Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01779

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00135 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00059 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Р-ад холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.А би иргэн Б.Р-тай тохиролцож, Өлгий сумын 5 дугаар багт шинээр баригдаж 2016 онд ашиглалтад орсон 11 айлын орон сууцны нийт /101,4 м2 х 82 000=8 314 800/ төгрөгт вакуум цонхыг нь хийсэн. Тухайн үед урьдчилгаа мөнгө болох 5 314 800 төгрөгийг авсан боловч үлдсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг одоо болтол авч чадаагүй, Б.Р-аас удаа дараа нэхсэн боловч төлж өгөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

Иймд Баян-Өлгий аймаг Өлгий сум 5 дугаар багт шинээр баригдаж 2016 онд ашиглалтад орсон 11 айлын орон сууцны вакуум цонхны үлдэгдэл мөнгө болох 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Бид С.А-ын хүсэлтээр 15 айлын орон сууцны барилгын вакуум цонхыг зохих технологийн дагуу чанартай хийж өгнө гэсний дагуу 1 мкв вакуум цонхыг 80 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон.

С.А нь би хотоос материал авах хэрэгтэй болсон учраас урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 5 314 800 төгрөг өгсөн. Нийт авах ёстой 8 080 000 төгрөгөөс 5 314 800 төгрөгийг урьдчилгаанд авсан орон сууц ашиглалтад өгсний дараа 2 150 000 төгрөгийг авсан. Одоо 615 200 төгрөгийн үлдэгдэл байгаа. С.А- уг 15 айлын орон сууцны барилгын вакуум цонхыг хийхдээ стандартын бус З мм шилээр шиллэж, силикон огт хэрэглээгүй байсан. Нимгэн шил хийснээс болж өвөл цонхонд цанталт үүссэн. Иймд оршин суугчдаас цонхны шилийг 4мм-ийн шилээр 100% жийргийн хамт сольж өгөх шаардлага тавьсан байгаа. 

101 мкв вакуум цонхыг шиллэхэд 5 500 000 төгрөгийн зардал гарч байгаа ба С.А-д удаа дараа хэлж шаардсан боловч хийж өгөхгүй байгаа болохоор би хохирч байна. Зарим айлуудын тагтны хаалга огт ажиллахгүй түгжээнүүд нь чанаргүй материалаар хийгдсэн тул онгойлгоход эвдэрч байгаа. Барилгын хуульд шинээр баригдсан барилга 3 жилийн баталгаат хугацаатай, хэрэглэгчийн буруугаас биш тохиолдолд засвар үйлчилгээг гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй. С.А энэ хохирлыг өөрөө ухамсарлан хийж өгөх хэрэгтэй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00135 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Р-аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Р-аас 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00059 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/000135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хоёр шатны шүүх нөхцөл байдлыг буруу ойлгож, хэт хийсвэр дүгнэлт хийснээс болж миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу С.Ань “...101 мкв вакуум цонхыг 4 мм-ийн шилээр хийж, 1 мкв-ыг 80 000 төгрөгөөр миний эзэмшилд шилжүүлэх ёстой байсан” юм. Гэтэл С.А нь өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэхдээ зөрчиж гүйцэтгэсэн тул түүний гүйцэтгэсэн ажлын дутагдлыг арилгахыг шаардаж, дутагдлыг арилгасны дараа үлдэгдэл 615 000 төгрөгөө аваарай гэж хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл миний бие захиалагчийн хувьд ажлын гүйцэтгэлийг хүлээж авах үед буюу ажил гүйцэтгэгчээс бүх цонхнуудыг суурилуулж дуусаж байхад нэг цонх санамсаргүй байдлаар хагарах үед тухайн захиалсан бүх цонхнуудын шил 4 мм биш 3 мм байсан болохыг мэдсэн юм. Би захиалагчийн хувьд ажил гүйцэтгэгчид хандаж 3 мм-ийн шилийг 4мм-ийн шилээр сольж өгсний дараа хөлсөө бүрэн авахыг шаардсан юм. Тухайн үед ажил гүйцэтгэгч С.А нь “тэгье, сольж өгье” гэж хэлчихээд тэр чигээрээ яваад өгсөн ба тэрнээс хойш С.А надаас байнга зугтдаг болсон. Би С.А-тай утсаар байнга ярьж оршин суугчдаас гомдол ирснийг, шилээ солихыг шаардаж ирсэн. Нэгэнт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй учраас ажил гүйцэтгүүлэгч би ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзсэн. Шүүхээс намайг ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч С.А одоо болтол гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байхад хоёр шатны шүүхээс буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч С.А-ыг “вакуум цонхыг хэлэлцэн тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэж, захиалагчид шилжүүлсэн” гэж үзсэн явдалд гомдолтой байна. Шүүх нь нэг талын эрх ашгийн үүднээс ямар нэгэн баримтгүйгээр нэхэмжлэгчид ашигтай дүгнэлт хийж, ажил гүйцэтгэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн мэтээр хийсвэр дүгнэлт гаргаж, миний эсрэг шийдвэр гаргаж өгсөн юм.

Миний бие хоёр шатны шүүхэд анх тайлбар гаргах үеэс эхлээд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгэсний дараа үлдэгдэл ажлын хөлсөө аваарай гэж шаардаж байсан гэдгээ бичиж өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс миний энэ тайлбартай холбогдуулан ямар нэгэн тайлбар, нотлох баримт ирүүлээгүй явдал нь өөрийгөө гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөнтэй адилтгаж үзэх ёстой байсан. Харин миний хувьд оршин суугчдын гарын үсэг бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байсан. Үүнд вакуум цонхыг зохих стандарт шаардлагын дагуу хийгээгүй болохыг нотолсон, ач холбогдолтой нотлох баримтууд юм. Энэхүү нотлох баримтыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтуудын хоорондын ач холбогдол, хамааралд үнэлэлт, дүгнэлт хийхээс татгалзаж, үндэслэлгүйгээр хийсвэр дүгнэлт хийж байгаа явдалд маш их гомдолтой байна. Үүнээс болж шүүхийн шийдвэр үндэслэлтэй буюу хуульд нийцсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй юм.

Би С.А-д анх захиалгаа өгөх үед 5 314 800 төгрөгийг урьдчилгаа болгож, ажил гүйцэтгэсний дараа 2 150 000 төгрөгийг өгч байсан боловч 2 150 000 төгрөгийг бэлнээр өгсөн учраас ямар нэгэн баримт аваагүй шүүхэд нотолж чадахгүй байна. Учир нь би ажил гүйцэтгэгч С.А-д итгэсэн юм. Үүнийг нэхэмжлэгч далимдуулаад надаас илүү мөнгө төгрөг шаардаж байгаад харамсаж байгаа болно.

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд амаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б.Р-ын барьсан 15 айлын орон сууцны барилгын вакуум цонхыг хийж, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Ажлын хөлсийг 8 314 800 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч 8 080 000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэгчид ажлын хөлсний урьдчилгаанд 5 314 800 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.  

Хариуцагч Б.Р- нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрөөс гадна барилгыг ашиглалтад өгснөөс хойш 2 150 000 төгрөг төлсөн, 615 200 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан гэж үзэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2018/00135 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00059 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН