| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0149/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
2021 03 02 2021/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2109000000052 дугаартай хэргийг 2021 оны 02 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18 дугаар гудамж 723 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 377 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18 дугаар байрын 723 тоотод гэртээ дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа цагдаагийн алба хаагч Н.Ганболдын албаны хувцас болох өвлийн хүрэм, хантааз зэргийг урж, Ай фоне-11 гар утасны шилэн наалтыг хагалж, Г.Батзоригийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд хэрэглэдэг энгэрийн камерийг базаж авч шидэж, хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2109000000052 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр найз нар болох Мөнгөшагай, Хүслэн нарын хамт архи уусан. Өдөр нь манай гэрт архи ууж байгаад орой 18 цагийн орчим манай гэрт ус авахаар болсон. Тэгээд манай Идэрбат ирээд манай эхнэрийн машиныг унаад бид нар ус авахаар гарсан тэгээд ус аваад машин дотроо пиво уусан. Гэртээ ортол манай эхнэр уурлаад маргаан болсон. Тэгтэл эхнэр Болортуяа цагдаа дуудсан. Цагдаа орж ирсэн цагдаатай маргалдсан юм шиг байсан, би санахгүй байна. 20 орчим минутын дараа хоёр цагдаа иргэж ирээд манай эхнэрт нэг цагдаа нь “утсаа гаргаж ирээд утасны дэлгэц хагарсан байна шүү” гэж хэлсэн гэсэн. Тэр манай эхнэр хувцсыг нь урагдсан эсэх талаар анзаараагүй гэсэн. Би шаардлага эсэргүүцсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хувцас, гар утас эвдсэн, камер эвдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Н.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 12 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт ээлж хүлээлцэн авсан. Тус хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Батзоригтой “бэлх 112” чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл шөнийн 01 цагт 43 минутад “нөхөр согтуу агсам тавиад байна” гэсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсний дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17-8 дугаар гудамжны 723 тоотод очиход тус тоотын хашааны хаалга онгорхой байсан. Хашаан дотор Монгол гэр байхаар нь гэр рүү ортол согтуу эрэгтэй хүн эхнэртээ агсам тавьж байгаа байдалтай байсан. Тухайн дуудлага өгсөн иргэнээс болсон явдлын талаар тодруулахад “манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхэд бид 2-ыг зоддог аргаа бараад анх удаа цагдаад дуудлага өгч байна. Та бүхэн манай нөхрийг аваад яваач” гэсний дагуу тухайн залууг үйлдлээ таслан зогсоох, хууль хяналтын байгууллагад очиж асуудлыг шийдүүлэх талаар хууль ёсны шаардлага тавихад тухайн залуу тавьсан шаардлага үл биелүүлэн хэл амаар доромжилж, бие, эрх чөлөөнд халдаж албаны дүрэмт хувцсыг урж танхайрсан. Мөн миний Ай фоне-11 загварын гар утасны дэлгэцийг хагалсан. Болсон үйл явдлыг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулсан. Тухайн иргэн миний биед халдаж хувцас урж гар утсанд гэмт учруулсан гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогч Г.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дуудлагаар очиход нэг эмэгтэй “нөхөр архи уух болгондоо зоддог, энэ хүнийг аваад яваач” гэсэн. Тэгэхэд Билгүүн буюу зөрчил гаргагч нь дээгүүрээ цээж нүцгэн, гартаа шилэн ваар барьсан “та нар яах гэж байгаа юм, би гэрийнхээ объектод байна” гээд агсарсан. Тухайн үед би “та дээгүүрээ хувцсаа өмсөөд гараад ир, гадаа хүйтэн байна хувцсаа өмс” гэж хэлсэн. Тэгсэн Билгүүн нь “чи битгий хуцаад бай, чи ахлагч юм уу офицер юм уу” гээд гартаа барьсан ваараараа цохих гээд байсан. Тэгэхээр нь би “та шаардлага биелүүлэхгүй бол би тусгай хэрэгсэл хэрэглэнэ шүү” гэж анхааруулсан боловч шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь гарнаас нь ваарыг нь аваад хажууд сууж байсан залууд өгөөд авч явах гэсэн боловч эсэргүүцээд ноцолдсон. Тухайн хүнийг бугуйн гав хэрэглэн авч явсан. Ноцолдож байхдаа манай цагдаа, дэд ахлагч Ганболдын хувцасыг урсан. Мөн миний энгэрээс зуурахдаа энгэрт байсан албаны камерийг базаж авч гэмтээсэн. Билгүүн нь энгэрийн камерны мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Би түүгээрээ энгэрийн камер аваад өг гэсэн боловч олдохгүй байна гэхээр нь би өөрөө хүнээс 200.000 төгрөгөөр камер аваад албандаа хэрэглэж байна. Ямар нэг гомдолгүй, хохирол барагдуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/
Гэрч Э.Мөнгөншагай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…Билгүүний гэрт Хүслэн бид 3 пиво уусан. Намайг ороход Билгүүн эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Гаднаас цагдаа ороод ирсэн байх үед Билгүүн гартаа ваар барьсан байсан. Цагдаа орж ирээд Билгүүнийг “гаръя хувцасаа өмс” гэхэд Билгүүн “би гарахгүй, би гэртээ байна, та нар ямар хамаатай юм” гэж хэрэлдээд хувцасаа өмсөхгүй байсан. Билгүүнийг гавласны дараа нэг цагдаагийнх нь мөрөн дээр байсан мөрдөс нь тасраад газарт унасан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Гэрч Б.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…Би цагдаа дуудсан. Цагдаа нар орж ирээд Билгүүнийг “хувцасаа өмс” гэхэд “явахгүй” гэж хэлсэн. Манай нөхрийг 2 цагдаа гавлаад аваад явсан. Гавлах гэж ноцолдож байхад хувцас нь урагдсан байх намайг харахад ногоон өнгийн хантааз нь урагдсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №285 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2021.01.07-ны өдрийн СБ2-21-04 дугаартай тайланд “...цагдаагийн алба хаагчийн дүрэм, хантааз, энгэрийн камер, ай фоне гар утасны шилэн наалт зэргийг нийтэд нь 331.440 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь цагдаагийн алба хаагчийн өвлийн хүрэм, цагдаагийн алба хаагчийн хэрэглэдэг энгэрийн камер, хантааз, iphone 11 маркийн гар утасны шилэн наалт болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 331.440 /гурван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын тодорхойлолтод “...Ганболдын Ганзориг нь тус цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер /цагдаагийн дэслэгч/ цолтой болохыг тодорхойлов...” гэжээ /хх-ийн 60 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын тодорхойлолтод “...Нямдоржийн Ганболд нь тус цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч /цагдаагийн дэд ахлагч/ цолтой ажилладаг болохыг тодорхойлов...” гэжээ /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч Л.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 84, 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18 дугаар байрын 723 тоотод гэртээ дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлэн хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа цагдаагийн алба хаагч Н.Ганболдын албаны хувцас болох өвлийн хүрэм, хантааз зэргийг урж, “Ай фоне-11” маркын гар утасны шилэн наалтыг хагалж, мөн цагдаагийн албан хаагч Г.Батзоригийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд хэрэглэдэг энгэрийн камерийг базаж авч шидэж, хууль бусаар устгасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Ганболд, Г.Батзориг нарын мэдүүлэг, гэрч Э.Мөнгөншагай, Б.Болортуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №285 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Н.Ганболд, Г.Батзориг нар нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь хууль сахиулагчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд нь саад учруулж, улмаар хууль сахиулагчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, санаатай хэд хэдэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал М.Б хохирогч Н.Ганболд, Г.Батзориг нарын хууль ёсны шаардлага тавьсан болон, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг үл биелүүлэн, тэрхүү үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учрах боломжтойг мэдсээр атал үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч нарын эд хөрөнгийг устгасан нь санаатай хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Бийг согтуурсан үедээ:
- хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ганболд, Г.Батзориг нараас “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 84, 89/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол... хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн...тогтооно” гэснийг баримтлан М.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн /2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг+500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг = 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.200.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, нийгэмд биеэ зөв авч явах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Бг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн М.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн /2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг+500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг = 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.200.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН