараараа унатал цохисон. Би эхний цохилтод нь унасан, босоод иртэл миний толгой хэсэг рүү 2-3 удаа алгадсан, цохисон. Би ямар хариу үйлдэл үзүүлээгүй, миний ард Бямбагарав тамхи татаад зогсож байсан. Иймд Бямбагарав над руу ирж тухайн бүсгүй рүү боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм вэ гэснээр Бямбагарав охин 2 харилцан зодолдсон. Бямбагарав тухайн эмэгтэйг цохихын хувьд бол цохисон гэхдээ тэгж айхтар чанга цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11275дугаартай:

1.Б.Эрдэнэболорын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 40-41/,

   Яллагдагч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баясах трейд” худалдааны төвийн ар талд байрлах Ион караокед найз Бархасын төрсөн өдөрт байсан. Ерөнхийдөө төрсөн өдөр дуусаад бүгд караокеноос гарцгаасан. Гэтэл Бархас, Болороо гэх эмэгтэйн хамтаар машинаа барьж явах гээд байсан. Дөлгөөн найз маань Бархасын суусан талын цонхоороо Бархастай хамт байсан эмэгтэй хажуу талын суудлаас гарч ирэн Дөлгөөнийг шууд 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би Дөлгөөн найзыг минь алгадаад байхаар нь Болороогийн цамцнаас хойноос нь татсан гэтэл намайг баруун, болон зүүн гараараа нэг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би Болороог мангасдсан гэтэл Болороо гэх эмэгтэй газарт унасан. Манай найзууд бүгд миний хажууд байсан болохоор намайг болиулж цааш авч явсан.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

Яллагдагч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Леон нэртэй караокены гадаа найзыгаа чи ийм охинтой” хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад нь Б.Эрдэнэболор машинаас гарч Дөлгөөнийг 3 удаа алгадахаар нь би Болороогийн цамцнаас хойноос нь татсан гэтэл намайг баруун, болон зүүн гараараа нэг нэг удаа алгадахаар нь би Болороог мангасдсан улмаар нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар О.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Б.Эрдэнэболор нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлөгдсөн тул” нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

         1. О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар О.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, О.Б нь  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ПҮРЭВСҮРЭН