Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0736

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Мд өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2022/0053 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 110/2022/0037/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь “Б.Мд өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2022/0053 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 7.1, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. “Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2.1-д “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулан” гэж тодорхой заасан. “Ахсу” ХК нь 1991 онд шимтгэл төлөөгүй. Уг хугацаанд ямар нэгэн шимтгэл төлсөн баримт байхгүй байхад төрийг хохироож, үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр огт ажиллаагүй хүнийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор буруу дүгнэн шийдвэр гаргасан.

3.2. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” мөн зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” тус тус үндэслэсэн. Уг заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.2-т “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй” гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээ, хугацаа, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ. Энэ зүйл, хэсэгт заасан “даатгуулагчид учирсан хохирол” гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “ажил олгогч бүрэн хариуцна” гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ” гэж заасныг буруу хэрэглэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбартаа:

4.1. “Малчин Б.Мын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн Оргил” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн тус сумын “Ахсу” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00923 дугаартай шийдвэрээр тогтоосон. Одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй зарчим бий.

4.2. Малчин Б.М нь 15 жилээс доошгүй жил малчнаар, нийтдээ 20-оос доошгүй жил ажилласан, 56 настай тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.Алтынбект өндөр насны тэтгэвэр тогтоолгох бүх материалыг хянуулахад нийгмийн даатгалын байцаагч “Таны өндөр насны тэтгэвэрт гарах материалууд ямар нэгэн зөрчилгүй байна. Таны өндөр насны тэтгэврийн материалуудыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удахгүй явуулна” гэж хэлээд өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг нээсэн. Хэрвээ хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй байсан бол нийгмийн даатгалын байцаагч материалыг хүлээн авахаас татгалзах журамтай. Бодит байдалд сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Алтынбек нь Б.Мд хувийн хэрэг нээж, өндөр насны тэтгэвэр тогтоосон байгаа.

4.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу 1991 онд үйл ажиллагаа явуулж байсан “Ахсу” ХК нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй асуудалд жирийн малчин Б.Мын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй. Хөдөө малчнаар ажиллаж байсан Б.Мд тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг бий болоогүй байхад ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанд нийгмийн даатгалын байгууллага заавал иргэнийг буруутган түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үйлдэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй татгалзал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй буюу уг хуулиудыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

4.4. Анхан шатны шүүх Б.Мын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Маас “Б.Мд өндөр настны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “56 нас хүрсэн, улсад 20-оос доошгүй жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан тул тэтгэвэр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтдээ Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00923 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1437 тоот архивын лавлагаа зэргийг хавсаргажээ.

4. Хариуцагчаас дээрх хүсэлтэд “Б.Мын ажиллаж байсан гэх “Ахсу” ХК нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цалингийн сангаас 13.5 хувиар тооцож тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул Б.Мын уг хугацааг ажилласнаар тооцох боломжгүй” гэж үзэн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

5. Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00923 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Мыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, мөн тус сумын “Ахсу” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болохыг тус тус тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

6. Нэхэмжлэгч Б.Мын 1991 оны нийгмийн даатгалын шимтгэлийг “Ахсу” ХК-аас төлсөн талаарх баримт байхгүй хэдий ч түүнийг “Ахс” ХК-д малчнаар 1 жил ажилласан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх ба 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус компаниас ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй бөгөөд дээрх хугацааг ажилтны шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульчлагдсан байна.

6.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заажээ.

6.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Ахсу” ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд малчнаар ажилласан болохыг тогтоосон байхад ажил олгогч “Ахсу” ХК-аас Б.Мын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг 20-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

7.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 7.1-д “нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж тус тус заасан.

7. Нэхэмжлэгч Б.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан “нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн” байх болзлыг хангасан бөгөөд ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд  Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2022/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ