Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0716

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

              Улаанбаатар хот

“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: “АТ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Д

Нэхэмжлэгч: “АТ” ХХК

    Хариуцагч: АМГТГ-ын КХ

    Нэхэмжлэлийн шаардлага: “...“АТ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-017945 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг АМГТГ-ын КХ-т даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0680 дугаар шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0947/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч “АТ” ХХК-аас АМГТГ-ын КХ-т холбогдуулан “...“АТ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-017945 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг АМГТГ-ын КХ-т даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АТ” ХХК-ийн АМГТГ-ын КХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

    3. Нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0680 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуульд заасан “нотлох баримтыг цуглуулах” үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь албан бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас хариу албан бичгүүдээ хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна...”, ... дээрх хуулийн заалтуудыг үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгохоор заажээ...”, “...хэдийгээр шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр ... засаг даргын ... үйлдэл хууль бус болохыг тогтоосон боловч “АТ” ХХК нь үүнээс хойш хариуцагч захиргааны байгууллагад хандсан талаар баримтаар тогтоогдохгүй байна ... иймд хариуцагчийг хүсэлт шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэжээ.

3.2. Шүүхийн дээрх дүгнэлт, үндэслэл нь ойлгомжгүй байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлох баримтыг цуглуулах” үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал, 2022 оны 04 сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө гаргасан боловч дутуу материал хүлээж авахгүй гээд буцаасан тул тухайн албан тушаалтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцэхээр завсарласан боловч тодорхой шийдвэр гаргаагүй. /хх 98-99/.

3.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх өргөдөл, хүсэлт гэсэн өөр өөр ойлголтыг ялгаж үзэлгүйгээр буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргах, төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн авч ажлын 10 өдөрт багтааж хянахаар зохицуулсан байна.

3.4. Хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтан нь манай компанийн зүгээс хуульд заасан хугацаанд гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг материал дутуу байна гээд хүлээж авалгүй буцаасан үйлдэл нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Зүй нь төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг материал дутуу ч байсан хүлээн авч хянаад ямар нэгэн хариу өгөх ёстой байсан, гэтэл энэ үүргээ биелүүлээгүй нь манай байгууллагыг хохироогоод байгаа юм. Харин шүүх үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлээгүй буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өргөдөл хүлээн авдаг албан тушаалтныг гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргахад шүүх хүсэлт хэлэлцэхээр завсарласан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй хурлыг товлосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон, тухайн гэрчийг асууснаар хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан ба үүнтэй холбоотой нотлох ажиллагааг шүүх бүрдүүлээгүйгээс манай компанид хохиролтой шийдвэр гарсан гэж үзэж байна.

3.5. Харин удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдийн хувьд манай компани тухайн орон нутгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох менежментийн төлөвлөгөөг батлуулахыг даалгах тухай Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн захирамж, бусад баримтуудыг хавсаргаж, мөн тухайн захиргааны шүүхийн шийдвэр, Засаг даргын батлагдсан төлөвлөгөө зэргийг хавсаргаад манай компани буруугүй нь нотлогдож байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах байсныг шүүх буруу тайлбарласан. Мөн шүүх Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш захиргааны байгууллагад хандсан талаар баримтаар тогтоогдоогүй гэжээ. Манай компани дээр шүүхийн төгөлдөр шийдвэрийг холбогдох баримтуудтай хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдлийг хүлээн авч шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, энэ талаар буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

        1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцээгүй байна.

       2. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “АТ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “...“АТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017945 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болгосон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг АМГТГ-ын КХ-т даалгуулах” гэж тодорхойлсныг хариуцагчаас эс зөвшөөрч маргасан байна.

       3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Их баян нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017945 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “ЭБПП” ХХК-иас “АТ” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн, улмаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг  2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс тооцож, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийгджээ. 

      4. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн үйл баримттай хариуцагч маргаагүй.

      5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “...“АТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус” гэж, харин хариуцагчаас нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон хэмээн татгалзаж маргасан.

           6. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” гэсэн хэсгийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж,түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”-ыг хавсаргахаар заажээ.

 

           7. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “АТ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардагдах баримт бичгийн нэг болох “2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хандсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 21/08 дугаар хүсэлтэд,  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 24-ний дотор хянаж, хариу өгөх ёстой байтал 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлөө хугацаандаа сунгуулах өргөдөл гаргах эрхийг хязгаарласан, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл болсон байна. 

 

 8. Мөн дээрх сумын Засаг даргын татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “АТ” ХХК-иас Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргад холбогдуулан Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 112/ШШ2021/0044 дугаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан “АТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/184 дугаар албан бичгээр “АТ” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

           9. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт XV-017945 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021, 2022 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга баталж, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хянаж, бүртгэсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ. 

 

          10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч “АТ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчид гаргаж чадаагүй буюу хугацаандаа сунгуулах өргөдөл гаргаагүй нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хууль бус үйлдэлтэй холбоотой байна.

 

          11. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болж болох хэдий ч дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь түүний буруутай үйл ажиллагаанаас хамаарсан эсэхийг хариуцагч харгалзан үзэх шаардлагатай байтал “...компани нь ...4 материалыг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй.

 

         12. Энэ нөхцөл байдлуудын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “АТ” ХХК-иас урьдчилан хариуцагчид хандаж мэдэгдсэн байсан болох нь нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/10, 21/11, мөн оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 21/12, 21/13, 9 дүгээр сарын 6-ны өдрийн 21/14 дүгээр албан бичгүүдээр тогтоогдож байх тул /хавтаст хэргийн 13,14, 16-22, 24-27 дахь тал/ хариуцагчийн “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үйлдэл нь хууль бус байна.

 

          13. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчээс маргалдаж буй үйл баримтын талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх “...нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаар баримт байхгүй тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэсэн заалтыг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн нотлох баримт үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.

 

    14. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “АТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017945 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг АМГТГ-ын КХт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН 

 

 

                 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

                 ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА