Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

                              

 

 

 

 

 

   2021        03          03                                    2021/ШЦТ/148

     

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Болдбаатарын Бөд холбогдох эрүүгийн 1911 02705 0936 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1993 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 356в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бат овогт Болдбаатарын Б /РД:ТГ93072631/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэди” төвийн орчимд иргэн Г.Гантуяагийн халааснаас “Ай-фоне-икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,665,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ариунзаяагийн халааснаас “Ай-фоне 7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 721,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

НЭГ: Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сард 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвийн хажууд ганцаараа явж байхад миний урд 30 орчим насны эмэгтэй алхаад явж байсан бөгөөд түүний гадуур хувцасны баруун талын халаасанд гар утас байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би араас нь дагаж явж байгаад түүнд мэдэгдэхгүйгээр гар утсыг нь авсан. Тэгтэл гар утас нь “айфон икс” маркийн гар утас байсан бөгөөд тухайн гар утсыг авмагцаа 100 айл руу явсан ба явах хугацаандаа би Баяржаргал гэдэг найзтайгаа тааралдсан бөгөөд түүнд би уг утсыг хулгайлж авсан талаараа огт хэлээгүй ба утас зарах талаараа хэлээд авсан утсаа 300,000 төгрөгөөр 100 айлд байрлах ломбарданд зарсан юм. Баяржаргал нь тухайн үед согтуу надаас архины мөнгө асуугаад байхаар нь 300,000 төгрөгөөсөө 5000 төгрөгийг Баяржаргалд өгөөд үлдсэн мөнгийг өөрөө аваад явсан..../хх-ийн 36-37х/,

Хохирогч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ажлаасаа гарахдаа гар утсаа гартаа барьж байгаад халаасандаа хийгээд алхсан. Надад ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй. “Айфон икс” маркийн цагаан өнгөтэй шар кестэй цагаан чихэвчтэй гар утас байсан. Имей код нь байхгүй 2019 оны 6 дугаар сард Тэди төвийн 2 давхраас 2,000,000 төгрөгт худалдан авч байсан..” гэх /хх-ийн 23х/,

Гэрч Ц.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, тухайн өдөр 15 цагийн орчимд Тэди худалдааны төвийн хажууд явж байхад Улаанаа нь /Б/ гэгч утсаар ярьж “Туул рестораны урд хүрээд ир” гэж намайг дуудсан. Тэгээд би шууд “Туул” рестораны урд явж очоод Улаанаатай уулзсан. Улаанаа нь Тэгээд надад “хоёулаа 100 айл орж юм заръя аа” гэж улмаар бид хоёр 100 айлын урд байдаг автобусны хажууд байдаг шараар бичсэн хаягтай “Баталгаат утас засвар”-ын газарт алхаж очоод улмаар Улаанаа нь дотор нь ороод хэсэг байж байгаад гарсан. Тухайн үед би Баталгаат гар утас засварын газрын гадна байсан дотогшоо ороогүй. Улмаар би гадна зогсож байхад Улаанаа гарч ирээд надад 5,000 төгрөг өгөөд надаас салаад явсан. Тэгээд би автобусны буудалд үлдээд ТҮЦ-ээс тамхи аваад гэр рүүгээ аваад алхсан. Надад зарах эд зүйлийн нэрийг хэлээгүй. Ямар эд зүйл зарсныг би мэдэхгүй байна” гэх /хх-ийн 24х/,

Гэрч Н.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ rap утсыг миний бие павлионоо ажиллуулж байх үед 2 согтуу эрэгтэй орж ирээд надаас “...ax гар утас сэлбэгт авах уу” гэж асууж байсан бөгөөд тухайн үед би тус rap утсыг нь үзэхэд цагаан өнгийн, “айфон икс” маркийн гар утас байсан бөгөөд уг утас нь “hello” буюу ашиглах боломжгүй болчихсон байсан бөгөөд тэрхүү утсыг зарахаар ирсэн хүнээс “...энэ хэний утас вэ? Ямар учраас зарах гэж байгаа юм бэ" гэж асуухад надад “...уг гар утсыг олж авсан юм, эвдэрхий болохоор нь сэлбэгт зарах гэсэн юм” гэж хэлсэн бөгөөд би үзэж хараад сэлбэгт авч болохоор юм байна гэж хэлэхэд надаас “..дэлгэц нь ямар үнэтэй байдаг юм бэ” гэж асуухад нь би түүнд “..айфон-Х гар утасны дэлгэж 300,000 төгрөгийн үнэтэй байдаг юм” гэж хэлэхэд тэрхүү залуу надаас “...та 300,000 төгрөгөөр авчихаач” гэж гуйгаад байсан бөгөөд тухайн үед нэг залуу нь цаана нь нэлээд согтуу байдалтай байсан. Ингээд би тус гap утсыг нь сэлбэгт 300,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд утсыг авсан. Ингээд 300,000 төгрөг өгсний дараагаар тэдгээр 2 залуу гараад явсан бөгөөд ерөнхийдөө 2-уулаа нэлээд согтуу байсан санагдаж байна, архи их үнэртэж байсан, Ингээд тус гap утсыг нь аваад сэлбэгт задалж амжаагүй байсан бөгөөд тухайн согтуу залуу ирснээс хойш 1-2 хоногийн дараа яг надад тус гap утсыг сэлбэгт зарсан залуу нэгэн цагдаатай хамт ирсэн бөгөөд өнөөх “айфон икс” маркийн гap утсыг асууж эхэлсэн бөгөөд тухайн үед би ямар учиртай талаар цагдаагаас нь асуухад гар утас хулгайн замаар олдсон хэмээн надад хэлж, гap утсыг хураан авч байсан. Энэ үед би тус гар утас хулгайн замаар олдсон гэдгийг нь ойлгосон бөгөөд тухайн үед би 300,000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлт цагдаад нь тавьсан боловч тэрхүү утсыг надад өгсөн залуу нь төлбөрийн чадваргүй байсан болохоор нь би эргэлзэж байгаад өргөдөл гаргаагүй юм. Өмнө нь манай павилион дээр хулгай орж, би гар утаснуудаа алдаж, цагдаа сэргийлэхээр явж цаг хугацаагаа алдаж байсан ч эцэст нь юу ч олж чадалгүй хохироод үлдэж байсан удаатай бөгөөд дахиж цагдаа сэргийлэхээр явж, өөртөө хүндрэл чирэгдэл учруулахгүйн тулд би гомдол гаргаагүй юм.Угаасаа тэрхүү согтуу залуу нь ямар ч төлбөр төлөх чадваргүй хүн шиг байсан. Миний хувьд би одоогоор хувиараа барилгын ажил хийж хөдөө гадаа их явж, ашиг орлого олж байгаа учраас надад уг хохирсон 300,000 төгрөгтөө харамсах зүйл алга, ядарсан хүнээс мөнгө нэхэх надад шаардлага алга...” /хх-ийн 29х/,

Дамно ХХК-ний үнэлгээний тайланд: “Айфоне икс” гар утас 1,655,000 төгрөг...” тайлан /хх-ийн 31-32 х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21х/,

ХОЁР: Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” гэх газар суудаг хөлгүй ах дээр очсон юм тэгээд Улаанаа ахаас архи байна уу гэсэн чинь надад байхгүй гэж хэлэхээр нь би өөрөө архи олж уух гээд явсан чинь миний урдуур нэг эмэгтэй явж өнгөрөхийг харсан чинь халаасанд нь нэг утас харагдахаар нь тухайн утсыг нь хулгайлж аваад тэр дороо “Монтел” гэх газар очоод зарах гэсэн чинь утас авах хүн олдохгүй тэр хавиар явж байгаад нэг зогсож байсан хөгшин ах дээр очоод энэ миний утас байгаа юм та хямдхан авчхаач гэж хэлсэн чинь 60,000 төгрөгөөр авахаар болоод тэгээд би тэр хүнд зараад зарсан мөнгөөрөө архи ууж байгаад Баянзүрх захын тэндээс хоёр цагдаад баригдаад явсан...” /хх-ийн 97-98х/,

Хохирогч Б.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хот Пот” ресторанд өөрийн ажлынхантайгаа үдийн хоол идчихээд гараад Мөнгөн завъяагийн зүг алхаад явж байтал араас хэн нэгэн үл таних хүн дагаж байгаа нь хажуугийн барилгын шилний тусгалд харагдсан бөгөөд гадуур хувцасны баруун талын халаасанд хүрэх шиг болоод эргээд харахад тэр хүн шууд явж байсан чигээ өөрчлөөд миний хажуугаар гараад хурдан яваад өгсөн. Тэгээд тухайн үед би гадуур хувцасныхаа баруун халаасаа тэмтрэхэд халаасанд байсан “Айфоне 7” маркийн ягаан өнийн гэртэй хар өнгийн гар утас маань байхгүй байгааг анзаараад тухайн хажуугаар зөрсөн хүний араас “ Чи надаас юм авчихсан уу үгүй юу...” гэхэд надад тэр хүн “...юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн бөгөөд би ч тухайн үед магадгүй гар утсаа ресторанд үлдээсэн байж магадгүй гэж эргэлзээд буцаад ресторанд ороод асуухад гар утас маань байгаагүй. Тэрхүү сэжиглэж байгаа хүн 30 орчим настай, 170-175 см өндөртэй улбар шар өнгийн куртиктэй, энгэр надтай дотроо пудволк өмсөөгүй, бараан өмдтэй, шардуу царайтай, онигор нүдтэй, том хамартай хүн байсан. Архи үнэртэж байсан. Мөн бага зэрэг бөөрөнхий хэлтэй хэлээ хазаж байгаа юм шиг ярьдаг хүн байсан....” гэх /хх-ийн 103-104х/,

 Гэрч Б.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үл таних хүнээс хар өнгийн “Айфоне 7” маркийн гар утас 60,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн хүн тус гар утсыг тэнд байсан олон хүмүүсээс авчхаач хэмээн гуйгаад байсан бөгөөд миний бие тэр залууг өрөвдөөд гар утсыг нь үзээд “...Энэ чиний яг өөрийн чинь гар утас юм уу, хаанаас авсан юм... “ гэхэд надад ”...гар утсыг өөрийнхөө гар утас ямар ч асуудалгүй мөнгөний яаралтай хэрэг байна, та авчхаач...” гэж гуйсан...Би түүнээс гар утсыг нь байсан 60,000 төгрөгтөө худалдан авсан...” гэх /хх-ийн 105х/,

Дамно ХХК-ний үнэлгээний тайланд “... гар утас 721.000 төгрөг ...” тайлан /хх-ийн 110 х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 100х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 131-132х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тэди” төвийн орчимд иргэн Г.Гантуяагийн халааснаас “Ай-фоне-икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,665,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ариунзаяагийн халааснаас “Ай-фоне 7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 721,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүртэл нийт 41 хоног, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 21 хоног нийт цагдан хоригдсон 62 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож 469 цагийг түүний эдлэх ялаас хасаж, түүний биелүүлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг 224 цагаар тогтоов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Б.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үндэслэл арилсан тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                 

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овогт Болдбаатарын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийт 62 хоног цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож 496 цагийг түүний биелүүлэх ялаас хасаж, биелүүлбэл зохих ялыг 224 /хоёр зуун хорин дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ШҮҮГЧ                                П.АРИУНБОЛД