Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

      2021        02          25                                   2021/ШЦТ/132

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Ж.Э , түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ж.Э д холбогдох эрүүгийн 2011018971174 дугаар хэргийг 2021 оны 2 дугаар  сарын 10-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ж.Э , 1968 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд Тоёота Приус 61-39 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ч.Амарсайханыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэн эсэргүүцэж, Ч.Амарсайханыг тухайн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас татаж, хаалгыг нээх үед тээврийн хэрэгслийг хөдөлгөн замын хөдөлгөөнд оролцож эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 найзын хамт нэг шил дарс уусан байсан. Улмаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад намайг цагдаа зогсоосон. Би бичиг баримтаа шалгуулах гэж байхдаа гэнэт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ санаа зовоод бичиг баримтаа шалгуулахгүй явсан. Явж байхад араас Ч.Амарсайхан ирээд надад та миний гарыг хавччихлаа гэж хэлсэн. Би гарыг нь харахад хавдсан байдалтай байсан бөгөөд ил харагдах шарх сорив байгаагүй. Би хохирогчийг хамт гэмтлийн эмнэлэг явах талаар хэлсэн боловч цагдаагийн ахлах нь явуулаагүй. 2 цагийн дараа намайг дуудахад гараа гипсээр боолгосон байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би санаатай гэмтээх бодол байгаагүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

            Хохирогч Ч.Амарсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирээд үүрэг авч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны гудамжны зүүн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр 17 цагийн үед 61-39 УНА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 загварын автомашиныг зогсоож шалгуулах шаардлага тавихад жолооч нь цонхоо онгойлгохгүй машин дотроо тонгойгоод суугаад байсан. Тэгэхээр нь хаалганы бариулыг нь татаад хаалгыг нь онгойлгоход жолооч нь хаалгаа хаагаад хөдөлсөн. Тухайн үед миний гар хаалганы бариуланд хавчуулагдаад 50 метр газар чирэгдээд дагаж гүйж байгаад гараа салгаж авсан. Тухайн машин хурдаа нэмээд зугтаагаад явсан. Гэтэл ард талд байсан жолооч суучих гэхээр нь машинд суугаад араас нь яваад урт цагааны баруун талд түгжрэл дунд зогсож байхад нь машинаар урд нь хааж зогсоогоод шалгахад Ж.Э  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. ...тухайн үед миний гар өвдөөд байсан болохоор гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд зүүн гарын бугуйн яс, зүүн гарын чигчий хуруу гэмтсэн байна гээд гипсдсэн. Драйгераар согтуурлын зэрэг шалгахад 0.90 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12321 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Ч.Амарсайханы биед зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 12-13/,

             Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх 21/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжлүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илүүлснэ тухай тэмдэглэл /хх 22-23/, шүүгдэгч Ж.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 34-35/, хохирол төлбөр авсан тухай хохирогч Ч.Амарсайханы хүсэлт /хх 44/,  зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд Тоёота Приус 61-39 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ч.Амарсайханыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэн эсэргүүцэж, Ч.Амарсайханыг тухайн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас татаж, хаалгыг нээх үед тээврийн хэрэгслийг хөдөлгөн замын хөдөлгөөнд оролцож эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Амарсайханы “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирээд үүрэг авч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны гудамжны зүүн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр 17 цагийн үед 61-39 УНА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 загварын автомашиныг зогсоож шалгуулах шаардлага тавихад жолооч нь цонхоо онгойлгохгүй машин дотроо тонгойгоод суугаад байсан. Тэгэхээр нь хаалганы бариулыг нь татаад хаалгыг нь онгойлгоход жолооч нь хаалгаа хаагаад хөдөлсөн. Тухайн үед миний гар хаалганы бариуланд хавчуулагдаад 50 метр газар чирэгдээд дагаж гүйж байгаад гараа салгаж авсан. Тухайн машин хурдаа нэмээд зугтаагаад явсан. Гэтэл ард талд байсан жолооч суучих гэхээр нь машинд суугаад араас нь яваад урт цагааны баруун талд түгжрэл дунд зогсож байхад нь машинаар урд нь хааж зогсоогоод шалгахад Ж.Э  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. ...тухайн үед миний гар өвдөөд байсан болохоор гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд зүүн гарын бугуйн яс, зүүн гарын чигчий хуруу гэмтсэн байна гээд гипсдсэн. Драйгераар согтуурлын зэрэг шалгахад 0.90 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12321 дугаар шинжээчийн “...Ч.Амарсайханы биед зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 12-13/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Э  нь хохирол төлбөрт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Ч.Амарсайхан нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ж.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Ж.Э ын өмгөөлөгч Ц.Дагвадорж нь “...Ж.Э  нь Ч.Амарсайханыг гэмтээх санаа байгаагүй, хүч хэрэглэж буюу заналхийлээгүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгсэл зогсоох дохиог ойлгогдохуйц байдлаар илэрхийлэх ёстой. Мөн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож шалгах зохицуулалт байхгүй. Хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас биед нь гэмтэл учирсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Гэмтлийг болгоомжгүй учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Ж.Э  нь хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Ч.Амарсайханы албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, хүч хэрэглэн эсэргүүцэж буюу Ч.Амарсайханыг тухайн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас татаж, хаалгыг нээх үед тээврийн хэрэгслийг хөдөлгөн зугтан замын хөдөлгөөнд оролцох үед Ч.Амарсайханы эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж түүний биед зүүн гарын бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12321 тоот дүгнэлт /хх 12-13/, хохирогч Ч.Амарсайханы мэдүүлэг /хх 7-8/, шүүгдэгч Ж.Э ыг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Э ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгч Ж.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч Ж.Э д оногдуулсан 3.150.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ж.Э  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ж.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ж.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН