| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0107/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт О.Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, Ч ХХК-д ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Г овогт О.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод иргэн Д.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-нд гэртээ өөрийн төрсөн аав О-г өмөөрч эхнэр О-тэй маргасан. Улмаар уурандаа эхнэртээ гар хүрсэн. Би уурандаа эхнэр О-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа. Би хийсэн хэргээ үнэн шударгаар хүлээж байна. Хуулийн дагуу өөрт оногдох шийтгэлийг хүлээх болно. Би гэр бүлдээ хүчирхийллийн шинжтэй ийм үйлдэл урьд нь гаргаж байгаагүй. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Би эхнэр О-с уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олсон, одоо хамтдаа урьдын адил хэвийн амьдарцгааж байна. Эхнэр маань надад гомдолгүй гэж байна лээ. Би ахин ийм алдаа гаргахгүй тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өглөө 08 цагт ажилдаа яваад, гэртээ очсон чинь аав гэрт ирчихсэн байсан. Эхнэр нь ирээд би хүү дээр чинь чамайг амьд сэрүүнд нь авчирч өглөө гэсэн. Манай эхнэр эгч рүүгээ явна гэхээр нь хөл хориотой байхад явж яах нь вэ, бөөндөө байж байхгүй юу гээд эгч нь хэлсэн. Эхнэр нь надад аавыг чинь амьд сэрүүн нь ямар ч байсан авчирлаа, гэрээс очиж хувцас хунарыг нь чинь аваарай гэсэн. Би өмнө нь юу болсныг мэдээгүй. Тэгээд би гэрээс нь хувцсыг нь аваад урд хашаанд хийж байтал эхнэр ирээд эцгийг би гэртээ байлгахгүй шүү, чамайг байхгүй байхад гэрт ирж нялх нойтон хүүхэд айлгаж, дандаа хүндрэл учруулж байдаг гэж хэлсэн. Тэгээд би тэрхэн үедээ эцгийнхээ өмнөөс уурлаж байгаад буруу үйлдэл хийсэн. Эрүүгийн хуулийн 11.6-д заасан гэмт хэрэгт холбогдсон. Хөнгөн шийтгүүлж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж өгсөн байгаа. Өөрийнхөө буруу үйлдэл хийсэнд гэмшиж байгаа” гэжээ.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн нөхөр О.Г-той гэр бүл болоод 6 жил болж байна. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Гэр бүл болоод одоог хүртэл дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Би Г-той ханилахаасаа өмнө өөрийн 1 хүүхэдтэй байсан. Одоо манайх 2-8 насны 4 хүүхэдтэй айл. 2020 оны 11 сарын 11-ний өглөө 08:30 цагийн орчим манай хадам аав О манайд хамтран амьдрагчийнхаа хамт ирсэн. Хадам аав согтуу байсан ба хамтран амьдрагч Н эгч хадам аавыг дандаа архи уудаг, үнэр танар нь аймаар, хамт амьдарч чадахгүй энэ тэр гээд хүүгийнд нь хүлээлгэж өгөх гээд аваад ирлээ гэсэн. Тэр 2 хамт амьдрах гэж нилээн үзсэн гэсэн. Тэгээд тэр 2 гэрт сална, салахгүй гээд л хоорондоо хэрэлдээд байсан. Би цэцэрлэгийн хүүхдүүдээ Г-д өгч явуулчихаад удаагүй байхад л ийм зүйл болсон. Манай том охин ээж дээр байсан. Гэрт хамгийн бага 2 настай Н охин маань тэгээд би, өөр хүн байгаагүй. Г хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ирсний дараа Н эгч яваад өгсөн. Тэгээд Г, хадам аав 2 нэг хэсэг эзгүй байж байгаад намайг гэртээ юм угааж байхад 10 цагийн орчим хадам аавын хувцас хунарыг аваад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би уур хүрээд Г-д аавыг чинь гэртээ байлгахгүй шүү, дандаа согтуу ирнэ, нялх хүүхдийн хажууд согтуугаар элдэв ааш гаргадаг гэж хэлчихээд гэртээ орсон. Г хойноос орж ирээд бид маргасан. Хадам аав гадаа илүү байшинд хувцас хунараа хийж байсан. Г надтай хэрэлдэж байгаад намайг гэрээс хөөсөн. Намайг эсэргүүцэхэд миний зүүн гуяа руу 2 удаа өшиглөсөн. Би газар ойчсон чинь дээрээс дарж байгаад гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Тэгснээ шууд гэрээс гараад ажил руугаа яваад өгсөн. Г-г явсны дараа хадам аав орж ирээд ус уучихаад гараад явчихсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа гэрээр орж гарсан. Юм хэлээгүй. Тэгээд би хөл гар, толгой тархи өвдөөд байхаар нь эмнэлэг орж үзүүлээд, Г-той учраа олохгүй юм шиг байхаар нь цагдаад хандаж байгаа нь энэ. Би одоо ээжийндээ хүүхдүүдээ аваад оччихсон байгаа. Өчигдөр Г утсаа авахгүй байсан ба гэртээ аавтайгаа хоносон. Өнөөдөр өглөө уучлалт гуйсан мессэж бичсэн байна лээ. Цагдаа дээр таарч уулзчихаад юу ч ярихгүй, дуугүй л байгаад байна лээ. Манай хадам аав архи их уудаг, уухаараа агсам зантай. Тэрнээс нь болоод би Г-д аавыг чинь олон нялх нойтон хүүхдүүдтэйгээ цуг гэртээ байлгаж чадахгүй шүү гэж хэлсэн юм. Үүнээс болоод нь Г надад гар хүрсэн. Бусдаар бид 2 муудалцаж маргаагүй байсан. Миний зүүн нүд, зүүн гуяа, гаранд хөхрөлт үүссэн. Одоо эмзэглэлтэй хендүүр байгаа. Бид 2 ханилснаасаа хойш хэрэлдэж маргах зүйл бол зөндөө байсан. Энэ нь айл гэрт байдаг л нэг жирийн асуудлаас болдог байлаа. Г их огцом ууртай, тэндээ намайг ганц нэг удаа цохиод авч байсан тал бий. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж надад гар хүрч байгаагүй. Маргаж муудалцчихаад дараа нь учраа олчихдог байсан. Цагдаа, шүүхээр явахаар хурц асуудал байгаагүй болохоор бид муудаж маргачихаад цагдаа, шүүхэд хандаж байгаагүй. Г гэр бүлдээ бол их халамжтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж надад санагддаггүй. Жаахан огцом л ууртай болохоос эцгийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Одоогоор санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна. Явцын дунд бид 2 учир зүйгээ олчихвол гомдол санал байх ч юм юу байх вэ дээ, тэртээ тэргүй Г-р тэжээлгэж байгаа болохоор юугаа ч нэхэмжлэхэв дээ. Бид 2 учир зүйгээ олчихвол гомдолгүй гэдгээ бичгээр гаргаж өгнөө” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн л орчим байх хамтран амьдрагч Н-н хамт хүү Г-д очсон. Н хөөж туугаад намайг хүүгийнд хүргэж ирсэн юм. Тэнд бэр О бага хүүхэдтэйгээ байсан. Хүү алга байсан. Н бид 2 бага зэрэг маргасан, шалтгаан нь миний архи ууснаас л болсон. Архинаас л болж дандаа маргаан үүсдэг юм. Урд өдөр нь би архи уучихсан юм. Сүүлийн 3 жил архи ууж байгаа. Тэгээд байж байтал хүү хүрээд ирсэн. Ингээд гэрээс хувцас хунараа авахаар хүүгийн хамт яваад эргэж ирсэн. Намайг гадаа илүү байшинд хувцас хунараа хийж байхад бэр О уурлаад Г-той маргасан. Намайг л гэртээ байлгахгүй энэ тэр гээд маргаад байсан. Тэгээд тэр 2 гэртээ ороод алга болсон, би гадаа илүү байшинд юмаа янзлаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Г ажил руугаа явж байгаа бололтой байсан. Би ам цангаад хүүгийнх рүү ортол бэр О цаашаа хараад суучихсан хувцасаа торонд хийгээд бага хүүхдийнхээ хувцасыг өмсгөж байсан. Би нүүр царайг нь ч хараагүй, ус уучихаад гарсан. Намайг бэр бас загнаж магадгүй гээд би юм ч дуугараагүй, тэндээс дунд охиных руу явсан. Гадаа маргахын хувьд бол маргасан. Маргалдаад гэртээ орцгоосон. Би гадаа илүү байшинд байсан болохоор гэр дотор юу болсныг мэдээгүй. Орой гэрт нь Г-той уулзахад О гэртээ байгаагүй, асуухад Г өглөө О-т гар хүрчихсэн, нүүр ам нь хөхөрчихсөн байгаа, цагдаад өгнө гэсэн гэж хэлсэн. Ингэж л Г эхнэртээ гар хүрсэн талаар мэдсэн. Надаас болоод хүүхдүүд маань маргаж муудалцаад ийм байдалд хүрлээ. Би одоо архи дарснаас аль болох хол байх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2/
Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг цуцлах тухай санал /хх-ийн 3/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 12/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/136 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.О-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гуя бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13-14/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт / хх-ийн 26/
Шүүгдэгч О.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 36-37/
Шүүгдэгч О.Г-н цахим үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэх болон хувийн байдлыг тодорхойлох баримт бичгүүд /хх-ийн 27-35/
Шүүгдэгч О.Г-н цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 39/
Хохирогч Д.О-н цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 40/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг ... тоотод иргэн Д.О-тэй маргалдаж, улмаар зүүн гуяа руу 2 удаа өшиглөж, газар унаган дээрээс дарж байгаад гараараа зүүн нүд рүү нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гуя бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч О.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Г-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г хойноос орж ирээд бид маргасан. Хадам аав гадаа илүү байшинд хувцас хунараа хийж байсан. Г надтай хэрэлдэж байгаад намайг гэрээс хөөсөн. Намайг эсэргүүцэхэд миний зүүн гуяа руу 2 удаа өшиглөсөн. Би газар ойчсон чинь дээрээс дарж байгаад гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Тэгснээ шууд гэрээс гараад ажил руугаа яваад өгсөн. ... Одоогоор санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна. Явцын дунд бид 2 учир зүйгээ олчихвол гомдол санал байх ч юм юу байх вэ дээ, тэртээ тэргүй Г-р тэжээлгэж байгаа болохоор юугаа ч нэхэмжлэхэв дээ. Бид 2 учир зүйгээ олчихвол гомдолгүй гэдгээ бичгээр гаргаж өгнөө” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/, гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гадаа илүү байшинд хувцас хунараа хийж байхад бэр О уурлаад Г-той маргасан. Намайг л гэртээ байлгахгүй энэ тэр гээд маргаад байсан. Тэгээд тэр 2 гэртээ ороод алга болсон, би гадаа илүү байшинд юмаа янзлаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Г ажил руугаа явж байгаа бололтой байсан. Би ам цангаад хүүгийнх рүү ортол бэр О цаашаа хараад суучихсан хувцасаа торонд хийгээд бага хүүхдээ хувцаслаад байсан. Гадаа маргахын хувьд бол маргасан. Маргалдаад гэртээ орцгоосон. Би гадаа илүү байшинд байсан болохоор гэр дотор юу болсныг мэдээгүй. Орой гэрт нь Г-той уулзахад О гэртээ байгаагүй, асуухад Г өглөө О-т гар хүрчихсэн, нүүр ам нь хөхөрчихсөн байгаа, цагдаад өгнө гэсэн гэж хэлсэн. Ингэж л Г эхнэртээ гар хүрсэн талаар мэдсэн. Надаас болоод хүүхдүүд маань маргаж муудалцаад ийм байдалд хүрлээ. Би одоо архи дарснаас аль болох хол байх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ , гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 12/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Одоогоор санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна. Явцын дунд бид 2 учир зүйгээ олчихвол гомдол санал байх ч юм юу байх вэ дээ, тэртээ тэргүй Г-р тэжээлгэж байгаа болохоор юугаа ч нэхэмжлэхэв дээ. Бид 2 учир зүйгээ олчихвол гомдолгүй гэдгээ бичгээр гаргаж өгнөө” гэж мэдүүлдэг тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол арилсан, Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч О.Г-д ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх тухай шүүгдэгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц