Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 110/2022/0035/З |
Дугаар | 221/МА2022/0711 |
Огноо | 2022-11-10 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0711
н 15 өдөр
“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: “ХБ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Даваасүрэн
Нэхэмжлэгч: “ХБ” ХХК
Хариуцагч: БӨАЗД,
Хариуцагч: Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ
Гуравдагч этгээд: “ХТ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...ҮХ-ны Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий Алтанцөгц сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерээс “ХБ” ХХК-ийг татгалзсан шийдвэрийг (1), “ХТ” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан шийдвэрийг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/412 дугаартай мэдэгдлийг (3), захиалагч болон гуравдагч этгээд хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг (4) тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах (5)” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 110/2022/0035/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-аас БӨАЗД, Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХнд холбогдуулан “ҮХны Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий Алтанцөгц сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерээс “ХБ” ХХК-ийг татгалзсан шийдвэрийг (1), “ХТ” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан шийдвэрийг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/412 дугаартай мэдэгдлийг (3), захиалагч болон гуравдагч этгээд хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг (4) тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах (5)”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан “ХБ” ХХК-аас БӨАЗД, Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо:
3.1. Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ БШУЯ 202212010 дугаартай тендерт манай компани холбогдох баримтаа бүрдүүлэн оролцсон ба тендерийн ҮХ-ны 2022 оны 4 сарын 01-ний өдрийн шийдвэрээр "ХТ" ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, БӨАЗД нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын дотуур байрны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ хамгийн муу үнэлгээтэй, мөн үнийн өндөр санал болгосон “ХТ” ХХК-ийг шалгаруулсан тул манай компани ҮХ-ны шийдвэр, мөн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт хууль бус, нэг талын нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.2. Тус тендерт шалгарсан “ХТ” ХХК-ийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан хэд хэдэн үндсэн шаардлагыг хангаагүй нь тус компани ирүүлсэн тендерээс харагддаг. Үүнд:
3.2.1. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-т “...2019, 2020, 2021 онуудын аль 11 нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх... ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ...”,
3.2.2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.9-ийн “Е”-д “...түншлэлийн гишүүн бүр энэхүү ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ...”, ТӨХ-ийн 17.2.5-ын “4”-д “...Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ...” гэж заасан. Тендерт шалгарсан “ХТ” ХХК нь ТӨХ-ийн 17.6-д заасан аль нэг жилд тендерийн төсөвт өртөг болох 2.880.100.000 төгрөгийн 40 хувь буюу 1.152.040.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажил хийж гүйцэтгээгүй, 2021 онд зарласан 400.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Улаан байшин боомт/ тендерт шалгарч уг барилгын ажил гүйцэтгэсэн хэрнээ гэрээ ирүүлээгүй ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй,
-Иргэн 3.Зангарын 20 айлын орон сууцны барилга хүлээлцсэн улсын 76 комиссын актад гишүүд гарын үсэг зураагүй /үүнийг хуурамчаар хийсэн/, “ХТ” ХХК-ийн түншлэгч “ЕБА” ХХК нь ТӨХ-ийн 17.2.5-ийн “4”-д заасан шаардлагыг хангаагүй буюу харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлээгүй гэх зэрэг санхүүгийн чадавхын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэх хуулийн заалт болон уг тендерийн ТӨХ-д заасан санхүүгийн чадавхыг цахим тендер эсэх, Нээлттэй тендер шалгаруулалтын журам хангахгүй байхад тус компанийг шалгаруулсан нь ҮХ-ны шийдвэр хууль бус атал үүнийг үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хууль бус, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3.3. Шүүхээс манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “...тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй болно гэснийг хангахгүй байна. ...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ТӨХ-ийн 17.6.1-д “... Уг ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр доорх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх шаардлагагүй. БА-3.1 тусгай зөвшөөрөл нь төлөөлөх эрх бүхий компанид байх шаардлагатай....” гээд БА-8.1, БА-3.1. БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 зөвшөөрлүүдтэй байхыг шаардсан. Манай компани нь тендер үнэлэхээс өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан байсан. Тусгай зөвшөөрөл нь гарсан өдрөөс хойш хүчинтэй ба гэрээ нь тусгай зөвшөөрөл олгогч, эзэмшигчийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад орших юм. Түүнээс биш гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл хүчин болох ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3.4. Манай компанийн тендерээс татгалзсан бас нэг үндэслэл нь санал болгосон Бонго авто машин нь тендер зарлагдахаас өмнө тус компанийн эзэмшилд байх шаардлага хангаагүй гэж үзсэн ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн байна. “ХТ” ХХК болон манай компанийн тендерийг харьцуулж үзэхэд хамгийн сайн үнэлэгдсэн гэх “ХТ” ХХК-ийн тендер нь Санхүүгийн хувьд хууль болон ТӨХ-д заасан шаардлага хангаагүй ба манай компанийн тендерийн татгалзсан үндэслэл “ХТ” ХХК-ийн тендертэй харьцуулахад татгалзах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл санхүүгийн чадавх муу компани дараагийн ажлын санхүүжилтээ өмнөх ажлын гүйцэтгэлд оруулах, банкны зээл, зээлийн хүү, банкны хугацаа хэтэрсэн зээлээ санхүүжүүлэх эрсдэлтэй учраас санхүүгийн чадавх хангахгүй байгаа компанийн тендерийг шалгаруулсан ҮХ-ны шийдвэр хууль бус, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 16-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаж байна.
2. Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн захирал Ц.Д-ээс “...Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий Алтанцөгц сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерт санхүүгийн хувьд хууль болон Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангаагүй “ХТ” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус, ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэх тендер шалгаруулалтай холбоотой гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх БШУЯ/202212010 дугаартай Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум ажлын/ тендерийн урилгыг Өглөөний сонин, tenger.gov.mn, Өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зарлаж мэдээлсэн, уг урилгад тендерийн нээлт хийхээр тусгасан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ҮХ нь тендерийн нээлтийг хийж, “ХБ” ХХК, “ХТ” ХХК, “А” ХХК, “К” ХХК-иудын тендерийн материалуудыг хүлээн авч, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулах үнэлгээний дүгнэлт хийхээр шийдвэрлэжээ.
4. Компаниудын тендерт ирүүлсэн материалуудад үнэлгээ хийхэд үнийн саналын хувьд;
Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь 2.698.797.880 төгрөг, “ХТ” ХХК нь 2.864.505.888 төгрөг, “А” ХХК нь 2.939.659.986 төгрөг, “К” ХХК нь 2.599.289.973 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн байх ба тендерүүдийг хянан үзэж үнэлгээ хийхэд гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн тендер” гэж үзэн ажил гүйцэтгэгчээр шалгаруулахаар шийдвэрлэсэн Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий Алтанцөгц сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ-ны хурлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр нь /1-р хх-30-33 тал/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь үнийн саналын хувьд “ХТ” ХХК-иас бага 31 202 200 төгрөгийн зөрүүтэй үнийн санал гаргасан байх боловч тус компанийн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, 28-41 ХОҮ улсын дугаартай “Bongo Frontier” маркийн машин тендер зарлагдсан өдрөөс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тухай компанийн эзэмшилд шилжүүлсэн нь ТШЗ 17.6.1, ТОӨЗ 5.2-т заасан шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Тодруулбал,
5.1. Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр тендерт оролцохдоо барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-тай гэрээ байгуулаагүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3/3923 албан бичигт “Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар тушаалын дагуу барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай сунгасан” гэж, “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №22/342/ТЗ албан бичиг зэргээр тогтоогдсон, энэ нь тендерээс татгалзах гол үндэслэл болсон байх тендерийн үнэлгээний шатанд хамруулах ёсгүй байсан байна.
5.2. Өөрөөр хэлбэл, тендер нээсэн өдөр нэхэмжлэгч нь гэрээ байгуулаагүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэр гараагүй, тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байх нөхцөл шаардлагыг хангаагүй байсан байх тул ҮХ-ны нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үйлдэл нь үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчээс 2841 ХОҮ дугаартай Bongo Frontier загварын бага оврын ачааны машиныг 2022 оны 3 дугаар 31-ний өдөр эзэмшилдээ авсан нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТШЗ 17.6.3-т заасан “Шаардлагатай машин механизм нь тендер зарлагдсан өдрийн байдлаар тухайн компанийн эзэмшилд байсан байх“ гэх шаардлагыг хангаагүй байна.
7. Хэргийн оролцогчдын тайлбар, ҮХ-ны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Сонгон шалгаруулалтад оролцогчдын судалгаа, Тендерт оролцогчдын гэрээг хэрэгжүүлэх чадварын /хүснэгт/ зэргээс үзвэл, тендерт оролцогч 4 компанийг бүгдийг нь ТӨХ-д заасан борлуулалтын үзүүлэлтийн шаардлагыг хангасан гэж үзжээ.
8. Тендерийн өгөгдлийн хүснэгт, ТШЗ 17.6-т “...2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэж, мөн хүснэгтийн ТШЗ 17.9-т “хамгийн доод шалгуур Түншлэл нь ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамаарч хамтдаа бүрэн хангасан байна” гэж зааснаар “ХТ” ХХК болон түүний түншлэлийн гишүүн “ЭБА констракшн” ХХК, иргэн А.А-ы захиалгаар барьсан төсөвт өртөг бүхий барилгын үнийн дүнгийн нийлбэр нь тухайн тендерийн батлагдсан төсвийн 40 хувь буюу 1 152.040.000 төгрөгийн үнийн дүнгээс багагүй байх шаардлагыг хангасан, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
9. “ХТ” ХХК-ийн түншлэгч “Эба констракшн” ХХК нь ТӨХ-ийн 17.2.5-д заасан санхүүгийн чадавхын талаар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах баримтаар шаардсан харилцагч банкны тодорхойлолтыг тендерийн материалд хавсраагүй үйл баримт тогтоогдож байх боловч ҮХ-оос гаргасан “...хоорондын хийсэн түншлэлийн гэрээний 3.1-д “ХТ” ХХК бүх төлбөр тооцоог хариуцаж байгаа тул “Эба консракшн” ХХК-аас харилцагч банкид хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухай тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй болно” гэх тайлбарыг буруутгах боломжгүйн дээр, гуравдагч этгээд “ХТ” ХХК нь “тендер шалгаруулалтаас хойш 2022 онд төлөвлөгдсөн ажлыг гүйцэтгэж 140 000 000 төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас авсан” гэх нөхцөл байдал тогтоогдсон, анхан шатны шүүхээс “...энэ зөрчил нь ...бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зөрчил биш гэж үзлээ” гэсэн нь үндэслэл бүхий байна.
10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, “Хөх тас” ХХК /түншлэгч “Эбо констракшн” ХХК/-ийн тендерийн материал нь “ХБ” ХХК-иас илүү Тендер шалгаруулалтын зааварчилгаа, Тендерийн өгөгдлийн хүснэгт, заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” үнэлэгдсэн байх бөгөөд хариуцагч нь тендер шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Хариуцагч нараас тендерийг шалгараагүй үндэслэлийг нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн, “хамгийн сайн тендер” гэж үнэлэгдсэн “ХТ” ХХК-д шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасантай нийцжээ.
12. Иймд хариуцагч нь зохих нөхцөл, шаардлага, журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулсан байх тул нэхэмжлэгчийн “...тендерийг шалгаруулсан ҮХны шийдвэр хууль бус, ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэсэн давж заалдах гомдол дурьдсан үндэслэлээр БШУЯ/202212010 дугаартай Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ ажлын тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
13. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2022/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА