Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо зүүн наран 10-67 тоотод оршин суух, эрэгтэй, 26 настай, одоо өмгөөлөгчөөр ажилладаг Боржигон овогт Энхболдын Хэрлэнхүү /ЖА-89062778/ /”Шим” ХХК-ний/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг, 3 дугаар хэсэг төв 2 гудамж 16 тоотод оршин суух, эмэгтэй, 68 настай, одоо “Тариан цацал” ХХК-ний захирал Молго овогт Ахан Көкөнай /МХ-48120304ХХХХ /  /“Тариан цацал” ХХК-нд/ холбогдох

“Ургамал хамгааллын бодисын төлбөр 31.956.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Көкөнай,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон “Шим” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

“Шим” ХХК-ийн захирал Ч.Гантөгс миний бие 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №14 тоот гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр №42 тоот гэрээгээр нийт 25.620.000 төгрөгийн ургамал хамгааллын бодисыг “Тариан цацал” ХХК-ийн захирал А.Көкөнайтай харилцан тохиролцож нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “Шим” ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж “Тариан цацал” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот гэрээний төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлбөрийг барагдуулах байсан ч 3.404.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

Мөн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 42 тоот гэрээний төлбөрийг  2015 оны 11 дүгээр 01-ний дотор төлөх байсан ч мөн л төлөөгүй өнөөдрийг хүргээд байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа байсан. Иймд “Тариан цацал” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 3.404.000 төгрөг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.б-д зааснаар хугацаа хэтрүүлсний алданги 1.702.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №42 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр 17.900.000 төгрөг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.б хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 8.950.000 төгрөг нийт 31.956.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Көкөнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь “Шим” ХХК-иас 2014 онд 3.400.000 гаруй мянган төгрөгний хор авч төлбөрийг нь хугацаа хэтрүүлэн сая 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгийг төлсөн. Харин 2015 онд авсан хор нь жаахан тааруу хор байсан. Гэхдээ бид тухайн үед нь энэ талаар ярьж хэлээгүй. Манай компани энэ жил ургац аваагүй. Миний хувьд тус компаниас авсан хорны төлбөрөө бүрэн хэмжээгээр төлнө. Харин алдангийг төлөх боломж алга байна. Энэ төлбөрийг 2017 оны 03 дугаар сард багтаан төлөх болно. Манай компани сүүний чиглэлийн хэдэн үхрийн фермтэй юм. Үхрээ зараад энэ төлбөрийг хийнэ. Манай компаний гэрчилгээ нь “Шим” компанид байгаа учраас гэрчилгээнйи хуулбарыг шүүхэд гаргаж өгөх боломж алга байна гэх.     

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Шим” ХХК-ийн захирал Ч.Гантөгсийн олгосон итгэмжлэлийн дагуу тус компанийг төлөөлөх эрх үүссэн болно. Тус компаний нэхэмжлэлтэй “Тариан цацал” ХХК-нд холбогдох иргэний маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарынн 03-ны өдрийн 10.00 цагт товлон зарлажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие тухайн маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх ухралдааныг зохих журмын дагуу хийж  хэргийг хянан шийдвэрлээж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Тариан цацал” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: ”... “Тариан цацал” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 3.404.000 төгрөг...хугацаа хэтрүүлсний алданги 1.702.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №42 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр 17.900.000 төгрөг үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданг...үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 8.950.000 төгрөг нийт 31.956.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  ханган  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Спрут, тебу-60” нэрийн ургамал хамгааллын бодисыг эхний 30 хувь буюу 2.316.000 төгрөгийг урьдчилан төлсөн, үлдэгдэл 70 хувь буюу 5.404.000 төгрөгийг 11 сарын 01-ний дотор төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор 14 дугаартай , 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Спрут” ургамал хамгааллын бодисыг 100 хувь буюу 17.900.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж  гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор 42 дугаартай гэрээ тус тус хийн Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна.

1.“Шим” ХХК, “Тариан цацал” ХХК-ний хооронд хийгдсэн ургамал хамгаалын бодис нийлүүлэх 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай гэрээнд заагдсан  үлдэгдэл төлбөр 3.404.000 төгрөг...хугацаа хэтрүүлсний алданги 1.702.000 төгрөг нийт 5.106.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч “Тариан цацал” ХХК нь  гэрээнд заагдсан  нийт урьдчилгаа 2.316.000 төгрөгийг гэрээ хийгдсэн өдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, үлдэгдэл 3.404.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шим” ХХК-нд төлбөрийг шилжүүлсэн болох нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай гэрээний хуулбарын 4-1.А-д заасан заалт,  ХААН банкны  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мөнгөн шилжүүлэг” зэргээр нийт 5.316.000 төгрөг төлсөн болох нь  нотлогдож байна.

Гэтэл “Шим” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тариан цацал” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай гэрээнд заагдсан үндсэн төлбөр 5.404.000 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл 3.404.000 төгрөгийн хугацаа хэтрүүлснйи алданги 1.702.000 төгрөг нийт 5.106.000 төгрөг нэхэмжилсэн байна.  Анх гэрээ хийхэд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.А-д зааснаар үндсэн төлбөрийн 30 хувь болох урьдчилгаа 2.316.000 төгрөгийг төлсөн гэж үзэн, үлдэгдэл 3.088.000 төгрөг байх атал нэхэмжлэгч талаас 3.404.000 төгрөг гэж үзэн  алдангийг 50 хувиар тооцон нэхэмжилсэн нь ойлгомжгүй, алданги нь 50 хувиас хэтэрсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч 3.000.000 төгрөг төлсөн байгаа зэргийг харгалзан үзэж, үндсэн төлбөрөөс 5.316.000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 88.000 төгрөг гэж шүүх үзсэн болно. Иймд 3.404.000 төгрөгний алданги 1.702.000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн хасаж тооцов. “Тариан цацал” ХХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл 88.000 төгрөгийг гарган “Шим” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт  5.018.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

2.Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай гэрээнд заагдсан ургамал хамгааллын бодисын үндсэн  төлбөр 17.900.000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги...8.950.000 төгрөг нийт 26.850.000  төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байх тул “Тариан цацал” ХХК-иас бүрэн хэмжээгээр гаргуулан “Шим” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд үйл ажиллагаа явуулдаг “Тариан цацал” ХХК-иас  ургамал хамгааллын бодисын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай гэрээнд заагдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 88.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай гэрээнд заагдсан үндсэн төлбөр 17.900.000 төгрөг түүний хугацаа хэтэрсэн алданги 8.950.000 төгрөг нийт 26.938.000 төгрөгийг гаргуулан “Шим” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  5.018.000 хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

“Тариан цацал” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ “Шим” ХКК-нд байгаа талаар шүүх хуралдаанд хариуцагч А.Көкөнай “...Манай компаний гэрчилгээ нь “Шим” компанид байгаа учраас гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгөх боломж алга” гэсэн тайлбар гаргасаныг дурьдаж, нэхэмжлэгчээс тус компаний Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтын хүрээнд гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд түүнийг байлцуулахгүйгээр, шүүх зохигчдын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 318.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Тариан цацал” ХХК-иас 26.938.000 төгрөг гаргуулан “Шим” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.018.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 318.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА