| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 103/2017/00097/и |
| Дугаар | 1143 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1143
“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00131 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГазарт холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 174 714 505.58 төгрөг, алдангид 7 150 884.25 төгрөг нийт 181 865 389.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ариунаа, Ц.Энхцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Багануур-Ус ОНӨААТҮГазартай Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна. Багануур-Ус ОНӨААТҮГазар дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчин, хохироож байгаа болно. Иймд Багануур-Ус ОНӨААТҮГазраас үндсэн төлбөр 174 714 505 төгрөг, алданги 7 150 884 төгрөг, нийт 181 865 389 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 84 589 259 төгрөгийг нэхэмжилсэн боловч хоёр байгууллагын хоорондын тооцоогоор 82 076 219 төгрөгийн өртэй гарсан бөгөөд илүү нэхэмжилсэн 2 513 040 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх төлбөрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 62 076 219 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээ нь "Багануур-Ус" ОНӨААТҮГ болон "Багануурын дулааны станц" ТӨХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн "Дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн" гэрээ байдаг. Уг гэрээний 1.2 дахь заалтад "Багануурын дулааны станц" ТӨХК-ийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг "Багануур-Ус" ОНӨААТҮГазар өөрсдийн өмчлөлийн дулаан түгээх сүлжээгээр дамжуулан түгээдэг. Гэрээний дагуу түгээсэн дулааны төлбөр манай байгууллагын дансанд орж ирээд, манайх "Багануурын дулааны станц" ТӨХК-д шилжүүлдэг. Энэ харилцааг зохицуулсан гэрээ. Гэтэл нэхэмжлэгч манайхыг дулаан худалдаж авсан мэтээр ярьж байна. Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагад ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Энэ хэргийн хариуцагч дулаан хэрэглэсэн аж ахуйн нэгж байгууллагууд болон айл өрхүүд гэж болно. Харин түгээсэн орлогын нийт 8.5 хувийг суутгаж авдаг. Байгууллагын төлсөн 84 000 000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 97 сая төгрөгт тооцоо нийлсэн акт байхгүй. Бидний хувьд орж ирсэн орлогыг дараа сарын 10-ны дотор шилжүүлэх үүрэгтэй, орж ирсэн мөнгөнүүдийг тухай бүр шилжүүлсэн. Хоёр компани хоёулаа төрийн өмчит компани учир ямар нэгэн маргаан байх ёсгүй. "Багануур дулааны станц" ТӨХК нь дулаанаа үйлдвэрлэж, "Багануур Ус" ОНӨААТҮГазар түүнийг нь түгээх үүрэгтэй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 97 865 389 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Багануур дулааны станц ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 225 227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 647 277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргасан Н.Ганбаатарыг тус байгууллагын захирлаар томилсон эсхүл тус байгууллагын гэрчилгээнд захирлаар бүртгэгдсэн үндэслэл бүхий баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байхад шүүх Н.Ганбаатар гэх хүний гарын үсэгтэй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх 2 сарын хугацаанд огт тогтоогоогүй хэргийг хянан шийдвэрлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. ...Нэхэмжлэгч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 71 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.3 дахь заалтын дагуу маргааныг урьдчилан Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хандан шийдвэрлэх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч дээрх журмыг санаатайгаар зөрчиж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байтал энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх шийдвэрээ дүгнэхдээ ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд буруу дүгнэлт хийсэн. Багануур-Ус ОНӨААТҮГ болон "Багануурын дулаан станц" ТӨХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулсан. Энэ гэрээний зорилго нь "Багануурын дулаан станц" ТӨХК-ийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг, Багануур-Ус ОНӨААТҮГазар өөрсдийн өмчлөлийн дулаан түгээх зориулалт бүхий шугам, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмжийг ашиглан айл өрх болон аж ахуй нэгж байгууллагуудад дулааны эрчим хүч түгээж, энэхүү "Багануурын дулааны станц" ТӨХК-ийн дулааны эрчим хүчийг түгээснийхээ төлөө, тодорхой хэмжээний төлбөр авах зорилготой байгуулсан гэрээ юм. Түүнээс талуудын хооронд дулааны эрчим хүч худалдах-худалдаан авах гэрээ биш гэдгийг шүүх дүгнэж чадаагүй. Багануур-Ус ОНӨААТҮГазар болон Багануурын дулаан станц ТӨХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний зорилго нь Багануур-Ус ОНӨААТҮГ-н эзэмшил дулааны шугам, дулаан дамжуулах төвүүдийг "Багануурын дулаан станц" ТӨХК-д ашиглуулан орон сууц, цэцэрлэг, ЛАНБ-уудыг дулаан хангамж, хэрэглээний халуун, хүйтэн усаар тасралтгүй хангах зорилготой юм. Уг гэрээний дагуу "Багануурын дулааны станц" ТӨХК нь манай байгууллагын дулааны шугам, дулаан дамжуулах төвийг ашигласныхаа төлөө орлогын 14 хувийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү төлбөрөө бид "Багануурын дулааны станц" ТӨХК-ийн манай байгууллагын дулааны шугам, дулаан дамжуулах төвүүдээр дамжуулан худалдсан төлбөрөөс гаргуулан авах бөгөөд дээрх мөнгө нь манай Багануур-Ус ОНӨААТҮГ-н дансаар орж ирдэг тул бид орж ирсэн мөнгөөс хамтран ажиллах гэрээний дагуу 14 хувийг суутган авч үлдэгдэл мөнгийг cap бүрийн 10-ны дотор шилжүүлдэг. Анхан шатны шүүхээс "Багануурын дулаан станц" ТӨХК-иас дулааны эрчим хүч хэрэглэсэн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын өр төлбөрийг төлөх, өр төлбөр барагдуулах үүргийг Багануур-Ус ОНӨААТҮГазар хүлээсэн мэт дүгнэж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Багануурын дулааны станц” ТӨХК нь хариуцагч “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 174 714 505.58 төгрөг, алдангид 7 150 884.25 төгрөг нийт 181 865 389.83 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2016/3 дугаартай Дулааны эрчим хүчээр хангах, дулаан эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд талууд гарын үсэг зурсан, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өгсөн захиалгаар өөрийн үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг нийлүүлэх, хариуцагч нь уг нийлүүлсэн дулаан эрчим хүчийг цааш нь өөрийн тоног төхөөрөмжөөр хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дамжуулан түгээж худалдан борлуулах, худалдан авсан эрчим хүчний тооцоог сар бүр нийлж, улмаар сар бүрийн 10-ны дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.
Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 2016/3 дугаартай Дулааны эрчим хүчээр хангах, Дулаан эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ болон зохигчдын тайлбараас үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дулаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек “Багануур станц” ТӨХК-ийн нийлүүлсэн дулаан эрчим хүчийг “Багануур-Ус” ОНӨААТҮГазар хэрэглээгүй, тус байгууллагын дулаан түгээх төвөөр дамжуулан хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хэрэглэсэн тул тэднээс шаардах ёстой гэж татгалзлаа тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад шууд нийлүүлсэн баримтгүй, тэдгээртэй худалдан борлуулах гэрээ байгуулаагүйгээс гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хариуцагч тодорхой үнээр худалдан авч хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад өөрийн тоног төхөөрөмжөөр дамжуулан түгээхдээ өөр үнээр худалдан борлуулж ашгийн тодорхой хувийг авч байгаа нь хариуцагчийг дулаан эрчим хүчийг хэрэглээгүй гэж үзэх, төлбөрийг төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Хэргийн 14, 31, 39-40 дүгээр тал дахь хариуцагч байгууллагын удаа дараа өгч байсан тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 2, 3 дугаар сард 174 865 389.58 төгрөгийн дулаан эрчим хүч нийлүүлсэн тухай үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Талуудын байгуулсан гэрээний 6.13-т эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн сард худалдан авсан эрчим хүчний тооцооны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлнө, мөн гэрээний 6.14-т эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн сард худалдан авсан эрчим хүчний төлбөрийг энэхүү гэрээний 6.13-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг хоног тутам тооцно гэж тус тус тохиролцсон байна.
Дээрх гэрээний тохиролцоог хариуцагч зөрчсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нийлүүлсэн дулаан эрчим хүчний үнэ 174 714 505.58 төгрөг, алданги 7 150 884.25 төгрөг нийт 181 865 389.83 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 84 000 000 төгрөгийг хасч үлдэх 97 865 389.83 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек талуудын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.1-д нэхэмжлэгч нь манай байгууллагын дулааны шугам, дулаан дамжуулах төвийг ашигласныхаа төлөө орлогын 8.5 хувийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч байгуулллагын эрчим хүчийг өөрсдийн эзэмшлийн дулаан түгээх шугамаа ашиглуулан худалдан борлуулсны орлогоос тодорхой хэмжээний төлбөр авч хамтран ажиллаж байгаа гэж тайлбарласан байна.
Уг гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй тул дээрх тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг тодруулалгүйгээр шүүх иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, тэрээр гомдол гаргаагүй, уг зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Талуудын хооронд үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг худалдан борлуулахтай холбоотой гэрээний харилцаа үүссэн байтал Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хэрэглэн урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 276 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ