| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0106/И |
| Дугаар | 265 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 265
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Элит Техно Монгол Сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-50-02 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ67070761 регистрийн дугаартай, Жигжээ овогт Сангидоржийн Цэцэгмаад холбогдох
Керби сентриа иж бүрдэл барааг худалдсаны үнийн үлдэгдэл 1545270 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Элит Техно Монгол Сервис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “ЭлитТехно Монгол Сервис”ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 26- ны өдөр Сангидорж овогтой Цэцэгмаатай /РД:ВЮ67070761/ 5,500,000 төгрөгийн үнэтэй Керби Сентриа иж бүрдэл барааг 500,000 төгрөгийн урьдчилгаа авч 15 сарын хугацаатай сар бүр 333,300 төгрег төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болоход С.Цэцэгмаа нь нийтдээ 4,222,900 төгрөг төлж, үлдэгдэл 1,277,100 төгрөг төлөөгүй нь үнэн болно. Иймд гэрээний 6.4-д заасны дагуу алданги болох 268,170 төгрөг, мөн төлбөрийн үлдэгдэл болох 1,277,100 төгрөг нийт 1,545,270, төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг барагдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус байгууллага нь С.Цэцэгмаад 1,277,100 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч С.Цэцэгмаа нэхэмжилсэн дүнгээс 343,000 төгрөгийг татгалзсан. Иймд манай байгууллага уг дүнг хөнгөлж өгөөд үлдэгдэл 943,000 төгрөг төлөхөөр С.Цэцэгмаатай тохиролцсон талаар тайлбар гаргаж байна. Иймээс уг тайлбарын дагуу шийдэж егнө үү гэжээ.
Хариуцагч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Цэцэгмаа нь Элит Техно Монгол Сервис ХХК-иас надад холбогдуулан гаргасан 1545270 төгрөгийн нэхэмжлэлээс харилцан тохиролцож 943000 төгрөгийг тус компанид төлөхөөр боллоо. Ингэж төлөхдөө тус компанитай харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 07 дугаар сараас эхлэн сар бүр 50000 төгрөгийг тус компаний дансанд хийж байхаар тохирсон бөгөөд тус компаний зүгээс миний авсан бүтээгдэхүүний доголдлыг арилгаж өгнө гэж тохиролцсон. Мөн гэрээний баталгаат хугацааг 3 сараар сунгаж өгөхөөр болсон. Өөр маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Эрдэнэсайхан нь керби сентриа иж бүрдэл барааг худалдсаны үнийн үлдэгдэл 1545270 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 602270 төгрөгийг татгалзсан, хариуцагч С.Цэцэгмаа нь 943000 төгрөгийг нэхэмжлэгч Элит Техно Монгол Сервис ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Эрдэнэсайхан нь керби сентриа иж бүрдэл барааг худалдсаны үнийн үлдэгдэл 1545270 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 602270 төгрөгийг татгалзсан, хариуцагч С.Цэцэгмаа нь 943000 төгрөгийг нэхэмжлэгч Элит Техно Монгол Сервис ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 19837 төгрөг, хариуцагч С.Цэцэгмаагаас 13591 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Элит Техно Монгол Сервис ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч С.Цэцэгмаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ