Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

 

 

 

 

   2021           03          04                                   2021/ШЦТ/152      

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч /хохирогч/ Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

Шүүгдэгч /хохирогч/ Б.А түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, А.Б нарт холбогдох эрүүгийн 2009000001499 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд цахилгааны мончёр ажилтай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 23 гудамж 373В тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 60-35 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Хэро” ХХК-нд автобусны жолооч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын  10 дугаар гудамж 1 тоотод оршин суух, урьд:

 

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохионы уулзвар орчимд “Зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Атай маргалдаж улмаар толгойгоороо мөргөж, гэдэс рүү нь отверкаар хатгаж эрүүл мэндэд нь “Тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви” үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13-р хороо, 17-р сургуулийн гэрлэн дохион уулзвар орчимд “зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдаж улмаар цээж болон нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд “хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед 32-ын уулзвараас хойшоо чиглэлтэй 5 буудал руу айлд тоолуур суулгах ажилтай явж байсан. Хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байхад Зунжин Тэц-4 чиглэлийн автобус шахсан. Би тэр үед муудалцаад яахав гэж бодоод машин дотор самарны яс байхаар нь аваад автобусны цонх руу шидсэн. 17 дугаар сургуулийн гэрлэн дохио дээр зогсож байхад Амарбуян нь миний машины ард тоормозолж ирж зогсоод бууж ирээд машины хаалгыг татсан. Тэр үед би хаалгаа түгжсэн байсан. Амарбуян нь миний машины толийг арагшаа нугалчихаар нь би буугаад “чи яаж байгаа юм” гэдэг зүйлийг хэлсэн. Миний хувьд машинаас буухдаа машиныхаа араагаа салгаагүй байсан учир машин хөдөлсөн. Би тэр үед Амарбуянгийн мөр хэсэг рүү нь түлхээд машиндаа суугаад хөдөлсөн. 5 буудлын гэрлэн дохио дээр зогсож байхад бас ардаас Амарбуян нь тоормозолж ирж зогсоод автобуснаасаа бууж ирээд намайг цохисон. Тэр үед миний хамраас цус гарсан. Миний хувьд Амарбуяныг цохисон зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15-16 цагийн орчимд миний хувьд Зунжин Тэц-4 чиглэлд явж байсан. Би 32 дугаар тойргын автобусны буудал дээр зорчигч нараа буулгахын өмнө нь автобусны цонх руу юм шидэх шиг болсон. Миний хувьд тухайн үед тоогоогүй автобусны буудалд дээр зорчигч нараа буулгаад 17 дугаар сургуулийн автобусны буудал буюу хойшоо чиглэлдээ хөдлөөд явж байхад Мөнхжаргал нь миний урд хөдөлгөөн таглаж явж байгаад гэнэт тоормозлосон. Би тэр үед дагаад тоормозлох үед зорчиж явсан зорчигч нар унаад над руу “яаж яваад байгаа юм” урд явж байгаа машинтай хүндээ хэлээч гэх зэргээр над руу уурласан. 17 дугаар сургуулийн гэрлэн дохион дээр Мөнхжаргалын машины ард очиж зогсоод “яаж яваад байгаа юм” гэж хэлэх гээд буугаад очих үед машиныхаа хаалгыг түгжсэн байсан. Би тэр үед Мөнхжаргалын машины толыг нугалчихаад эргээд автобусандаа суух гэж байхад Мөнхжаргал нь машинаасаа бууж ирээд отверк бариад над руу дайраад байсан. Миний хувьд Мөнхжаргалыг цохисон зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Амарбуян нь миний машинд байсан цахилгааны тоолуурыг аваад миний хамар хэсэг рүү цохисон. Би хамартаа 3 оёдол тавиулсан. Миний хувьд 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Томографын зураг авхуулсан тодорхой баримт байхгүй хэдий ч гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлсэн. MRI зурагт харуулсан. Мөн гэдсэнд отверкны сорви үүссэн тул сорвины тос зэрэг хохирол надаас гарсан. Миний хувьд нэхэмжилж байгаа зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009000001499 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би хажуугаар нь өнгөрөхдөө “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд автобусны буудлын уулзвар дээр байж байтал тэр автобус араас ирээд жолооч нь автобуснаасаа буугаад машиныг хоёр талаас нь өшиглөсөн бас гараараа цохиод байсан. Би тоохгүй сууж байгаад миний машины баруун талын толийг цохиод хумхихаар нь би уурлаад машинаасаа буугаад очтол тэр залуу баруун гараараа миний цээж рүү нэг удаа, зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Бид хоёр барилцалдаж аваад байж байтал миний машины араа салаагүй байхаар нь “би машины араа салаагүй байна чи тавь” гээд өнгөрч явсан машиндаа суугаад уулзвар гараад явж байгаад тухайн үедээ энэ хүнтэй муудалцаад яахав гэж бодоод шууд явж байгаад 5 буудлын гэрлэн дохио дээр иртэл араас нөгөө залуу автобустайгаа ирээд автобуснаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод баруун гараараа миний цээж болон нүүр рүү 10-20 удаа цохиод байсан. Миний зүүн талын сандал дээр байсан цахилгааны тоолуурыг баруун гартаа барьж байгаад миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэр залуу автобусандаа суугаад зам чөлөөлж зогссон Би хамраас цус гараад байхаар нь цагдаагийн 102 утсанд хандсан. Би тэр залууг 2-3 удаа мөр рүү нь цохисон. Нүүр рүү нь цохиогүй. Одоо миний толгой их өвдөж, зүрх дэлсэж, баруун хамар битүүрээд байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 сарын 26-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Сүхбаатар Зунжин Тэц-4 чиглэлд автобустайгаа Зунжин руу явах гээд 32-ын автобусны буудал дээр зогсоод зорчигчоо аваад зогсож байтал хажуугаар өнгөрч байсан Тоёота приус 20 маркийн бор өнгийн машинтай нэг жолооч миний жолоочийн талын цонх руу нэг юм шидчихсэн. Тэгээд би араас нь хүнээ аваад явтал миний урд явж байхаар нь баруун гар талаар нь хажуугаар нь гарах гэтэл гаргахгүй байсан. Тэр хүн миний урд гарчихаад байн байн тормоз гишгээд явахгүй, гүйцэж түрүүлэх гэхээр шахаад байсан. Тэгээд 17-ын гэрлэн дохион дээр зогсохоор нь би автобуснаасаа буугаад жолоочийн хаалган дээр очоод цонхыг нь тогшсон чинь цонхоо онгойлгохгүй, зүүн гар талд нь очоод хаалгыг нь татаж үзтэл дотроосоо цоожтой байсан. Би зүүн талынх нь толийг хумьчихсан. Тэр машины жолооч машинаас бууж ирсэн бөгөөд би машиныг нь тойрч очтол баруун гартаа отверк барьчихсан над руу дайрсан. Би тэр хүнээс “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи намайг шахсан биз дээ пизда минь” гээд отверкаар миний гэдэс рүү 2-3 удаа хатгасан бөгөөд тэр үед нь би хоёр гарыг нь барьсан чинь  намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед жижиг Prius маркийн автомашины жолооч 5 буудал дээр автобусны жолоочид зодууллаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авсан. Очиж шалгахад жижиг автомашины жолооч 5 буудлын гэрэл дохионы хажууд замын нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Жижиг машины жолоочийн хамрын дээд хэсгээс хоёр нүдний гол хэсэгт цус гарсан шалбарсан байсан. Автобусны жолоочид ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Автобусны жолоочийг гараараа цохисон гэж жижиг тэрэгний жолооч ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12380 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Б.Мын биед хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ир үзүүртэй зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12879 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Агийн биед тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Хэвлийн баруун хэсгийн сорвины үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...”  гэжээ   /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Б.Аы биед учирсан тухайн гэмтлүүд мөргөхөд үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Сорвижиж эдгэрсэн учраас ямар зэвсэг, багаж зэвсэг хэдий хугацаанд үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-72 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохионы уулзвар орчимд “Зунжин” чиглэлийн автобус жолоодож явсан хохирогч Б.Атай “Зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хохирогч Б.Аы “...Тэр машины жолооч машинаас бууж ирсэн бөгөөд би машиныг нь тойрч очтол баруун гартаа отверк барьчихсан над руу дайрсан. Би тэр хүнээс “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи намайг шахсан биз дээ пизда минь” гээд отверкаар миний гэдэс рүү 2-3 удаа хатгасан бөгөөд тэр үед нь би хоёр гарыг нь барьсан чинь намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Мын хохирогчоор мэдүүлсэн “...Би тэр залууг 2-3 удаа мөр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Б.Аы биед учирсан тухайн гэмтлүүд мөргөхөд үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12879 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Б.Агийн биед тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

 Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал “Зунжин” чиглэлд зорчдог автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13-р хороо, 17-р сургуулийн гэрлэн дохион уулзвар орчимд “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Б.Мтай “замын хөдөлгөөнд саад учрууллаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Хохирогч Б.Мын “...Амарбуян нь миний машинд байсан цахилгааны тоолуурыг аваад миний хамар хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Агийн “...17 дугаар сургуулийн гэрлэн дохио дээр ноцолдож байх үед уруулд нь гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Г.Ганхуягийн “...Очиж шалгахад жижиг автомашины жолооч 5 буудлын гэрэл дохионы хажууд замын нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Жижиг машины жолоочийн хамрын дээд хэсгээс хоёр нүдний гол хэсэгт цус гарсан шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

 - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12380 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Б.Мын биед хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ир үзүүртэй зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаар Б.М, Б.А нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан, улмаар харилцан бие биедээ хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, тийнхүү хүч хэрэглэснээс аль алиных нь эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэдгээр нь тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэний улмаас тус тусын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М, Б.А нар “замын хөдөлгөөнд зүй зохисгүй оролцлоо” хэмээн бие биенээ буруутгасан үг, үйлдлээ илэрхийлж маргааныг хурцатган улмаар бие бие рүүгээ хүч хэрэглэхээр дайрч, довтолж, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсэн зохицуулалт шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хангасан байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.М, Б.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч Б.Мын өмгөөлөгчөөс “...Амарбуян шүүх эмнэлэгт 10 хоногийн дараа үзүүлсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Б.М нь Б.Аг түлхсэн үйлдэлд тухайн гэмтэл учрах боломжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Хохирогч Б.Агаас хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнхжаргал отверкаар миний гэдэс рүү 2-3 удаа хатгасан бөгөөд тэр үед нь би хоёр гарыг нь барьсан чинь намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэж мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалж нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12879 дугаартай дүгнэлт, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг зэргээр давхар нотлогдож түүнд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон.

 

Түүнчлэн хохирогч Б.А нь хэрэг явдал болсноос хойш 11 дэх хоног дээр шүүх эмнэлэгт үзүүлсэн байх боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12879 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “... “Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна”...” гэж тусгажээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т “Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:...” гэж дурьдаад, мөн журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд хохирогч Б.А нь хэрэг явдал болж, биедээ гэмтэл авснаас хойш дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн дотор шүүх эмнэлэгт үзүүлж, түүний биед гэмтэл тогтоогдсон ба энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч гаргахдаа хууль, журамд заасан нөхцлийг хангаагүй гэх эргэлзээ бий болоогүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал няцаагдсан гэж үзэхээр байна.

 

 Шүүгдэгч Б.М нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний Б.Ад гэмтэл учруулаагүй талаарх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүйгээс гадна түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Маас “...Хохиролд 130.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. 10 хоногийн хугацаагаар акттай байсан цалин болон машины толь хугалсан байсан зэргийг нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс 130.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Агаас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын автомашины толь гэмтсэн талаар тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Агаас “... хохирлын баримт гаргаж өгч хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримт байхгүй тул нэхэмжилсэн баримтаар шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирсантай холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.М нь шүүгдэгч Б.Агаас, хохирогч Б.А нь шүүгдэгч Б.Маас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.М, Б.А нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус бүрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Маас маргааныг эхлүүлсэн, хохирогчид олон тооны гэмтэл учруулсан нөхцөл байдлыг харгалзаж ялыг ялгамжтай оногдуулсан болохыг дурьдав. 

 

Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг тус бүрт 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.А нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус бүрт тогтоосугай. 

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Ааас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Б.М нь шүүгдэгч Б.Агаас, хохирогч Б.А нь шүүгдэгч Б.Маас тус тус хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН