Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01903

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, Д.О, Б.Б нарт холбогдох,

14.375.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батбүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, өмгөөлөгч П.Батбүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани талийгч Б.Бтэй Такси ажиллуулах гэрээг байгуулан ажилласан. Гэтэл хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагч Б.Б нас барсан тул түүнээс татгалзаж, Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Д.О, Б.Б нараас гэрээнээс үүдсэн хохирол 12.875.000 төгрөгийг гаргуулж, олох ёстой орлого 1.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 4.19, 5.3 дахь хэсгүүдэд зааснаар батлан даагч нар компанид учирсан хохирлыг төлөх ёстой. Талийгч гэрээний дагуу автомашиныг хүлээн аваад, эзэмшиж ашиглаж байсан талаар маргадаггүй. Тухайн осолд хариуцагч Б.Б буруутай. Иймд гэрээний үүргээс учирсан хохирол 12.875.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, олох ёстой орлого 1.500.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.                Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М ХХК-тай Такси ажиллуулах гэрээ байгуулж, 52-36 УНЗ улсын дугаартай автомашиныг авч эзэмшсэн. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ унтаж байх үед найз болох н.Ганзул автомашины түлхүүрийг надад хэлээгүй хашаанаас хулгайлан авч унаж яваад н.Ганбат гэх найзындаа очиж архи ууж, согтоод унтсан үед нь н.Ганбат түлхүүрийг хулгайлан авч, хүүхэдтэйгээ хамт согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Иймд би тээврийн хэрэгслийн эзэмшигч биш. Тээврийн хэрэгсэл Р.Мөнхтогтохын нэр дээр байсан. н.Ганзул тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан тул миний бие хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ах Б.Бийг М ХХК-иас 52-39 УНЗ улсын дугаартай автомашиныг гэрээ байгуулан авах үед батлан дааж, Батлан даалтын гэрээ байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл М ХХК-д өгөх ёстой орлогоо төлсөн. Осол гарсан өдөр Б.Б гэртээ унтаж байхад н.Ганзул гэх найз нь ахад хэлэхгүй түлхүүрийг хулгайлан авч автомашиныг жолоодож яваад С.Ганбаттай архи ууж согтоод, унтсан байхад нь түлхүүрийг авч автомашиныг жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Дээрх хоёр хүний буруутай үйл ажиллагаанаас болсон хохирлыг манай ах төлөх үндэслэлгүй. 2017 онд зах зээлд орж ирсэн болон хуучин Hyundai sonata-6 маркийн автомашин 5.500.000-6.000.000 төгрөгийн үнэтэй байхад М ХХК өндөр төлбөр нэхэмжилж, автомашины ерөнхий рам эвдэрч бусад эд ангийг солих боломжтой байхад нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг ямар ч хэрэггүй мэт худал ярьж акт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Б.Б нараас 6.741.000төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6.134.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч олох ёстой орлого 1.500.000 төгрөг, хариуцагч Б.Бөд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122.806 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Б.Б нараас 12.875.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.500.000 төгрөгөөс, хариуцагч Б.Бөд холбогдох нэхэмжлэлээс тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.”гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...122 806...” гэснийг “..220.950...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 113 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батбүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31 ны өдрийн 102\ШШаа2018\01833 дугаар шийдвэр, 2018 оны 07 дугаар сарын 23 ны өдрийн 1712 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

“Такси ажиллуулах гэрээн дэх ямар заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учрав гэдэгт огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэж заасан. Б.Б нь компанийн зөвшөөрөлгүйгээр бусдад буюу С.Ганбат гэгчид жолоо шилжүүлсэн асуудал байдаггүй. Харин С.Ганбат гэгч Б.Бийн зөвшөөрөлгүйгээр өөрөөр хэлбэл Б.Бийн хүсэл зоригоос хамааралгүйгээр авто машиныг авч явахдаа зам тээврийн осол гаргаж компанийн авто машинд хохирол учруулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа,Тээврийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 тоот тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол зэрэг баримтуудаар С.Ганбат нь М ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас М ХХК-ны өмчлөлийн эд хөрөнгөнд хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг. Батлан даалтын гэрээгээр хариуцагч Д.О, Б.Б нар нь авто машин эзэмшигч Б.Б нь компанид ямар нэгэн хохирол учруулбал түүнийг өөрийн хөрөнгөөр төлж компанийг хохиролгүй болгох үүрэг хүлээсэн байдаг. Мөн Б.Б нь такси ажиллуулах гэрээний 4.9-д зааснаар жолооч нь авто машин хүлээн авснаас хойш гэрээнд заасан хугацаанд өөрийн буруугаас бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан хохирол, мөн тус автомашинд гарах зам тээврийн осол аваар эвдрэл гэмтлийг бүрэн хариуцаж ажиллана" гэсэн үүрэг хүлээсэн. Гэвч уг компанийн эд хөрөнгөнд учирсан хохирол нь Б.Бийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол биш тул батлан даагчид хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Р.Мөнхтогтох нь Ганбатад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг бөгөөд уг ажиллагааны явцад захиалагч ЗЦА-ны МШХ, захиалагчийг төлөөлж “М ХХК-ны төлөөлөгч Р.Мөнхтогтох нар байлцсан “Хөрөнгө эстимэйт ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр 6.741.000 төгрөгийн техникийн эвдрэл тогтоогдож, нэхэмжлэгч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй, дүгнэлтийг баримтаар няцаагаагүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь автомашиныг ашиглах боломжгүй тул хаягдал төмөрт тушаасан гэх боловч энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй, авто машин эзэмшигч, батлан даагч нарт эвдрэлтэй автомашиныг үзүүлж, 2 тал актаар хүлээлцэж, маргаан шийдвэрлэтэл гараажид хадгалах талаарх “Такси ажиллуулах гэрээ" -ний 6.3-т заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байхад гэрээний зүйлийг дахин ашиглах БОЛОМЖГҮЙ болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар баримтаар няцааж чадаагүй” гэж 6.741.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 12.875.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31 ны өдрийн 102\ШШ2018\01833 дугаар шийдвэр, 2018 оны 07 дугаар сарын 23 ны өдрийн 1712 дугаар бүхий магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.Б, Д.О, Б.Б нараас 14.375.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ хохирол, олох байсан орлого гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...осол гарахад буруугүй, ...машины эвдэрсэн эд ангийг засварлах боломжтой, машиныг ашиглах боломжгүй болсон гэх байдал тодорхойгүй” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

Д.Батмөнх нь 2017 оны 8 дугаар сарын 25-ний өдөр “М” ХХК-тай гэрээ байгуулж, 14.750.000 төгрөгийн үнэ бүхий 52-36 УНЗ улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашиныг 530 хоногийн хугацаагаар таксины үйлчилгээ эрхлэх зорилгоор, эзэмшиж ашиглахаар тохирсон ба Д.О, Б.Б нар нь мөн өдөр тус компанитай Батлан даалтын гэрээ байгуулжээ /хэргийн 14-19 дүгээр тал/.

Д.Батмөнх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 1.200.000 төгрөг, мөн машиныг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа 375.000 төгрөг нийт 1.575.000 төгрөг төлсөн. Түүний гэрээгээр шилжүүлэн авсан автомашиныг С.Ганбат нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, нас барсан байх ба тээврийн хэрэгсэлд 6.741.000 төгрөгийн хохирол учирсан, Тээврийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн 324 дүгээр тогтоолоор хэргийг хаасан болох нь баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нас барсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган, Д.О, Б.Б нараас 12.875.000 төгрөг нэхэмжлэхдээ батлан даалтын гэрээг үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-т зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх ба батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарахаар мөн зүйлийн 458.3.-т зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 3-т зааснаар батлан даагч нь автомашин эзэмшигчийн зүгээс компанид ямар нэг хохирол учруулбал түүнийг өөрийн хөрөнгөөр тогтоосон хугацаанд нь бүрэн төлж, компанийг хохиролгүй болгох үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 6.741.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-т нийцжээ.

Автомашины эвдрэл хохирлыг үнэлсэн “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна уг машиныг дахин ашиглах боломжгүй гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1712 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 220.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ