Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0735

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Шын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: Ш.Ш

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: Н.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 733 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0256/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Ш нь НЗДд холбогдуулан “НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Шын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Чд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. “Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцэхгүй.

3.2. Хэргийн нөхцөл байдлыг тодруулах, тогтоох ажиллагаа хийгээгүй. Шүүх нөхцөл байдлыг тодруулах тогтоох зорилгоор эрх бүхий этгээдээс тайлбар, тодруулга, нотлох баримт авах эрхтэй байтал уг ажиллагааг хийгээгүй.

3.3. Анхан шатын шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжийг газрын албанд хүргүүлсэн байдаг ба газрын албанаас нотлох баримтыг дутуу ирүүлсэн. Шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй. Н.Ч нь 2010 онд н.Дамба гэх хүнээс Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамжны 450 тоот 226 м.кв газрыг худалдан авсан ба уг газрын талыг Ш.Ш хууль бусаар эзэмшиж байна. Энэ газрын өмчлөх эрхийг гэрчилгээний дугаар 00048865 бөгөөд Н.Ч, Б.Б нарын өмч. Мөн Н.Ч нь 2019 онд хойд талын айлын газар болох 401 м.кв газрыг М.Г шилжүүлэн авч тухайн газартаа 2019 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ба гэрчилгээний дугаар нь 000528280 бөгөөд хаяг нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамж, 450а тоот юм. Өөрөөр хэлбэл, Н.Ч нийт 627 м.кв хоёр өмчлөх эрхийн гэрчилгээтэй газартай. Гэтэл шүүх зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэсэн нь шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай давж заалдах гомдлыг хянаж дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДд холбогдуулан гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч Ш.Ш нь НЗД-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38-449 тоотод байрлах 414 м.кв газар, гуравдагч этгээд Н.Ч нь НЗД-ын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38-450 тоотод байрлах 401 м.кв газрыг тус тус өмчлөх эрхтэй болсон байна.

2.2. Хэргийн оролцогчдын хэн аль нь газрын давхцал байхгүй гэж тайлбарладаг бөгөөд гагцхүү талууд газрын хэмжээг буруу тодорхойлж эзэмшсэнтэй холбоотой маргаан үүсжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.

3.1. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд нь бодит байдал дээр давхцаагүй байх бөгөөд харин хариуцагчаас гуравдагч этгээд Н.Чд 401 м.кв газрыг өмчлүүлэхдээ тухайн газар дээр очиж үзээгүй, хяналтын хэмжилт хийгдээгүйгээс талуудын хооронд маргаан үүсэх нөхцөл байдал бий болсон, энэ нөхцөл байдлыг цаашид хэмжилт хийх замаар тодруулах, уг ажиллагааны цар хүрээг шүүх шинжлэх судалж тогтоох боломжгүй, үүнийг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

4.2. Анхан шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... газрын албанаас шаардсан нотлох баримтыг дутуу ирүүлсэн, шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй” гэжээ.

5.1. Анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/5112 тоот “... НЗД-ын 11-26-А/985 дугаар захирамж, хавсралтын хамт иргэн Нямсайханы Чимэдхорлоод /Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайт 38-450 тоот/ холбогдох хэсэг, газрын хувийн хэрэг бусад баримтууд шаардлагатай байх тул нотлох баримтыг шаардлага хангуулан хуулбар үнэн тэмдэг дарж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг НЗД-ын тамгын газарт хүргүүлсэн байна.

5.2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний 01-11/3073 тоот албан бичгээр дээрх шүүхийн шаардсан баримтыг бүрэн ирүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ