Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0044/З |
Дугаар | 684 |
Огноо | 2018-05-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 684
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АМГТГ-КХД-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газраас солбицлыг нь тогтоосон ашигтмалтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай болох Ө******* аймгийн Н******* сумын нутаг Н******* гэдэг газарт холбогдох материалын бүрдлийг ханган хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан ба өргөдлийн бүртгэлийн NE-02502 (ХА-09501) дугаарт бүртгэгдсэн болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ө******* аймгийн Засаг дарга уг өргөдөлд дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тул ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 466 тоот шийдвэр гаргаж уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанид дээр дурдсан газар буюу талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанаар тус компанийн дараах эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулах,
2. Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрх олж авч, улмаар ирээдүйд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах,
3. Тухайн талбайд хийсэн тойм судалгааны ажлын зардал, хөдөлмөрийн алдагдал зэрэг болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 466 тоот шийдвэр дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд:
1. Д******* аймгийн Засаг дарга ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бүрэн эрхтэй атал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 тоот шийдвэрт Д******* аймгийн Засаг дарга өргөдөлд дэмжихгүй гэсэн санал гаргах хуульд заасан ямар нэг үндэслэл заагдаагүй байна.
2. Засгийн газрын байгууллагууд орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэхийг нягтлан шалган тогтоосны үндсэн дээр Монгол Улсын Засгийн Газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасны дагуу солбицлыг нь тогтоож, төрийн эрх бүхий захиргааны байгууллагаас зохих журмын дагуу нийтэд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан ямар нэг үндэслэл байх боломжгүй юм.
“М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 7 дугаарсарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн аваад хуульд заасан хугацаанддээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийг хянуулахаар гомдол гаргасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан болно.
Хариуцагчийн дээд шатны албан тушаалтнаас өгсөн хариуд Ө******* аймгийн Засаг дарга уг газрыг Эмгэнбулаг багийн өвөлжилтийн бүс нутаг, ховордсон ан амьтан, задгай булаг устай, нийтийн эзэмшлийн зам, шилэн кабелийн шугамтай давхцаж байгаа гэх үндэслэлээр уг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан гэх үндэслэл заажээ. Эдгээр үндэслэл нь хуульд заагдаагүй байна. Тухайлбал,
1. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хорих тусгай хэрэгцээний газарт авагдаагүй.
2. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамрагдаагүй байна.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 466 тоот шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр өөрөөр хэлбэл, хуульд заагдаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан Ө******* аймгийн Засаг даргын хариуг үндэслэн Ө******* аймгийн Н******* сумын нутаг Н******* гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Нэгэнт нэхэмжлэлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ямар нэг үндэслэл байхгүй нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу Н******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй болно.
Ийм учраас дээр дурдсан үндэслэлүүдээр “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн Н******* гэх талбайд холбогдох хэсгийг захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул, захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн Н******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-д гаргасан өргөдлийнх нь дагуу Ө******* аймгийн Н******* сумын Н******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах гэжээ.
Хариуцагч АМГТГ-КХД-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээс “М” ХХК-ийн Н******* талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-26502 тоот өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.
Дээрх тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар шинээр олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
“М” ХХК нь Ө******* аймгийн Н******* сумын нутаг Н******* нэртэй 6275.03 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гарган NE-26502 дугаарт бүртгүүлсэн байна.
Тухайн өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу санал авах мэдэгдлийг Ө******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7928 тоотоор хүргүүлсэн байна.
Ө******* аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот саналын хуудсыг ирүүлсэн ба NE-26502 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байна.
Дэмжихгүй саналын үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахад дэмжээгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэжээ.
“М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2015 тоотоор орон нутагтай харилцан ойлголцож, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах боломжтой болсон тул Ө******* аймгийн Засаг даргаас дахин санал авахыг хүссэн ба Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/71 тоотоор Ө******* аймгийн Засаг даргад санал авах мэдэгдлийг дахин хүргүүлсэн байна.
Засаг даргын дэмжихгүй санал нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд орон нутгаас ирүүлсэн саналын хууль ёсны эсэхийг тогтоох эрх хэмжээ манай газарт хуулиар олгогдоогүй болно.
Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх заалтын хүрээнд сонсох ажиллагааг хийж өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №041 дүгээрт нийтэлж олон нийтэд хүргэж ажилласан.
Энэхүү сонсох ажиллагаанд “М” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09/2017 тоот албан бичгээр тайлбар гаргаж ирүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр NE-26502 өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно.
Иймд “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “М” ХХК-ийн Н******* талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-26502 тоот өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“М” ХК нь Ө******* аймгийн Н******* сумын нутагт орших 6275.03 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026502 дугаарт бүртгэсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөдөлд тусгагдсан талбайд анхан шатны зураг зүйн шүүлт хийснээр “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Ө******* аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7928 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд Ө******* аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1-2090 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй талаарх саналаа ирүүлсэнтэй холбоотой Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн гэж үзэх боломжтой байна.
Түүнчлэн “М” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж ... орон нутгийн иргэдтэй уулзаж харилцан ойлголцож, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах боломжтой болсон тул санал авах тухай хуудсыг дахин явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/71 дугаар мэдэгдлийг Ө******* аймгийн Засаг даргад дахин хүргүүлж байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй санал нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд харин Ашигт малтмал, газрын тосны газар /Кадастрын хэлтэс/ нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан Засгийн газрын агентлагийн хувьд Үндсэн хууль бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэгтэй этгээд биш гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжтой.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэдэг учир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, түүний харьяа нэгж нь аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх эрхгүй байна.
Хэдийгээр Ө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/Ш2018/00015 дугаар шийдвэрээр Ө******* аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх саналын үндэслэл болсон Ө******* аймгийн Н******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 33 дугаар тогтоол болон тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 169 дүгээр тогтоолын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээс өмнө цаг хугацаанд гарсан маргаан бүхий захиргааны актыг буруутгаж, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авсан захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзвэл аймгийн Засаг даргаас санал авах, Засаг дарга өргөдлийн солбицолд хамаарах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Тэргүүлэгчид/-ын саналыг авснаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг Ашигт малтмалын газарт хүргүүлэхээр, харин дэмжсэн санал ирвэл төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргах зэрэг харилцааг зохицуулсан боловч Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, мөн 17, 18, 20 дугаар зүйлүүдийг өөрчлөн найруулж, 19 дүгээр зүйлийг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байна.
Ингэснээр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч шийдвэрлэхгүй, харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгч “М” ХХК-ийн зөрчигдсөн эрх сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн Н******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА