| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1452/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 106
2021.01.20 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00332 0251 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 4-346б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, / /,
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн зүүн талын явган хүний гарцан дээр ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулан ундаа.. хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Nissan Primera” маркийн 04-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мөнхцэцэг, З.Өлзий-очир нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан,
Мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах...г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийн хамгаалах...” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой шинэ ажил авсан. Тэгээд Ганаа, Гантөмөр гэдэг хоёр найзтайгаа уулзсан. Сансрын 805 дугаар анги, КТМС-ийн хойд талд 0.5 граммын шилтэй архи уусан. Би тухайн үед машинтай явсан. Машинаа маргааш ирж авна гээд Сансрын хойд талын авто зогсоолд байрнуудын голд тавьсан. Машин барьж болохгүй, маргааш авна гээд тавьсан юм. Тухайн үед найзуудтайгаа 1 шил архи уучихаад, дахиад 1 шил архи уусан. Тухайн үед би нэлээд согтсон байсан. Нэг найзтайгаа утсаар ярьсан. Тэгээд машинаа бариад явсан байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч З.Өлзий-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган хүний замаар зам хөндлөн гараад явж байтал урдаас гэнэт хар өнгийн суудлын машин ирээд, эхлээд эхнэр Мөнхцэцэгийг мөргөөд, дараа нь намайг бас шүргэж унагаагаад шууд цаашаа яваад өгсөн. Тэр машин маш хурдтай юу юугүй орж ирээд хурдаа ч хасалгүй улаан галзуу юм орж ирээд эхнэр бид хоёрыг мөргөөд зугтаагаад яваад өгсөн. Мөн тухайн машины номерыг нь ч харах сөхөө байгаагүй...гомдолтой байгаа. Эмчилгээний төлбөрөө гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Хохирогч Д.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгсэн урд талаас гэнэт хурдтай машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн газар унасан байсан. Тэгээд би тухайн үед нөхрийгөө хайгаад хартал манай хүн надаас бага зэрэг зайтай газар хэвтэж байсан. Тухайн үед осол болохоос өмнө би бараг явган хүний гарцаар гараад дуусч байсан м. Бид хоёрыг мөргөчихөөд шууд зугтаагаад, зогсох ч үгүй яваад өгсөн. би гомдолтой байна. Жолооч *******гаас эмчилгээний зардлаа гүйцэт гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Гэрч Э.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дэлгүүрээс 0.5 граммын 1 шил архи аваад гадаа гудамжинд С, Ганаа бид 3 авсан архи хувааж уусан. Тэгээд архи дуусаад халуураад дахиад 0.5 граммын 1 шил архи дэлгүүрээс худалдаж аваад бид 3 хуваагаад уусан. Тухайн үед би жаахан судалж байсан. Би болсон одоо харьлаа гэхэд Ганаа дахиад нэг шил архи ууя гэхээр нь би Ганаад “би болсон” гэж хэлээд Сг хаана байгааг асуутал гудамжинд суугаад үлдсэн гэхээр нь би Сгийн байгаа газар яваад очтол С байхгүй байсан. Тэгэхээр нь би Ганаагаас Сг хаана байгааг асуутал Ганаа мэдэхгүй гэхээр нь за тэгвэл би гэртээ харьлаа гээд явсан. Автобус зогсох гээд байсан гэж бодохоор орой 21 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6295 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Мөнхцэцэгийн биед умдаг ясны баруун салааны хугарал, тархи доргилт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6273 дугаартай дүгнэлтэд:
1. З.Өлзий-Очирын биед баруун талд эгэмний холбоосын урагдал, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. гэх дүгнэлт /хх-ийн 56/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3128 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар хагархай эд зүйлс бүгд нэгэн бүхэл үүсгэхгүй, 5 ширхэг тунгалаг өнгийн эд зүйлс нэгэн бүхэл үүсгэнэ. Үүсгэгдсэн бүхэл хэсэг нь NISSAN маркийн тээврийн хэрэгслийн эд анги байна.
2. Нэгэн бүхэл үүсгэсэн тунгалаг өнгийн эд зүйл нь автомашины хагарсан дохионы зах ирмэг хэсэг, ховил, хээтэй адил байх тул уг автомашины эд анги мөн байна. гэх дүгнэлт /хх-ийн 76/,
Мөрдөгчийн №79 дугаартай магадлагаа:
1. Явган зорчигч Зана-Аюуш овогтой Өлзий-Очир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
2. Явган зорчигч Дашдорж овогтой Мөнхцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
3. Жолооч Нармандах овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэ аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах..:” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 85/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг мэдсэн машинаа бариад явж байсан. Тэгээд машины урд талд нэг м лүгхийгээд би зүүн тийшээгээ зайлуулж дарснаа санаж байна. яг чухам юу мөргөснөө тухайн үед мэдээгүй. Би тэгээд зогсолгүй шууд цаашаа явсан. Тэгж явж байгаад би машиныхаа урд талаараа хашаа мөргөөд машин маань хазайгаад зогсож байсан. Би машинаа унтраагаагүй байсан. Их л өндөрлөг газар байсан. Төд удалгүй бөөн цагдаа нар хүрээд ирсэн. Ирээд миний машинд үзлэг хийгээд байсан. Дараа нь ачлагын машин ирээд машиныг татаж байсан. Тэндээсээ намайг цагдаа нар авч яваад төв замын цагдаагийн газар авч ирээд согтуурлыг маань шалгахад 1.76 хувийн согтолттой гарсан. Дараа нь намайг БЗД-ийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд саатуулсан...Би хохирогч нарт эмчилгээний зардалд буюу эмнэлэгт хэвтсэн ор хоног болон физик эмчилгээ, хүргэлтийн автомашины төлбөр, эм, тарианы төлбөр, оношлогоонд оруулахад авахуулсан зурагны төлбөр гээд нийт 2.500.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан байгаа. Би согтуугаар машин бариад хүн мөргөж гэмтээсэндээ үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/
Зам, тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 108/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн зүүн талын явган хүний гарцан дээр ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулан ундаа.. хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Nissan Primera” маркийн 04-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Мөнхцэцэг, З.Өлзий-очир нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан,
Мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах...г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийн хамгаалах...” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь
Хохирогч З.Өлзий-Очирын: “...явган хүний замаар зам хөндлөн гараад явж байтал урдаас гэнэт хар өнгийн суудлын машин ирээд, эхлээд эхнэр Мөнхцэцэгийг мөргөөд, дараа нь намайг бас шүргэж унагаагаад шууд цаашаа яваад өгсөн. Тэр машин маш хурдтай юу юугүй орж ирээд хурдаа ч хасалгүй улаан галзуу юм орж ирээд эхнэр бид хоёрыг мөргөөд зугтаагаад яваад өгсөн. Мөн тухайн машины номерыг нь ч харах сөхөө байгаагүй...гомдолтой байгаа. Эмчилгээний төлбөрөө гаргуулж авна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Мөнхцэцэгийн: “...явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгсэн урд талаас гэнэт хурдтай машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн газар унасан байсан. Тэгээд би тухайн үед нөхрийгөө хайгаад хартал манай хүн надаас бага зэрэг зайтай газар хэвтэж байсан. Тухайн үед осол болохоос өмнө би бараг явган хүний гарцаар гараад дуусч байсан м. Бид хоёрыг мөргөчихөөд шууд зугтаагаад, зогсох ч үгүй яваад өгсөн. би гомдолтой байна. Жолооч *******гаас эмчилгээний зардлаа гүйцэт гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,
-Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт баримттай 4.608.690 төгрөгийн хохирлоос хохирогч Д.Мөнхцэцэгт 2.856.390 төгрөг, хохирогч З.Өлзий-Очирт 1.387.651 төгрөгийг төлж барагдуулсан ба баримтгүй 364.649 төгрөгийг нөхөн төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтын дагуу нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөт түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял, торгох ял тус тус оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр,
Мөн шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих болон торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,
- Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******гийн тээврийн хэрэгслэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн хуванцар, хагархай эд зүйлс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Хэрэгт хураагдан ирсэн *******гийн №1298566 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР