Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2017/00242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь 1957 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Одоо 60 настай, өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү. Мөн миний 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт миний өөрийн нэрийг *******сүрэн гэж ташаа бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч ******* нь 1981-1990 оныг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна. ******* нь 1973 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан. Энэ талар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд Д.******* 1973 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.******* иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/26 тоот тогтоол, 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  3 дугаар бригадаас нэгдлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоол, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 тогтоол, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ургац нэгдлийн тайлан сонгуулийн хуралд ирсэн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоол, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1980 оны хөдөлмөрийн дэвтэрт ******* Цэдэвсүрэн гэж бичигдсэн байдал нь түүний иргэний үнэмлэхэд ******* Цэдэв гэж бичигдсэнтэй тохирохгүй байх боловч түүний эцгийн овог, төрсөн он, сар, өдөр, хүйс нь өөр хоорондоо тохирсон, хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг бичихдээ  “сүрэн”  гэж   бичсэн болох нь илт тодорхой байгаа байдлыг үндэслэн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* Цэдэв мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

******* нь 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнийг мал аж ахуй үйлдвэрлэлт ажиллуулахаар илгээлтээр томилж тэтгэмж олгосон “Эвлэлийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлтд ажиллах сурагчдыг шагнах ба тэтгэмж олгох тухай” Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/26 тоот тогтоол, 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  3 дугаар бригадаас нэгдлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтын 23-т Даш-Өлзий Цэдэв гэж тэмдэглэсэн, Ургац нэгдлийн 3 дугаар бригадаас нэгдлийн зөвлөлийн гишүүдээр сонгогдох гишүүдийн нэрсийн жагсаалтын 27-т ******* гэх “Тооллогын комисс батлах тухай” Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн хурлын 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоол, Нэгдлийн зөвлөлийн ээлжит 4 дүгээр хуралд ирсэн гишүүдийн ирцийн бүртгэлийн 76-т ******* гэж тэмдэглэсэн “Хурал хуралдуулах тухай” Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 тогтоол, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ургац нэгдлийн тайлан сонгуулийн хуралд ирсэн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэлийн 71-т *******-ирсэн, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ургац нэгдлийн тайлан сонгуулийн хуралд ирсэн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэлийн *******-алс ажилтай гэж тэмдэглэсэн,  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот тогтоол, 1981-1990 онд эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэн тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр, ******* ахлагчтай суурь, ферм, өрх нь тохижилт соёлжилтоороо шалгарсан тэргүүний суурь олгосон 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон Соёлч суурь, өрхийн гэрчилгээ, малчдын баярыг тохиолдуулан баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасан 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баярын бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* Цэдэв мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ