Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1144

 

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нью ариг ус” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 497 670 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим” ХХК-ийн захирал Гантөгс миний бие 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Нью ариг ус” ХХК-тай харилцан тохиролцож №01 тоот гэрээ байгуулж Спрут экстра нэрийн 107 000 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг “Нью ариг ус” ХХК-д нийлүүлж, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 03 тоот гэрээ байгуулж Спрут экстра, Скарлег, Форвард, Лорнет, Овсюген экспрес, Зингер нэрийн 440 540 000 төгрөгийн нийт 547 540 000 төгрөгийн үнэ бүхий бодисыг нийлүүлж урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30 хүртэлх хувийн төлбөрийг гэрээ байгуулах үед авахаар тохиролцож үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “Шим” ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн ч “Нью ариг ус” ХХК нь гэрээнд заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр буюу 383 278 000 төгрөг төлөхөөс 331 780 000 төгрөгийг төлөөгүй байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон ч бодитой үр дүнд хүрээгүй. Иймд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 331 780 000 төгрөг үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэний алданги 165 890 000 төгрөг нийт 497 670 000 төгрөгийг “Ныю ариг ус” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим” ХХК-иас худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хор гербицид зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй хэрнээ үр дүн, үйлчлэл муу байсан. “Нью ариг ус” ХХК нь 2013 оноос ургамал хамгааллын хор гербицидийг “Шим” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. 2013, 2014, 2015 онуудад нийт 1 203 840 төгрөгийн үнэ бүхий хор гербицид худалдан авсан ба 866 244 000 төгрөгийн төлбөрийг “Шим” ХХК-д төлсөн. 2013 онд 3000 га талбайд тосны ургамал тариалж 1604 тн ургац хураан авсан. (1га талбайгаас 5,34 цн) “Нью ариг ус” ХХК нь тариалалт, ургамалын арчилгаа хор цацалтыг цаг тухайд нь хийж байхын тулд “Вагнер ази лизинг” ХХК-иас 240 сая төгрөгийн үнэтэй өндөр үр бүтээлтэй хор цацагч худалдан авсан. Хос үрийн талт хог ургамалын эсрэг хор болох лорнетийг 1 га-д 0,4л-ээр тооцон цацсан бөгөөд үйлчилгээ муу байснаас ургацын хэмжээ буурсан. Мөн 1800 га талбайд хийсэн боловч /Спрут экстра 1 га норм 2,22л/ хийсэн талбай хог ургамалд баригдаж үр дүн муутай байсан энэ асуудлыг бид хор цацагчнаас шалтгаалж байна гэж үзэж 2014 онд “Гацуурт” ХХК-иас нэмж хор цацагч 94,3 сая төгрөгөөр худалдан авч ажилласан. Ингээд 2014 онд тариалах талбай болон уриншийн хэмжээгээ нэмэгдүүлсэн ба урьд жил ашиглаж байсан өндөр үнэтэй үйлчилгээ сайтай хэмээн сурталчилж байсан доорх хор, гербицидийг “Шим” ХХК-иас 2014 онд нийт 515 гаруй сая төгрөгийн хор гербицид авсан. 2014 онд 4800 га-д тосны ургамал, 1200 га-д улаанбуудай тариалсан ба 3600 га-д уринш хийн зориулалтын хор цацсан. “Нью ариг ус” ХХК мөн л цаг хугацаанд нь хор гербицидээ цацсан боловч мөн л олигтой үр дүнд хүрч чадалгүй ургац алдсан. Учир нь 1 га талбайгаас рапс 8,7 цн, улаанбуудай га-аас 11,5 цн хураан авсан нь бидний намрын төлөвлөсөн хэмжээнээс хэт доогуур байсан. 2015 онд уринштай 2400 га-д рапс, 3000 га-д улаанбуудай, уринштай 800га -д гурвалжин будаа тариалж 3400 га-д уринш хийсэн. Рапс га-аас 5,6цн, улаанбуудай 6,19цн, гурвалжин будаа 5,1 цн хураан авсан. 2013 оноос үнэтэй хор гербецид хэрэглэж байсан боловч 3 жил дараалан ургац алдаж төлөвлөсөн ургацаа авч чадаагүйгээс манай компани санхүүгийн хүнд байдалд орж 2015 онд худалдан авсан хор гербицидийн төлбөр болох 547,9 сая төгрөгнөөс 216,16 сая төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар “Шим” ХХК-д 331 780 000 төгрөгийн өртэй байна. “Нью ариг ус” ХХК үйл ажиллагаа явуулж байсан 2013-2015 онуудад цаг агаар маш тааламжтай байж хур тундас цагтаа орж байсан бөгөөд Халх голын бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуй нэгжүүд манай компанийг бодвол үнэтэй хор гербицид хэргэлдэггүй боловч 2015 онд 1га- аас хураан авсан ургацын хэмжээгээр манайхаас илүү байгаа нь бид бүхэн “Шим" ХХК-иас худалдан авсан хорны үйлчлэл муу байгаатай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

“Нью ариг ус” ХХК нь “Шим” ХХК-ийн нэхэмжилж байгаа 497 670 000 төгрөгийг төлөх боломжгүй санхүүгийн хүнд байдалд байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Голомт банкинд 523 738 577 төгрөг, Капитрон банкинд 543 029 647 төгрөг (241 сая төгрөг хугацаа хэтэрсэний төлбөр), “Магнай трейд” ХХК-д 418 108 020 төгрөг, Тариалалтыг дэмжих санд 1 019 521 501 төгрөг, Гацуурт ХХК-д 656 057 288 төгрөгийн өр зээлтэй байгаа бөгөөд бүгд хугацаа хэтэрсэн өр зээлүүд юм. Мөн “Нью ариг ус” ХХК нь компанийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд дээрх өр төлбөртэй холбоотойгоор бүгд барьцаанд авагдсан. “Нью ариг ус” ХХК нь “Шим” ХХК-ийн нэхэмжилж буй үндсэн төлбөрийн зарим хэсгийг хүү алдангийн хамт дээрх шалтгаануудын улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өндөр үнэтэй чанар сайтай хор гэж өгсөн хор гербицид нь компанийн тариалалтын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэлгүй төлөвлөсөн хэмжээний ургацаа авч чадалгүй санхүүгийн хүнд байдалд орсон. 2015 онд худалдан авсан түнш, хор гербицид, банкны зээл техникийн лизин, түрээсийн төлбөрүүдийг төлж чадахгүй хугацаа хэтрэлтэй байна. Энэ бүхнээс шалтгаалж зах зээлийн бодит ханшаар тооцож “Шим” ХХК-иас худалдан авсан хор, гербицидыг зах зээлийн ханшаар нь тооцож төлөх хүсэлтэй байна. 2015 онд худалдан авсан түнш, хор гербицид, банкны зээл техникийн лизин, түрээсийн төлбөрүүдийг төлж чадахгүй хугацаа хэтрэлтэй байна. Иймд алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу багасгаж, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар “Нью ариг ус” ХХК-иас 497 670 000 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 646 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нью ариг ус” ХХК-иас 2 646 300 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагч "Нью ариг ус" ХХК -нь санхүүгийн хүнд байдалд орсон, компани их хэмжээний өрийн дарамтанд орсон учир нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 331 780 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин манай компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан алданги болох 165 890 000 төгрөгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү. Манай байгууллага нийт 7 тэрбум төгрөгийн өглөгтэй болохоо нотолсон өртэй бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "хариуцагч “Нью ариг ус" ХХК нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд оржээ" гэж дүгнэсэн атлаа "өр, зээл ихтэй үндэслэлүүд нь алдангийн хэмжээг бууруулах, алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй юм" гээд хариуцагчаас алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж хариуцагч талын санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг нотлох баримтуудыг шүүх үнэлж үзэлгүйгээр хариуцагч компанийг хүнд байдалд оруулж алданги болох 165 890 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар "хариуцагч “Нью ариг ус" ХХК-иас 497 670 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч "Шим" ХХК-ийн нэхэмжлэлийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           

            Нэхэмжлэгч “Шим” ХХК нь хариуцагч “Нью ариг ус” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 497 670 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ №01 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Спрут экстра ургамал хамгааллын бодисыг 6000 литрийг, 1 литрийг 17 900 төгрөгөөр тооцож, нийт 107 400 000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь барааг авахдаа барааны үнийн 30 хувь буюу 32 220 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор урьдчилан төлөх, барааны төлбөрийн үлдэх 70 хувь буюу 75 180 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, мөн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №2 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь 6 000 литр Спрут экстра бодисыг, 1 литрийг 17 900 төгрөгөөр тооцон 107 400 000 төгрөгөөр, 120 литр Скарлет бодисыг, 1 литрийг 56 000 төгрөгөөр тооцон 6 720 000 төгрөгөөр, 2 600 литр Форвард бодисыг, 1 литрийг 54 000 төгрөгөөр тооцон 140 400 000 төгрөгөөр, 1 040 литр Лорнет бодисыг, 1 литрийг 88 000 төгрөгөөр тооцон 91 520 000 төгрөгөөр, 1 500 литр Овсюген экспрес бодисыг, 1 литрийг 58 000 төгрөгөөр тооцон 87 000 000 төгрөгөөр, 30 литр Зингер бодисыг, 1 литрийг 250 000 төгрөгөөр тооцон 7 500 000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь барааг авахдаа барааны үнийн 10 хувь буюу 44 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор урьдчилан төлөх, 20 хувийг 88 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, үлдэх 70 хувь буюу 308 540 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

      /хх-5 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчид Спрут экстра бодисыг 12 000 литрийг, Скарлет бодисыг 120 литрийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, Форвард бодисыг 2 600 литрийг, Лорнет бодисыг 1 040 литрийг, Овсюген экспрес бодисыг 1 500 литрийг 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, Зингер бодисыг 30 литрийг 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан “зарлагын баримт”-аар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Талуудын хооронд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн барааны үнийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсчээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.                                                                   

 

            Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нью ариг ус” ХХК-иас 497 670 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Талууд гэрээний 4.1/Б/-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө. Барааны үлдэгдэл үнэ нь худалдан авагчийн аж ахуйн нэгжийн болон хувийн хөрөнгөөр барьцаалагдан баталгаажина” гэж алдангийн талаар тохиролцсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 165 890 000 төгрөг шаардсаныг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь санхүүгийн хүнд байдалд орсон, их хэмжээний өр зээлтэй гэх нөхцөл байдал нь түүнийг алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь 2015 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд рублийн ханш өссөн, 2015 онд төлөх ёстой барааны үнэ төлөгдөөгүй байгаа зэрэг байдлыг харьцуулан эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг хэт их гэж үзэж багасгах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг нотолсон баримтуудыг шүүх үнэлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 181/ШЗ2017/06034 дүгээр захирамжаар чөлөөлсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ