Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

 

                                                           

 

 

 

 

   

    2021        03          10                                2021/ШЦТ/165

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч А.Нямсүрэн,  

шүүгдэгч Д.М,

хохирогч Д.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дорлигжавын Мд холбогдох эрүүгийн 2111 00000 0012 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 0089 тоотод оршин суух,

урьд 2001 оны 03 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2001 оны 10 сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2018 оны 06 сарын 14-ний Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 454 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ялаа эдэлж дууссан, Боржигон овогт Дорлигжавын М, /РД: ЦГ77092312/, 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн 1 давхарт Д.Өлзийсайхантай үйлчилгээний дарааллаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би эхнэртэйгээ дэлгүүрт дарааллаараа зогсож байсан. Тэгээд манай эхнэр урдуураа нэг настай хүнийг оруулахад Д.Өлзийсайхан манай эхнэрийг “чи дарааллаараа зогсооч” гэж хэлээд түлхсэн. Тэгэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд цээж лүү нь түлхэхэд миний баруун хацар руу  цохисон. Тэгсэн хамгаалагч ирээд салгахад нь би зөрүүлээд Д.Өлзийсайханыг 2 удаа цохисон...” гэв.

Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Скайтел" төв дотор эхнэр Алтанчимэгийн хамт үйлчлүүлэхээр ороход 2 ажилтан ажиллаж байсан ба хүмүүс оочирлоод зогсож байхаар нь эхнэр бид 2 хоёр эгнээнд нэг нэгээрээ оочирлож зогссон юм. Гэтэл манай эхнэрийн ард зогсож байсан залуу манай эхнэрийг оочирлооч гээд араас нь түлхэхээр нь би хажуу эгнээнээс нь очоод нөгөө залууг “чи яагаад эмэгтэй хүн түлхээд байгаа юм” гэж хэлээд уг залуугийн цээжнээс түлхсэн юм. Гэтэл нөгөө залуу зүүн гараараа миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохиод барьцалдаж аваад байж байтал намайг ахиад боогоод авахаар нь би баруун гараараа ахиад нөгөө залуугийн шанаа руу нэг удаа цохитол хамгаалагч нар ирээд салгасан юм. Тэгээд хамгаалагч бид нарыг салгаад нөгөө залуу гарч яваад эхнэр бид 2 үйлчилгээгээ аваад гадаа гартал нөгөө залуу гадаа хүлээгээд зогсож байгаад намайг заамдаж аваад боохдоо “би та 2-ыг насан туршдаа дагаж чамайг ална” гээд миний хүзүүг мушгиад газар унагаагаад байж байтал цагдаа нар ирээд бид 2-ыг авчраад салгасан юм. Тэгээд цагдаагийн газар ирээд манай эхнэр уг залуу руу чи гадаа хүлээж байгаад ахиад хэрүүл хийдэг ямар сонин хүн бэ? гэж хэлтэл нөгөө залуу надад “чи энэ ал, гичийг аваад зайлаач гээд” орилоод байсан юм...” гэх /хх-ийн 37-38х/,

Хохирогч Д.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ асуудал нь дарааллын журам зөрчигдсөнөөс болж үүссэн. Тухайн үед би нэгэн настай эмэгтэйд зай тавьж өгч урдуураа оруулсан. Тэгээд тэр эмэгтэй үйлчилгээгээ аваад гарах үед нэгэн эмэгтэй миний урд хүрч ирж зогсоход нь би “дарааллынхаа журмаар зогсооч” гэж хэлээд түүнийг түлхсэн. Гэтэл цаанаас нь нэг залуу хүрч ирээд “чи миний эхнэрийг түлхдэг хэн бэ” гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхэд нь би зөрүүлээд гар руу нь цохиход Д.М миний нүд, уруул руу цохисон. Миний хувьд гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Д.Өлзийсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн 1 дүгээр давхарт үйлчилгээний хэсэгт орж, 2 хэсэг дугаарлаж байгаа эгнээний зүүн хэсэгт зогссон ба улмаар миний үйлчилгээ авах эрх, дараалал болоод үйлчилгээний ажилтан дээр очих гэтэл баруун талын дараалалтай эгнээнд зогсож байсан эмэгтэй миний урдуур дараалал дайраад ороод ирэхээр нь би тэр эмэгтэйд хандаж, энд байгаа бүх хүмүүс дараалж байгаа, ардаа ажилтай хүмүүс, яагаад дараалал дайраад байгаа юм бэ гэж хэлээд баруун гараараа тэр эмэгтэйг түлхэж холдуулсан. Тэгтэл нэг бор өнгийн куртиктэй залуу ирээд эхлээд миний цээжин хэсэг рүү 2 гараараа шууд түлхээд чи миний эхнэр лүү гар хүрдэг хэн бэ гэж хэлсэн би тэр эрэгтэйг чи яаж байгаа юм бэ гээд бид 2 хоорондоо барьцалдаж авсан. Улмаар тэр эрэгтэй надтай барьцалдаж байхдаа миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа, дахин мөн баруун гараараа уруулын дээд хэсэг рүү нэг удаа цохисон. ...Одоо миний толгой болон баруун нүд орчим нүдний хэсэг, ам руугаа их өвдөж байна...” гэх /хх-ийн 10-11х/,

Гэрч Н.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр нөгөө залууг түлхтэл зөрүүлээд нөгөө хүн манай нөхрийн нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь манай нөхөр зөрүүлээд шанаа руу нь нэг удаа цохиод хоорондоо барьцалдаж авахаар нь хамгаалагч нар ирээд салгасан...” гэх /хх-ийн 16-17х/,

Гэрч Э.Тэнгис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үйлчилгээний дарааллаас болж ганцаараа явж байсан залуу нэг эмэгтэйг түлхтэл уг эмэгтэйгийн нөхөр нь эхнэрээ өмөөрөөд ганцаараа явж байсан залуутай маргалдаж байсан ба намайг очиход бие биеийгээ багалзуурдсан байдалтай байхаар нь уг маргааныг таслан зогсоосон... тэгээд хэсэг хугацааны дараа хяналтын камерын өрөөнд орж камер хартал нөгөө 2 иргэн дахиад барьцалдсан байдалтай байсан...” гэх /хх-ийн 18х/,

Гэрч Э.Улаанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...араас нь орж ирсэн залуу эхнэр нөхөр 2-ын эхнэрийг нь чи дараалал зөрчлөө гээд тохойгоороо түлхтэл нөхөр нь ирээд чи хүн түлхлээ гээд хоорондоо маргалдаад барьцалдаад автал манай нөгөө хамгаалагч ирээд салгаад ганцаараа орж ирсэн залууг түрүүлээд явуулсан юм. Тэгээд манай нөгөө хамгаалагч гадаад дахиад маргалдаад зодолдоод байна гэж хэлсэн. Эхнэрээ өмөөрсөн залуу нэг удаа цохих шиг болсон...” гэх /хх-ийн 19х/,

Шинжээчийн 13438 дугаартай дүгнэлтэд:

Д.Өлзийсайханы биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн булангийн дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 24-26х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-44х/,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55х/,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн 1 давхарт Д.Өлзийсайхантай үйлчилгээний дарааллаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

Шүүгдэгч Д.Мэс хавтаст хэрэгт баримтаар авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 1,097,150 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 13-р хороо, 2-р хэсэг 6-20 тоотод оршин суух Д.Өлзийсайханд олгуулахаар шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дорлигжавын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мэс нийт 1,097,150 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн 13-р хороо, 2-р хэсэг 6-20 тоотод оршин суух Д.Өлзийсайханд олгуулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД