| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0048/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 110
2021 02 04 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч М.Н, У.Ө,
хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ууганбаярын Ө, Лхамжав овогт Мягмардоржийн Н нарт холбогдох эрүүгийн 2011 00000 1076 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 29 дүгээр гудамжны 718 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Ууганбаярын Ө /РД:УК98051812/,
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Андер Армор” дэлгүүрт худалдагч ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгой 38 дугаар гудамжны 946 тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан Лхамжав овогт Мягмардоржийн Н /РД:У396041236/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Н, У.Ө нар нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Ө, М.Н нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын өргөө” караокены гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Мөнх-Эрдэний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв.
Шүүгдэгч У.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ... ” гэв.
Шүүгдэгч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой ажлаа тараад гэртээ байж байсан чинь найз Ө залгаад “би Ганаатай уулзчихсан байна, чи манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь гэрээсээ гараад такси бариад Өын гэрт очсон. Намайг Өынд ороход Ганаа, Ө хоёр хамт зурагт үзээд сууж байсан ба бид гурав хамтдаа зурагт үзээд юм яриад сууж байгаад нээрээ Билгүүний төрсөн өдөр болж байгаа шүү дээ гээд мэнд хүргэхээр залгаж ярьсан. Тэгээд Билгүүн тэгвэл хэдүүлээ уулзах уу гээд бид 3 Өын гэрт байна гэж хэлсэн. Тэгээд Билгүүн би удахгүй очлоо гэж хэлээд 30-40 минутын дараа орж ирсэн, ирэхдээ цүнхэндээ 1 шил “Эден” нэртэй архи хийчихсэн байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад архи дууссан байсан учраас Өын гэрээс гараад такси бариад Чингэлтэй дүүргийн Нисдэг машины эсрэг талд байрладаг “Хаадын өргөө” караокед ороод хүн тус бүр 1 шил пиво захиалаад уугаад, дуулаад сууж байсан чинь Билгүүний оюутан ангийн найз залгаж байна гэж хэлж байсан. ...гаднаас 3 охин, 1 залуугийн хамт орж ирсэн, тэгээд тэр хүмүүс дахин пиво нэмж авад 4 цаг хүртэл пиво ууж суусан. ...Ө сүүлд орж ирсэн нэрийг нь мэдэхгүй залуутай хамт гараад иргэж орж ирэхдээ муудалцсан орж ирсэн. 04 цагийн үед караоке хаах болоод бид нар бүгдээрээ гадагш гарсан. Гэтэл найз Ө муудалцсан залуутайгаа барьцалдаад авчихсан хэрэлдээд зогсож байхаар нь бид нар очоод салгах гэсэн чинь тэр залуу “та нар яах юм, ална шүү” гээд дайраад болохгүй болохоор нь тэр залууг гараа атгаж байгаад нүүр хэсэг лүү нь 1 удаа цохих үед газар унаж байсан. Тэгээд хамт байсан хүмүүс нь намайг салгацгаасан...” гэх /хх-ийн 31-32х/,
Шүүгдэгч У.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед баруун 4 замд байрлах ажлаа тараад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр автобуснаас буугаад явж байгаад найз Ган-Эрдэнэтэй тааралдаад юм яриад зогсож байсан тэгээд найз Нийн гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухад гэртээ байна гэхээр нь хэдүүлээ уулзах уу гэж асуухад тэгье гэж хэлээд Н манай гэрт орж ирсэн. Тэр үед манай гэрт Ганаа бид хоёр байсан. Бид хэсэг хугацаанд зурагт үзээд юм яриад сууж байгаад найз Билгүүний төрсөн өдөр болж байсан учраас түүнд мэнд хүргэхээр залгасан. Тэгээд Билгүүнтэй ярихад хэдүүлээ уулзах уу гэхээр нь тэгье чи манайд хүрээд ир гэж хэлсэн.... ойр зуурын юм ярьж байгаад маргалдах үед тэр залуу миний хацар луу 1 удаа алгадаад авахаар нь би яаж байгаа юм бэ гээд хэсэг байж байгаад эргээд караокены өрөөнд ороод Нэд тэр залуу намайг алагдчихлаа гэж хэлтэл Н “за яахав, эр хүнд иймд зүйл байдаг юм” гэж хэлэхээр нь тийм дээ гэж бодоод бие ээ бариад суусан. Бид нар 04 цагийн үед караокеноос гарцгаасан ба гарах үед тэр залуу “ахын дүү нар та нар яагаад байна” гээд бид нар орилоод, дайраад байсан. Тэгээд надтай муудалцаад “ахын дүү, хүүе” гээд намайг барьж аваад миний шанаа хэсэг лүү алагдахаар нь зөрүүлээд хацар хэсэг лүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохих үед төрсөн өдрийн эзэн Билгүүн ирж “хүүе, больцгоогооч” гэж хэлээд намайг холдуулсан. Тэгээд байж байтал цаанаас Н гэнэт гарч ирээд тэр залуутай барьцалдаад авсны дараа Билгүүн намайг тэр газраас холдуулсан. ..Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Н бид хоёроос өөр хүн тэр залууд ерөөсөө гар хүрээгүй...” гэх /хх- ийн 35-36х/,
Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Намайг гадаа зогсож байсан чинь халзан залуу хүрч ирээд тамхи асуухаар нь байхгүй гэсэн чинь гэнэт уурлаад намайг хацар хэсэг рүү гараараа цохисон тэгээд барьцалдаад зогсож байсан чинь араас нь нэг дунд зэргийн нуруутай залуу шууд хүрч ирээд миний хацар, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би цохиулчихаад гараараа толгойгоо дараад хэвтсэн тэр үед хэн хэн намайг цохиж зодсон талаар мэдэхгүй байна, халзан болон дунд зэргийн нуруутай залуу хоёр намайг голчлон зодсон. Тэгээд байж байсан чинь манай найз хүрч ирээд салгасан мөн төрсөн өдрийн эзэн Билгүүнээ салгаж байсан. Би тэр хоёрт гар хүрээгүй халзантай хэрэлдээд зогсож байсан чинь дунд зэргийн нуруутай залуу орж ирээд миний толгой хэсэг рүү гараараа болон чулуугаар хэд хэдэн удаа цохисон...” гэх /хх-ийн 11-12х/,
Гэрч Д.Бханз мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Намайг ирэхэд караокены гадна талд бөөн зодоон болоод байх шиг хүмүүс бужигнаад байсан тэгээд гайхаад яваад очтол манай найз Мөнх-Эрдэнэ нэг халзан толгойтой залуутай зууралдчихсан Мөнх-Эрдэний нүүр ам нь нил цус болчихсон зогсож байхаар нь шууд очоод тэр халзан толгойтой залууг түлхэж холдуултал хажуугаас дунд зэргийн нуруутай залуу орж ирээд манай найз Мөнх-Эрдэний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь тэр залууг боль гэж хэлээд гараараа түлхээд холдуулсан чинь тэр залуу газраас чулуу аваад дахин Мөнх-Эрдэнэ рүү дайраад түүний нүүрэн тус газар руу дахин 2 удаа цохиод авахаар нь чи яаж байгаа юм бэ ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд түүний гараас татаад холдуулчхаад найз Мөнх-Эрдэнэ болон түүний найз охин Батцэцэг нарыг машиндаа суулгаад хөдлөөд явчихсан. Тэр залуучууд зарим нэг агсарч байсан 2 залуугаа бариад аваад үлдсэн юм...” гэх /хх-ийн 17х/,
Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Бид нар бөөнөөрөө гадагш гарсан чинь караокены хашаан дотор сүүлд ирсэн залуу, Ө хоёр хоорондоо муудалцсан байдалтай барьцалдчихсан зогсож байсан ба найз Н очоод тэр залуугийн нүүр хэсэг лүү гараараа цохиж байсан. ...Тэр залууг Ө, Н хоёроос өөр цохиж, зодсон хүн байхгүй..." гэх /хх-ийн 22x/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11989 дугаартай дүгнэлтэд:
Ц.Мөнх-Эрдэнийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нэг шүдний эмтрэл, нэг шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Ө, М.Н нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын өргөө” караокены гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Мөнх-Эрдэний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүх, шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч М.Н, У.Ө нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авч хавтаст хэрэгт баримтаар авагдсан 676,989 төгрөгийг хохирогч Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангай 82-03 тоотод оршин суух, Халх овгийн Цогтбаярын Мөнх-Эрдэнэ /РД: ИЭ97053011/-д нийт 676,989 төгрөгийг тэнцүүлэн төлсөн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Ууганбаярын Ө, Лхамжав овогт Мягмардоржийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг,
шүүгдэгч М.Нийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД