| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0170/Э |
| Дугаар | 225 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 225
2021.02.24 2021/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1906 05488 2842 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат ба Зураа 5-21 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол цогцолборт байрлах “Ханш.мн” үйл ажиллагаа явуулдаг өрөөнөөс Э.Мөнгөнсүхийн эзэмшлийн “HR Elitebook I5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор зөөврийн компьютерыг нь аваагүй. Гэртээ хэрэглэх гэж явч явсан. Би Мөнгөнсүхэд өөрт нь хэлэх гээд гар утас руу нь залгасан, мөн эхнэр рүү нь залгасан. Залгах үед нэгнийх нь гар утас холбогдохгүй, нэг нь гар утсаа авахгүй байсан. Би тухайн үед энэ талаар хэлэх гэж Мөнгөнсүхийн гар утас руу залгасан” гэв.
Хохирогч Э.Мөнгөнсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ханш.мн сайтыг ажиллуулдаг юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол цогцолборт танил Рэгцэнбазар урьд нь М гэх хүнээр хэвлэлийн эх бэлтгэл хийлгэж байсан юм. Би Мөнх-Эрдэнийг 8 дугаар сараас сүүлээс эхлэн хөлсөөр ажиллуулахаар тохиролцож шаардлагатай дуудсан цагт ирээд ажилласан байсан. Тэгтэл 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байхгүй байх үеэр өрөөнд орж ирээд “HP Elitebook I5” загварын зөөврийн компьютерыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөө дур мэдээд түр ажлаа хийж байсан зөөврийн компьютерыг нь аваад явчихсан юм. Зөвшөөрөл аваагүй аваад явсан байсан болохоор цагдаад мэдэгдсэн байх гээд дахиж очоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 27-30/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол цогцолборт байрлах “Ханш.мн” үйл ажиллагаа явуулдаг өрөөнөөс Э.Мөнгөнсүхийн эзэмшлийн “HR Elitebook I5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь
Хохирогч Э.Мөнгөнсүхийн: “...Би Ханш.мн сайтыг ажиллуулдаг юм. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол цогцолборт танил Рэгцэнбазар урьд нь М гэх хүнээр хэвлэлийн эх бэлтгэл хийлгэж байсан юм. Би Мөнх-Эрдэнийг 8 дугаар сараас сүүлээс эхлэн хөлсөөр ажиллуулахаар тохиролцож шаардлагатай дуудсан цагт ирээд ажилласан байсан. Тэгтэл 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байхгүй байх үеэр өрөөнд орж ирээд “HP Elitebook I5” загварын зөөврийн компьютерыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******өнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байх тул түүнээс нийт 456.600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, тэрээр хохирол төлбөрийг төлж барагдуулахаар 1 хоногийн завсарлага авсан ба уг хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******өнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба дээрх шийтгэх тогтоол биелүүлэх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.
Иймд дээрх шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******д урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******өнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон нийт 27 /хорин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР