Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 422

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “В” ХХК,   
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй,    
Хариуцагч: НЗД холбогдох,
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-н 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлж гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “В” ХХК-ийн Ерөнхий захирал Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “В” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2725 м.кв газрыг НЗД-н 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот захирамж, эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэн 2009 оны 165 тоот захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж байсан.
Уг эзэмшил газраас 916 м.кв газрыг “Б” ХХК-д НЗД эрх мэдлээ хэтрүүлж олгосон 2010 оны 581 тоот захирамжийг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 147 тоот тогтоолоор, дахин “Б” ХХК-д НЗД-аас 2013 онд олгосон А/1017 тоот захирамжийг мөн Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгосоор байтал 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжаар дахин “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан НЗД-ын захирамж нь утга агуулгын хувьд ижил бөгөөд удаа дараа ийнхүү хууль бус захирамж гаргаж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэж, эрх мэдлээ хэтрүүлж байгаа хууль бус үйлдэл юм. Удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдэд НЗД нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл хэсгийг удаа дараа зөрчиж байгаа тухай дурдсаар байтал дахин дахин хууль бус захирамж гаргаж байгаа нь “Б” ХХК-ийн хээл хахуулийн нөлөөлөл их байгааг харуулж байгаа төдийгүй, манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд НГА-ы Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“В” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн 916 м.кв газрыг эзэмшиж буй “Б” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.
НЗД-ын 2007 оны 63 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын спорт комлексийн зүүн талд “В” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 2725 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээ болгон өөрчилсөн байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болохоор зохицуулалт байдаг боловч тухайн үед шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл авахгүйгээр газрынхаа тодорхой хэсгийг “Б” ХХК-тай харилцан тохиролцож, ашиглуулж улмаар /Орхон төв/ баригдсан бөгөөд 2 талын хөрөнгө оруулалтыг асуудлаас болж өмчийн маргаан үүсч, иргэний хэргийн шүүхээр хэрэг хянагдсан байдаг.
“В” ХХК нь өөрийн эзэмшил газар дээрээ бусдын хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө бий болгохыг харилцан зөвшөөрсний үндсэн дээр барилга баригдсан. Улмаар өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн “Б” ХХК нь барилгын доорх газраа эзэмших хүсэлт гаргасны дагуу дээрх нөхцөл байдлыг харгалзан НЗД-ын 2010 оны 581 дүгээр захирамжаар “Б” ХХК-д 916 м.кв талбай, “В” ХХК-д 1086 м.кв талбай газрыг эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан.
Гэтэл “В” ХХК нь дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу бүрдэл хийгдээгүй байхад НЗД нэр шилжүүлэх захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэн захиргааны хэргийн шүүхээр 2010 оны 581 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “В” ХХК нь НЗД-дгазар чөлөөлөхгүй байгаа талаар нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 314 дүгээр шийдвэр, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 287 тоот дугаар магадлал, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 212 тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 1/9269, 1/2991 тоот албан бичгүүдээр шинэ захиргааны акт үйлдэхийг даалгасан тул нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж НЗД-ын удирдлагын зөвлөлөөр танилцуулахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны НЗД-ын А/1017 тоот захирамжаар хоёр аж ахуйн нэгжид барилгын сууриар нь буюу “В” ХХК-д 652 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, “Б” ХХК-д 916 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус баталгаажуулсан байна.
Мөн “В” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд НЗД-ын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл гарган захиргааны шүүхээс хянан хэлэлцээд “В” ХХК-ийн 2009 оны 165 тоот захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар магадлалаар шийдвэр өөрчлөлт оруулан зөвхөн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
“Б” ХХК-ийг Орхон худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоосон Улсын дээд шүүхийн 2009 оны 588 дугаар тогтоол, Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн, НЗД-ын 2016 оны А/558 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-д 916 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон болно.
Одоогоор нэхэмжлэгч “В” ХХК нь хууль ёсны газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээгүй байх тул дээрх маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“В” XXК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НЗД-ын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн 916 м.кв газрыг эзэмшиж буй “Б” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт орших Орхон худалдааны төвийг өөрийн 100 хувийн хөрөнгөөр тухайн үед газрыг эзэмшиж байсан Нумт Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Д.А-ы зөвшөөрлөөр барьсан, гэтэл Д.А нь уг барилгыг өөрийн өмчлөгч мэтээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авснаар бидний хоорондын өмчлөлийн маргаан 2004 оноос шүүхээр явсаар 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 588 дугаар тогтоолоор манай компанийг Орхон худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоосон.
Мөн уг барилгыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 20, 22, 34, 35, 41, 42, 49, 59, 60 дугаар зүйлд заасны дагуу “В” ХХК газар чөлөөлүүлэх, нүүлгэх шаардлага гаргах эрхгүй, мөн “Б” ХХК нь Орхон худалдааны төвийн барилгыг барихдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг зөрчөөгүй байна гэж эцэслэн шийдвэрлэсэн. Иймд манай компани Орхон худалдааны төвийн барилгыг газар эзэмшигчийн зөвшөөрлөөр барьж ашиглалтад оруулан өмчилж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн НЗД 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 581 дүгээр захирамжаар “В” ХХК-ийн эзэмшлийн 2725 м.кв талбайгаас Орхон худалдааны төвийн доорх 916 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
“В” ХХК нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн “В” ХХК-д эзэмшүүлснийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, харин уг захирамжаар хүчингүй болгосон 165 дугаар захирамжийг сэргээлгэх нэхэмжлэл гаргаагүй. Ийм учраас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож 3 заалтыг хэвээр үлдээсэн”. Үүний дараа “В” ХХК нь 147 тоот тогтоолыг эс биелүүлж 165 тоот тогтоолыг сэргээхгүй байна гэсэн нэхэмжлэлийг гаргахад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101 тоот тогтоол гарсан.
“В” ХХК-ийн 2009 оны 165 тоот газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул газар эзэмших эрх дуусгавар болсон. Иймд манай компани Орхон худалдааны төвийн доорх 916 м.кв газрыг 2004 оноос эзэмшиж байгаа бөгөөд газрын төлбөрийг төлсөөр ирсэн тул газар эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн, НЗД-ын 2016 оны А/558 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-д 916 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Энэ тухай “В” ХХК-д мэдэгдсэн байхад нэхэмжлэлийг 1 жилийн дараа гаргаж байгаа нь гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “В” ХХК нь шүүхэд НЗД-дхолбогдуулан “НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, гэрээний хугацаа сунгаж, “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч “В” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 131 дүгээр тогтоол, Улаанбаатар шуудангийн үйлчилгээ эрхэлдэг “Б” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/1862 тоот албан бичигт: “В” ХХК-д хаяглагдсан 5/4703 дугаартай албан бичгийг ...Нийслэлийн Өмч, харилцааны газар руу 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр буцаасан болохыг дурьдснаар хариуцагч байгууллагаас “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэн талаар нотлох баримтаа хангалттай” ирүүлээгүй байх тул захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дараах нөхцөл байдлууд тогтоогдсон тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“В” ХХК, “Б” ХХК-иудын хооронд газрын маргаан 2008 оноос эхлэлтэй бөгөөд иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар өмчлөлийн хийгээд газрын маргаануудыг эцэслэн шийдвэрлэж байсан ба хэрэгт бичгэн хэлбэрээр бүх шүүхийн шийдвэрүүд авагдсан болно.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 116 дугаар, 2011 оны 147 дугаар тогтоолууд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолуудаар нэхэмжлэгч “В” ХХК-д НЗД-ын 2007 оны 63 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хорооллын спорт комлексийн зүүн талд үйлчилгээний зориулалтаар 2725 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээ болгон өөрчилсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн тухайд Нийслэлийн нутаг дэвсгэрт газар, барилгажилтын асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны хурал, Улсын Дээд шүүхийн 2009 оны 588 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг Орхон худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоож, НЗД-ын 2013 оны А/1017 дугаар захирамжийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тул Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-д 916 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгохоор, 3 дугаар заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжийн “В” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  
Хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын танилцуулгад “Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 101 дүгээр тогтоолоор НЗД-ын 2013 оны 1017 дугаар захирамжийг хүчингүй болгосноор “Б” ХХК нь 916 м.кв, “В” ХХК нь 652 м.кв газрыг эзэмших эрхгүй болсон. Иймд дээрх байгууллагуудын газар эзэмших эрх хүчингүй болсон тул газар дээр нь нягталж, дахин газар эзэмшүүлэх шаардлагатай...”, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...”Б” ХХК, “В” ХХК хоорондын маргаантай асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтран ажиллаж, шийдвэрийн төслийг хуулийн үндэслэлтэйгээр яаралтай боловсруулж, танилцуулахыг ... үүрэг болгосон”, мөн тухайн газрын маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар хийсэн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд ““В” ХХК-д НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжийн дагуу 2725 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах гэрээ хийх, гэрчилгээ олгох боломжгүй байна. ...”Б” ХХК-д “Орхон” Худалдааны төвийн барилгыг өмчлүүлсэн, гэрчилгээ олгосон байгаа нь уг газар дээр бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байна. ... “В” ХХК нь эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьж “Их монгол” Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн....”, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 5/4901 тоот албан бичигт “В” ХХК-д НЗД-ын 2013 оны А/1017 дугаар захирамжаар газар эзэмшүүлснийг  Улсын Дээд шүүхийн 2015 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болгосныг мэдээллийн санд бүртгэсэн болно...” гэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй.
Учир нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч “В” ХХК-д НЗД-ын 2007 оны 63 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 2725 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээ болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байхад “В” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй атал гуравдагч этгээд болох “Б” ХХК-д НЗД-ын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжуудаар тухайн газрыг хэргийн оролцогчдод хуваан эзэмшүүлсэн нь буруу байна гэж дүгнээд уг захирамжуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх учиртай.
“В” ХХК-иас  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй” гэсний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт болон НЗД-д2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/9, 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/17, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 50, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15/06 тоот албан бичгүүдээр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар удаа дараа хандаж байсан ба эдгээр албан бичгийн хариуд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/7990 тоот албан бичгээр “...асуудал шүүхэд хянагдаж байхад хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгснийг нэгэнт тухайн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй учир газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй болохыг шүүх үгүйсгэхгүй.
Гэвч өмнөх маргаан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн 101 дүгээр тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжтой байхад нэхэмжлэгчид хариуцагчаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 5/6464 тоот албан бичгээр “асуудал хэлэлцэхийг дахин судлахаар хойшлуулав”, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 5/4993 тоот албан бичгээр “...танайд эзэмшүүлсэн газрын эрх дуусгавар болсон тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “...Нийслэлийн... Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, НЗД хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх эрхтэй хэдий ч сунгахгүй байх үндэслэл бүрдсэн байх учиртай. Нэхэмжлэгч “В” ХХК-ийн тухайд 2725 м.кв газрыг НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн боловч Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрыг бүхэлд нь эзэмшүүлэх үүргээ огт биелүүлж байгаагүй байна. Харин нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээний дагуу газрын төлбөрийг тухай бүр төлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоно.
Маргаан бүхий НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийн 3 дугаар заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан НЗД-ын 2009 оны 165 дугаар захирамжийн “В” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь энэ хүртэл “В” ХХК-д 2725 м.кв газар олгосон Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байсан гэж тооцох боломжтойгоос гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “актын хугацаа, үйлчлэл дуусахад цаашид дахин газар олгох боломжгүй гэж төрийн захиргааны байгууллага үзэж байгаа бол дуусгавар болсон гэсэн акт гаргах үндэслэл байхгүй” гэх тайлбартай зөрчилдөж байна.
Үүний зэрэгцээ хариуцагчаас “В” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон тул шинээр хүсэлт гаргасны дагуу “Б” ХХК-д 916 м.кв газрыг олгосон” нь тухайн тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д .Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул гуравдагч этгээдэд газар олгосон шийдвэр нь энэ хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Нэхэмжлэгч “В” ХХК нь Засаг даргад хандаж хүсэлтээ гаргаагүй, мөн газар эзэмших гэрээний хугацааг сунгуулах гэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй” гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй, учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг гаргах эрхийг Засаг даргад олгосон боловч НЗД-ын газрын асуудлыг хариуцсан Нийслэлийн Өмчийн харилцааны газраар дамжуулан хүсэлтээ гаргах, иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэл, зорилгыг илэрхийлсэн, хүсэлтдээ тусгасан байхаас бус нэр томьёоллыг хуульд зааснаар бичих албагүй. Харин тухайн тохиолдолд төрийн захиргааны байгууллага ямар хүсэлт гаргах, хэнд хэрхэн хандах талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, чиглүүлэх боломжтой.
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 588 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийг “Орхон” худалдааны төвийн барилгын өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шүүх үгүйсгээгүй боловч энэ шийдвэрээр “В” ХХК-ийн эзэмшлийн 2725 м.кв газрын хэмжээг шинэчлэн тогтоох талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, мөн Захиргааны хэргийн шүүхүүдийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь “В” ХХК-ийн эзэмшлийн газар болох нь тогтоогдсон ба Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийг дагалдан өмчлөх эрх үүсэхээр зохицуулсан аж. Энэ нь захиргааны байгууллагаас эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон этгээдэд доорх газрыг нь заавал эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд харин хууль ёсны газар эзэмшигчтэй гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах ёсгүй юм.
Мөн хариуцагч тайлбартаа “нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэх авч Газрын тухайн хуулийн 9 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлуудыг зааж өгсөн. Үүнд: аж ахуйн нэгж татан буугдсан, газар эзэмших гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан, газрыг тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлүүд тухайн маргаанд хамаарахгүй ба харин нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэл бүрдээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн “В” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй нэг үндэслэл нь ”В” ХХК нь эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьж “Их монгол” Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь маргаан бүхий НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг гаргах үед шинээр бий болсон нөхцөл байдал биш, энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 604 дүгээр шийдвэр гарах үед “В” ХХК нь 40 айлын орон сууц барьсан, орон сууц болон худалдааны төв рүү орох орц гарц, автомашины зогсоол, зам талбайн зориулалтаар нийтээр ашиглаж байгаа болох нь хэргийн оролцогчдод илэрхий болсон, энэ талаар маргаагүй, “В” ХХК-иас-иас өөрийн эзэмшлийн газрын холбогдох хэсгийг нийтийн эзэмшилд шилжүүлж, харин үлдсэн хэсгийг нэхэмжлэгчид эзэмшүүлэх байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн, мөн “Их монгол” Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн талаар эрх бүхий байгууллагаас ямар нэг захиргааны акт гараагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараар тогтоогдсон болно.
Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн хувьд маргаан бүхий газарт 2004 онд баригдсан “Орхон” худалдааны төвийн өмчлөгчөөр тогтоогдсон, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлсөөр ирсэн, төрийн захиргааны байгууллагаас удаа дараа 916 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж байсан хэдий ч шүүхийн шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон, тухайн газрыг 2004 оноос ашиглаж ирсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд заавал биелэгдэх шинжийг өөртөө агуулдаг, түүнийг төрийн захиргааны байгууллага биелүүлэх үүргийг хуулиар хүлээдэг атал санаатай буюу санаандгүй байдлаар шүүхийн шийдвэрийн агуулгыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор сэргээгээгүй байна.
Хэрэв дээрх шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага хуулийн дагуу биелүүлсэн, захиргааны байгууллагын үйл ажиллагаан дахь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдсан бол “В” ХХК-д 2009 онд орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон 2725 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдаж, тухайн газрын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч “В” ХХК нь тогтоогдсоноор НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамж гарах нөхцөл бүрдэхгүй байжээ.
Иймд нэхэмжлэгч “В” ХХК-ийн-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “В” ХХК-ийн-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бусд тооцож, НЗД-ын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийн дагуу олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлсэн  НЗД-ын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон байх тул “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.


            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


            1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, НЗД-ын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/558 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, “В” ХХК-ийн-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, НЗД-ын 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 165 дугаар шийдвэрийн дагуу олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хууль, журамд заасны дагуу сунгахыг хариуцагчид даалгасугай.
            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн “В” ХХК-д 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


 
 
                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА