Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01618

 

 Х.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалтай

Х.Дгийн нэхэмжлэлтэй

Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганцэцэг, Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Байгалмаа Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 57-27 тоот 3 өрөө орон сууцыг Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-д төлбөрийг төлж дуусгасан тул 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус байранд Б.Н болон түүний нөхөр Ч.Б нар амьдарч байсан бөгөөд сүүлд хүү нь нэмэгдэн хамт амьдарч байгаа. Энэ талаар охин нь Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-д хэлэхэд энэ хүмүүсийг шууд гаргах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгөхийг хүссэн. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041 Туул гол гудамж, 57-27 тоот 3 өрөө орон сууцнаас хариуцагч нарыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж 57-27 тоот орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгөөр төлж барагдуулан, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг cap бүр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-нд төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан Б.Н, Ч.Б нар нь Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-гийн Голомт банкинд эзэмших 160 501 36 44 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн дууссан. Гэвч Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/ янз бүрийн шалтаг хэлж, шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Б нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр шударгаар авсан үл хөдлөх хөрөнгө юм. Х.Д нь бодит байдал дээр үнэхээр Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-аас худалдаж авсан төлбөрөө төлж барагдуулсан хүн бол өөрт учирсан хохирол болоод үлдсэн төлбөрөө Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Х.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот 3 өрөө орон сууцнаас Б.Н, Ч.Б, Б.Г нарыг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж Х.Дд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Магадлалд: “...Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэгт хамааралгүй гэж, энэ талаар гаргасан хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар анхан шатны шүүхийн эрх хэмжээний, бие даан шийдвэр гаргах ажиллагаа болон ийнхүү бие даан шийдвэр гаргаад гаргасан захирамж, тогтоолдоо өөрийн шүүх дотроо хяналтаа явуулах” тухай журмыг зөрчиж, анхан шатны шүүхийн бие даан хэрэгжүүлэх эрхтэй ажиллагаанд оролцож, шүүхийг “65.1.7-оор гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ” гэх дүгнэлтийг өгөн шийдвэрийг хүчингүй болгож, сайн дураараа энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн үндэслэлгүй магадлалыг гаргасан. Давж заалдах шатны шүүх нь процессын хуулиараа хэзээ ч “энэхүү хэргийг түдгэлзүүлсэн нь, хэрэгсэхгүй болгосон нь гэх мэт асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол” нь “үндэслэлтэй байна, үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг хийдэггүй бөгөөд ийм эрх хэмжээгүй билээ. Мөн ийм практик ч байхгүй билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан тохиолдолд 65.2 дарь заалтаараа тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй “Шүүгч нь захирамж гарган шийдвэрлэх” бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийг үндэслэж гаргасан шүүхийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 -д зааснаар “шүүгчийн захирамжид энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулалгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх нь энэхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл болон 171 дүгээр зүйлд заасан процессыг зөрчиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид үнэлэлт дүгнэлт өгч, шүүгчийн захирамж нь үндэслэлгүй бөгөөд 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэргийг шууд хэрэгсэхгүй болгох тухай магадлалыг гаргасан.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “65 дугаар зүйлд тусгасан асуудлаар “шүүгч захирамж гаргана” гэж зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх нь 65 дугаар зүйлийг үндэслэж давж заалдах шатны шүүхийн магадлал гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх нь хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 7 үндэслэл илэрсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Энэхүү 7 үндэслэлд: Магадлалд дурдсан /6 дугаар нүүр, 31-ээс цаашхи мөрөнд/ “Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь баримтаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гээд энэхүү үндэслэлээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ба энэ үндэслэл нь тус хуульд заасан шийдвэрийг хүчингүй болгох 7 үндэслэлд байхгүй байгааг шүүхийн зүгээс анхаарч үзнэ үү.

Хамгийн гол нь хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгоход энэхүү захирамждаа гомдол гаргах эрхээ хариуцагч тал өөрсдөө ашиглаагүй бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг уншиж сонсгосны дараа шууд босч “Хүсэлтийг маань шийдвэрлээгүй, хүлээн аваагүй тул шүүгч таниас татгалзлаа” гэх утга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн зүгээс “хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор намайг татгалзах үндэслэл хуульд байхгүй, мөн “шүүгчээс татгалзах уу?” гэхэд татгалзахгүй хэмээн хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлнэ” гэж тайлбарласны дараа хариуцагч тал нь шууд босч “шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлээд шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан болно. Энэ тухай үйл баримт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд болон 183/ШШ2018/00865 дугаар шийдвэр зэрэгт тодорхой тусгагдсан болно. Хариуцагч нь өөрөө эрхээ сайн дураар эдлээгүй, эрхээсээ өөрөө татгалзсан байгааг анхаарч үзнэ үү.

Мөн тус нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс мөн л “өөр шүүх дээр нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлтээр 2016 оны 07 дугаар сард гаргасан “Албадан чөлөөлүүлэх тухай” шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Х.Д гуай нь 2016 оны эхээр тус байрыг худалдан авч, энэхүү хүмүүсийг байрнаас гаргах гээд өнөөдрийг хүртэл 2 жил 6 сар гаруйн хугацааны турш шүүхээр явж байгаа бөгөөд энэхүү хүмүүс нь ерөөсөө байрнаас гарахгүй байхын сацуу “Албадан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл бүхий иргэний хэрэг болгоныг “өөр шүүх дээр маргаан үүсгэж, үндсэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй” болгуулсаар байгаа болно. Х.Д нь өөрийн худалдан авсан байрандаа амьдарч чадахгүй, ийнхүү 3 жилийн цаг хугацааг үзэж байна.

Магадлалд: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болгохдоо шүүх хариуцагч нарын эзэмшлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ” гэх үндэслэлийн хувьд: Тус хэрэг нь тухайн орон сууцны эзэмшигчийг тогтоох тухай шаардлагатай иргэний хэрэг биш бөгөөд Х.Д гуайн бүртгэлийг хуулийн дагуу, бөгөөд Б.Н болон Ч.Б нарыг, өмчлөгчөөр тогтоогоод, бүртгэх үндэслэл, нотлох баримт байхгүй болохыг тогтоосон Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр хэрэгт байгаа болно.

Мөн Х.Д нь захиргааны 3 шатны шүүхээр хянагдсан, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгодог Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шүүхэд өгч, өөрийгөө тус байрны өмчлөгч болохоо батлаад байхад “Х.Дгийн тус байрыг худалдаж авсан худалдах худалдан авах гэрээ нь хэрэгт байхгүй байна” гэх хэрэгт ач холбогдолгүй баримтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх нь буруутгасан.

Иймд дээрх үндэслэлийг хянан үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Дгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.Д нь Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 57-27 тоот 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нар 2011 онд худалдаж авахаар Япон улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, энэ үеэс эзэмшиж эхэлсэн ба төлбөрийг төлж дуусгасан боловч Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/ нь янз бүрийн шалтаг хэлж, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа гэж маргасан, харин нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч нарын эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зав, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч нар нь маргаж буй орон сууцны өмчлөгчийг эс зөвшөөрч, иргэн Х.Д, Л.Алтанзул нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тус нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш2018/05638 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь нотлогджээ./хх-89/

Дээрх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Х.Дгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 76.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД