| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00342/И |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 47
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 4 дүгээр хэсэг 095 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчингийн 1-76 тоотод оршин суух, 45 настай, эмэгтэй, одоо “Макс консалтант” ХХК-нд хүний нөөц захиргааны албанд туслах ажилтай Сонгоол овогт Генаркын Отгонтуяа /МЮ-71021667/
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 4-48 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчингийн 1-76 тоотод оршин суух, 22 настай, эмэгтэй, одоо оюутан Боржигон овогт Энхбаатарын Энхжингийн /МЮ-94112225/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 1 дүгээр хэсэг 182 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 15-38 тоотод оршин суух, 27 настай, эрэгтэй, одоо “Урсгал ус” ХХК-нд нөхөөсний машинист ажилтай Түдэв овогт Ганбаатарын Амарбаясгаланд /МЮ-89082479/ холбогдох
“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонтуяа, хариуцагч Г.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Э.Энхжингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2011 оны өвөл Г.Амарбаясгалантай дотно танилцаж 11 дүгээр ангиа төгсдөг жил буюу 2012 оны 08 дугаар сарын 28-нд хүү А.Бат-Оршихыг төрүүлсэн. Тухайн жилдээ их сургуулийн 1-р курст сурах байсан боловч сурч чадахгүй хүүхдээ харсан. Бид гэрлэлтийн баталгаагүй бөгөөд өөрсдийн гэсэн орон байргүй манай ээжийн гэрт амьдардаг байсан. Хүүхдээ төрсний дараа Г.Амарбаясгалан 3-4 сарын хугацаанд Улаанбаатарт реклам сурталчилгааны компанид хэсэг ажилласан. 2013 оны 05 дугаар сард том ах Г.Нямбаяр, дунд ах Г.Хүрэлбаатар болон бусад гэр бүлийн гишүүд нь ирж бэр гуйсан.
2014 оны 03 сараас Дархан дахь “Хөдөө аж ахуйн их сургуульдаа” сурах хүртлээ манай гэрт хүүхдээ харалцан ирж очин амьдарсан. Амьдарч байх хугацааны хоол хүнс, хүүхдэд шаардлагатай хэрэгцээний бүхий л зүйл Г.Амарбаясгалангийн хувцас зэрэг бүхий л хэрэгцээг ээж маань ганцаараа зохицуулж байсан. 2014 оны 03-н сард Г.Амарбаясгалан “сургуульдаа сурна” гээд Дарханд найз н.Бэхбаяр, н.Туул нарындаа амьдрахаар явсан. 2014-2015 оны “Шинэ жилийн баяр”-аар ээжийн гэрт бидэн дээр ирсэн. 2015 оны 01 дүгээр сарын 05-нд А.Бат-Оршихын үсний найранд оролцчихоод буцаад явсан. Түүнээс хойш ярих нь багассан бөгөөд ярихаараа элдэв муу үг хэлдэг болсон.
2015 оны 04 дүгээр сард “Би өөр хүнтэй суулаа, мөнгөтэй хүнтэй сууж хүүхдэдээ мөнгө явуулж байя” гэж надад хэлсэн. Би тухайн үедээ энэ үгэнд нь итгээгүй. Гэтэл асууж сураглатал үнэхээр өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан. Би Сэлэнгэ аймгийн харъяалалтай учир Улаанбаатарт улсын цэцэрлэгт хүүхдээ явуулж чадахгүй, гэрийнхээ ойролцоох “Аз хишиг” цэцэрлэгт сарын 160.000 төгрөг төлөн хүмүүжүүлдэг. Г.Амарбаясгалан бид хоёр 2015 оны 09 дүгээр сард цэцэрлэгийн төлбөрөө хувааж төлж байхаар тохиролцсон боловч 200.000 төгрөг өгчихөөд утсаа өөрчлөөд сураггүй алга болсон. Одоо хүү маань 3 нас 11 сартай Улаанбаатарт би оюутан. Аав маань олон жилийн өмнө нас барсан, ээж маань 2 оюутан /1 нь дүү маань/ мөн цэцэрлэгийн төлбөр төлж бүхнийг харж ханддаг. Би өөрийн гэсэн орлогогүй, хүүхдийн 20.000 төгрөг авдаг. Г.Амарбаясгалан нь хүүхдээ төрснөөс хойш 4 сар л ажил хийж хамт амьдарч бусад хугацаанд огт ажил хийлгүй “сурч байна” гээд хүүхдээсээ хол байж ирэн очин амьдарч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй учир 2012 оны 08 дугаар сарын 28-нд төрсөн хүү А.Бат-Оршихынхоо төрсөн эцэг нь Г.Амарбаясгалан мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин Э.Энхжин 11 дүгээр ангид байхдаа “Таны телевиз”-ийн FM-д хөтлөгч хийдэг байхад Г.Амарбаясгалан тэнд ажилладаг байж байгаад манай охинтой танилцан манай охиныг 11 дүгээр ангид байхад нь жирэмсэн болгосон байсан. Манай охин жирэмсэн болсноо мэдэхгүй явж байгаад сургуульд нь эмэгтэйчүүдийн үзлэг явуулахад мэдэж, жирэмсэн болсон талаараа надад хэлсэн. Тухайн үедээ хүүхэд нь 4 сар гаруй болсон байсан учраас яах ч арга байгаагүй. Тэр үед охин бид 2 хоёулаа цочирдож охин маань уйлаад би мөн л уйлж учраа олохоо байсан. Тэгээд охиноо загнаж байж хүүхдийнх нь эцэг нь Г.Амарбаясгалан болохыг мэдэж би очиж уулзахад “Би танай охинтой хамт амьдарна” гэсэн. Хавар болж охин маань сургуулиа алтан медальтай төгссөн боловч сургуулийн захиргаанаас “Сургуулийн нэр хүндийг унагаасан, сурагч байхдаа жирэмсэн болсон” гэсэн шалтгаанаар их сургуулийн элсэлтийн шалгалтанд оруулахгүй гээд хэл ам гарахаар нь Г.Амарбаясгалан бид хоёр сургуулийн захиргаа, мэргэжлийн хяналтын газрын сургууль хариуцсан байцаагч нартай уулзаж хэл ам хийж байж охиноо шалгалтанд оруулахаар болсон.
Би охиноо төгсөх жил байраа зарж Улаанбаатар хот руу нүүсэн боловч өнөөдрийг хүртэл шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа. Тэгэхэд Г.Амарбаясгалан бидэнтэй хамт амьдарч байсан. Г.Амарбаясгалан Улаанбаатар хотод ирж нэг хэсэг ажилгүй байж байгаад ойр зуурын ажил хийж хүүгээ төрөхөөр харж байгаад охин энэ 2 ярилцаж Г.Амарбаясгалан сургуулиасаа чөлөө авсан байсан учраас ямар ч байсан сургуулиа төгсөх хэрэгтэй юм байна гээд Дарханд сургуульдаа орохоор явсан. Манайд байхдаа би ойр зуурынх нь бүх зүйлээр боломжийн хэмжээгээрээ хангадаг байсан. Манайх Сэлэнгэ аймгаас шилжээгүй учраас Улаанбаатарын харъяа биш гэдгээр хүүхдээ улсын цэцэрлэгт оруулах боломжгүй болж гэрийнхээ ойр хувийн цэцэрлэгт сарын 160.000 төгрөгөөр явуулж байгаа. Г.Амарбаясгаланд миний гомдож байгаа зүйл бол яагаад өөрийнхөө төрсөн хүүхдийг миний хүүхэд биш байж магадгүй гээд шинжилгээ хийлгээд шинжилгээ нь өөрийнх нь хүүхэд мөн гээд гарсаар байхад дахин шинжилгээ хийлгэх гээд байгааг гайхаад байх юм. Дархан явснаас хойш хүүхдээ харж хандахаа байсан. Манай зээ хүү А.Бат-Оршихын эцэг нь Г.Амарбаясгалан мөн гэж бодож байна. Тухайн үедээ миний хүүхэд, манай охинтой амьдарна гэж ярьсаар нэг хэсэг хугацаанд хамтран амьдарчихаад одоо юу яриад байгааг ойлгохгүй байна. Г.Амарбаясгалан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж бодож байна гэх.
Хариуцагч Г.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2011 онд “Таны Сэлэнгэ” кабелд найруулагчаар ажиллаж байхад Э.Энхжин тэндэхийн FM-д хөтлөгч хийдэг байсан. Э.Энхжинтэй 2011 оны 12 дугаар сард 3 удаа уулзаж 2 удаа дотно харьцаанд орсон. Түүнээс хойш бид хоёрын дунд үерхсэн, уулзаж байсан зүйл байгаагүй. Гэтэл 2012 оны 05 дугаар сард Э.Энхжин миний утас руу “Чи аав болсон байна” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд би Э.Энхжинтэй уулзаж “Хэрвээ энэ хүүхэд миний хүүхэд бол би хариуцлагыг нь хүлээнэ” гэж хэлсэн. Тэгээд Э.Энхжингийн ээж надтай ирж уулзахаар нь “Хүүхэд миний хүүхэд мөн бол би амьдарна” гэдгээ хэлж өөрийнхөө хийж байсан ажлаасаа гараад энэ айлыг дагаж хотод хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Тухайн үед би ойр зуурын ажил хийж байсан нь үнэн. Тэгээд 2012 оны 08 дугаар сарын 28-нд манай хүү А.Бат-Орших “Эх нялхсын төв”-д төрсөн. Би хүүтэй болсондоо маш их баяртай байсан. Тухайн үед би сургуулиасаа 1 жилийн чөлөө авсан байсан. Тэгэхэд Э.Энхжингийн ээж Г.Отгонтуяа “Хүүхдүүд минь 2 талдаа амьдарч байхаар нэг талдаа цуг амьдарсан нь дээр” гэхээр нь ажлаасаа гараад хамт амьдарцгаасан. Г.Отгонтуяа, Э.Энхжин нар надад хувцас, өмд, гутал авч өгч байсныг би үгүйсгэхгүй. Гэхдээ би ажил хийгээд авсан цалингаа өгч тэр мөнгөөр л надад хувцас авдаг байсан. Би нэг хэсэг хүүхдээ хардаг байсан.
Э.Энхжин бид хоёрыг ийм байдалд хүргэсэн хүн бол энэ хадам ээж гэх хүн, мөнгө хоёр л нөлөөлсөн гэж боддог. Бид нарын хэн хэн нь Сэлэнгээс шилжилт хөдөлгөөн хийгдээгүй учраас хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэхэд улсын цэцэрлэгт өгөх боломжгүй учраас хөөцөлдөж байж гэрийнх ойролцоо хувийн цэцэрлэгт сарын 160.000 төгрөгний төлбөртэй цэцэрлэгт оруулсан. Намайг хадам ээж гэх Г.Отгонтуяа ажилгүй, мөнгөгүй гэж гэрээсээ 3 удаа хөөсөн. Хамгийн сүүлд 2013 оны сүүлээр би гэрээс нь хөөгдөөд айлын өрөө хөлслөн амьдарч байсан. Шинэ жилээр найзтайгаа очиж хүүдээ бэлэг өгөөд ёлкон дээр нь мөнгө тавиад гарсан. 2014 оны цагаан сарын дараа Э.Энхжин бид хоёр эвлэрч, миний хувьд Дарханы Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байгаад 3 дугаар курсээс чөлөө авсан учраас бид 2 ярилцаж байгаад “Ямар ч байсан сургуулиа яаж хийж байгаад төгсөх ёстой юм байна” гээд би Дархан орж сургуульдаа үргэлжлүүлэн суралцсан. Тухайн үед би “мөнгөгүй айлын хүүхэд байх хэцүү юм байна” гэдгийг ойлгосон.
Би өөрийн боломжоороо хүүгийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлдөг байсан. Тэр ч байтугай ээжийгээ тэтгэвэрийн зээл хүртэл авахуулж төлж байсан. Би өөрийгөө боломжоороо л хүүдээ тусалдаг байсан гэж үздэг. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүтэйгээ уулзах гээд очиход уулзуулаагүй. Э.Энхжин хааяа надтай муудалцахаараа “чиний хүүхэд биш” гээд байдаг. Намайг байхад хуучин найз залуутайгаа уулзаад байдаг байсан учраас хүүхдийн тал дээр эргэлзээ төрсөн. Үнэхээр миний хүүхэд мөн бол миний хувьд хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Эхний шинжээчийн дүгнэлтэнд яагаад эргэлзээ төрсөн бэ гэхээр “Бид 3-ыг очиж шинжилгээ өгөхөд хариу нь 30 хоногийн дотор гарна” гэж хэлсэн. Тэгтэл хариу нь 58 хонож байж гарсан учраас миний хувьд гадны нөлөө орсон юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн учраас дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч боломжгүй болчихоод явж чадаагүй. Өөр хувийн шинжилгээний газар байдаг талаар судлахад 1-2 байдаг гэсэн. Гэхдээ жаахан найдваргүй юм шиг байсан. Хэргийг шийдвэрлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй, одоо би эхнэр хүүхэдтэй тусдаа амьдралтай болсон гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7326 дугаартай шинжээчийн дүгнэлтээс:
...1.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллелаар Г.Амарбаясгалан нь А.Бат-оршихын биологийн эцэг байх боломжтой байна. /Хавсралт 1/
2. Г.Амарбаясгалан нь А.Бат-Оршихын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э.Энхжин нь, Г.Амарбаясгаланд холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2011 оноос дотно харьцаатай болж, хамтран амьдарч байсан болох нь 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн А.Бат-Оршихын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн №0000824035 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчид нь 2015 он хүртэл хамтран амьдарч байгаад тус тусдаа амьдрах болсон, 2012 оны 08 дүгаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихын эцэг нь Г.Амарбаясгалан мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний бие 2011 оны өвөл Г.Амарбаясгалантай дотно танилцаж 11 дүгээр ангиа төгсдөг жил буюу 2012 оны 08 дугаар сарын 28-нд хүү А.Бат-Оршихыг төрүүлсэн...Хүүхдээ төрсний дараа Г.Амарбаясгалан 3-4 сарын хугацаанд Улаанбаатарт реклам сурталчилгааны компанид хэсэг ажилласан. 2013 оны 05 дугаар сард том ах Г.Нямбаяр, дунд ах Г.Хүрэлбаатар болон бусад гэр бүлийн гишүүд нь ирж бэр гуйсан. 2014 оны 03 сараас Дархан дахь “Хөдөө аж ахуйн их сургуульдаа” сурах хүртлээ манай гэрт хүүхдээ харалцан ирж очин амьдарсан...2015 оны 01-05-нд А.Бат-Оршихын үсний найранд оролцчихоод буцаад явсан. Түүнээс хойш ярих нь багассан бөгөөд ярихаараа элдэв муу үг хэлдэг болсон. 2015 оны 4 дүгээр сард “Би өөр хүнтэй суулаа, мөнгөтэй хүнтэй сууж хүүхэддээ мөнгө явуулж байя” гэж надад хэлсэн...Гэтэл асууж сураглатал үнэхээр өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан...Би өөрийн гэсэн орлогогүй, хүүхдийн 20.000 төгрөг авдаг. Г.Амарбаясгалан нь хүүхдээ төрснөөс хойш 4 сар л ажил хийж хамт амьдарч бусад хугацааанд огт ажил хийлгүй “сурч байна” гээд хүүхдээсээ хол байж ирэн очин амьдарч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй учир 2012 оны 08 дугаар сарын 28-нд төрсөн хүү А.Бат-Оршихынхоо төрсөн эцэг нь Г.Амарбаясгалан мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх, хариуцагч Г.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2011 онд “Таны Сэлэнгэ” кабельд найруулагчаар ажиллаж байхад Э.Энхжин тэндхийн FM-д хөтлөгч хийдэг байсан. Э.Энхжинтэй 2011 оны 12 дугаар сард 3 удаа уулзаж 2 удаа дотно харьцаанд орсон...Гэтэл 2012 оны 05 дугаар сард Э.Энхжин миний утас руу “Чи аав болсон байна” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд би Э.Энхжинтэй уулзаж “Хэрвээ энэ хүүхэд миний хүүхэд бол би хариуцлагы нь хүлээнэ.” гэж хэлсэн. Тэгээд Э.Энхжингийн ээж надтай ирж уулзахаар нь “Хүүхэд миний хүүхэд мөн бол би амьдарна” гэдгээ хэлж өөрийнхөө ажлаас гараад энэ айлыг дагаж хотод хамтран амьдарсан. Тухайн үед би ойр зуурын ажил хийж байсан нь үнэн. Тэгээд 2012 оны 08 дугаар сарын 28-нд манай хүү А.Бат-Орших “Эх нялхсын төв”-д төрсөн. Би хүүтэй болсондоо маш их баяртай байсан. Тухайн үед би сургуулиасаа 1 жилийн чөлөө авсан байсан...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүтэйгээ уулзах гээд очиход уулзуулаагүй. Э.Энхжин хааяа надтай муудалцахаараа “чиний хүүхэд биш” гээд байдаг. Намайг байхад хуучин найз залуутайгаа уулзаад байдаг байсан учраас хүүхдийн тал дээр эргэлзээ төрсөн. Үнэхээр миний хүүхэд мөн бол миний хувьд хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Эхний шинжээчийн дүгнэлтэнд яагаад эргэлзээ төрсөн “Бид 3-ыг очиж шинжилгээ өгөхөд хариу нь 30 хоногийн дотор гарна” гэж хэлсэн. Тэгтэл хариу нь 58 хонож байж гарсан учраас миний хувьд гадны нөлөө орсон юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн учраас дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч боломжгүй болчихоод явж чадаагүй. Өөр хувийн шинжилгээний газар байдаг талаар судлахад 1-2 байдаг гэсэн. Гэхдээ жаахан найдваргүй юм шиг байсан. Хэргийг шийдвэрлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй, одоо би эхнэр хүүхэдтэй тусдаа амьдралтай болсон” гэх зохигчдын тайлбар мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7626 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7626 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлэхээр хугацаа заан шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2291 дугаартай “Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шинжилгээнд явдаггүй, шүүхийн дуудсан хугацаанд ирдэггүй, удаа дараа албадан ирүүлэх захирамжийн дагуу албадуулж ирдэг, нотлох үүргээ биелүүлдэггүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн шийдвэрлэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь мэргэжлийн мэдлэг бүхий шинжээчид хийсэн гэж үзнэ.
Иймд 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихын эцэг нь Г.Амарбаясгалан мөн болохыг тогтоож, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихыг эх Э.Энхжингийн асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихыг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Г.Амарбаясгалангаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь хүү А.Бат-Оршиход төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.800:2х12=985.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.701 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихын эцэг нь Г.Амарбаясгалан мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихыг эх Э.Энхжингийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Бат-Оршихыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Г.Амарбаясгалангаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1--д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Амарбаясгалангаас 29.701 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА