| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
2021 03 02 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг /томилолтоор/,
Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Од холбогдох эрүүгийн 2109000000107 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, “Монтел” 204 тоот лангуунд худалдагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 22 гудамж 787 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, ТӨК 30 байрны 26 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.О нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ТӨК-ийн 30 дугаар байрны 26 тоотод хадам ээж хохирогч Ж.Пүрэвцэндтэй “мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдаж, түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, эрүү, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хэлний үзүүр хэсгийн язрал, зүүн суга, зүүн дал, баруун гарын сарвууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2109000000107 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Пүрэвцэнд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо ТӨК-н 30 дугаар байрны 26 тоотод хүргэн Ононтой зээл, өр төлбөрийн асуудлаас болж муудалцаж байгаад миний нүүр, толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээний зардал гараагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Нямжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Онон өглөөний 7 цагийн үед гаднаас согтуу орж ирээд шууд гал тогооны өрөөнд орсон. Би дөнгөж босож байтал Онон намайг дуудаад байхаар нь би очсон. Тэгсэн чинь Онон 2020 оны 03 дугаар сарын үед ээж Пүрэвцэндтэй ярилцаж байгаад зарсан машиныхаа талаараа яриад надад уурлаад хэрүүл маргаан хийгээд байсан. Ононг унтуулах гэхэд том өрөө рүү ороод том өрөөнд байсан ээж Пүрэвцэнд рүү уурлаад “машин тэрэг өг, машин тэрэгтэй болмоор байна, миний аав мэдэх юм бол бөөн юм болно” гээд уурласан. Тэгээд Онон манай ээж Пүрэвцэндийн нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэр үед би хүүхэддээ муухай юм харуулахгүй гээд цаашаа явсан. Тэр хоёр маргалдаж зууралдаж байхдаа Онон манай ээжийн нуруу, хөл хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2020 оны 03 дугаар сарын үед манай хадам ээж Пүрэвцэнд миний эзэмшлийн приус 30 машиныг зараад мөнгийг нь надаас зээлж аваад буцааж өгөөгүй юм. Тэр асуудлаас болоод хэрэг маргаан болсон. Би эхнэртээ гар хүрч байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс өмнө хадам ээжтэй маргалдаж муудалцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №186 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Ж.Пүрэвцэндийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, эрүү, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хэлний үзүүр хэсгийн язрал, зүүн суга, зүүн дал, баруун гарын сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ТӨК-ийн 30 дугаар байрны 26 тоотод хадам ээж хохирогч Ж.Пүрэвцэндийг “мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдаж, түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, эрүү, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, хэлний үзүүр хэсгийн язрал, зүүн суга, зүүн дал, баруун гарын сарвууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Пүрэвцэндийн мэдүүлэг, гэрч Н.Нямжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №186 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.О нь хохирогч Ц.Пүрэвцэндийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Пүрэвцэндээс “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 64 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН