Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч З.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас З.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****, урьд ял шийтгэлгүй, З.Н /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Н нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадна хохирогч М.Уыг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж, нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө өшиглөн “зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, баруун сарвуу, зүүн шуу, хэвлийн зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч З.Н нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадна маргааны улмаас хохирогч М.Уын нүүрэн тус газарт нь гараараа  цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдаж зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, баруун сарвуу, зүүн шуу, хэвлийн зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” бааранд бүжиглэж байхад нэг эрэгтэй ирээд надтай маргалдаад байсан. Тэгээд баарны хамгаалагчид салгаад би түрүүлээд гадаа гарсан. Эргээд орох гэхэд бааранд маргалдсан залуу болон түүнтэй хамт явсан эрэгтэй нар гарч ирээд шар куртиктэй эрэгтэй миний нүүр лүү гараараа цохиод ноцолдож зууралдаад, хажууд нь байсан хар савхитай эрэгтэй надаас татаад байсан. Шар хувцастай эрэгтэй намайг газарт унасны  дараа миний толгой, цээж, гар луу өшиглөсөн. Энэ үед миний бугуйн цаг эвдэрчихсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй....” гэсэн мэдүүлэг /хэргийн 21,24 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 01 цагийн үед хорооллын эцсийн Файр бааранд орсон. Тэгээд бүжиглэж байгаад уг баарнаас гараад ирэхэд манай найз Ууганбаярыг хэдэн залуучууд зодож байхаар нь салгах гээд дундуур нь орсон. Тэгтэл баарны хамгаалагч бид нарыг холд гээд бүгдийг нь хөөсөн. Манай найз Анужин цагдаа дуудах гээд утсаа гаргахад нөгөө хүмүүс гар утсыг нь аваад шидсэн. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33, 37 дугаар хуудас/,

 

Гэрч З.Анужингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн дүүгийн найз залуу Ууганбаяр залгаад намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд 3 цагийн үед хорооллын Файр баарны гадаа Ууганбаяр хүмүүстэй маргалдсан, Ууганбаярын дух нь хавдсан, чих нь сэтэрсэн байдалтай байсан. Тэгээд би 102 дугаарт дуудлага өгтөл шар куртиктай залуу миний Айфоне-6 гар утсыг аваад газар шидсэн. Тэр залуу намайг цохиж, зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11526 дугаартай:

“...1. М.Уын биед зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, баруун сарвуу, зүүн шуу, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 69-76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/, хохирогч М.Уын хаан банкны 5753754954 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 78-80 дугаар хуудас/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 86 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 87 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 89 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч З.Н нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны гадна  маргааны улмаас хохирогч М.Уын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, баруун сарвуу, зүүн шуу, хэвлийн зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Н нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч М.Ут хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн авч шидсэн гэх Айфоне-6 маркийн гар утсыг бага хэмжээнээс доош буюу 160.000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 57 дугаар хуудас/ байх тул энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

        Шүүгдэгч З.Н нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч З.Ныг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Уын “миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Улсын яллагчаас шүүгдэгч З.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.  

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээсэн зэрэг нөхцөл байдал байх тул шүүх шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгчийг ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

        Түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь субъект урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг хэлнэ. Тухайлбал: хөндлөнгийн этгээдийн нөлөөнд автсан, гэнэт бий болсон урьдчилан төсөөлөөгүй хүчинд автаж нөхцөл байдлыг зөвөөр тусгаж авах, ойлгох чадвар хомс болсон, айж балмагдсан зэрэг сэтгэл зүйн өвөрмөц байдалд орсноос гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэстэй.

 

Шүүгдэгч З.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

   Шүүхээс шүүгдэгч З.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

   Шүүгдэгч З.Нт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

  1. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО