| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0110/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт В.Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Г суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, улс хооронд хувиараа тээвэр хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Т овогт В.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б нь химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэснийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно гэснийг, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2-д зааснаар тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно гэснийг тус тус зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэн Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн автомашинаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Надад холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж байгаагаа мэдсэн. ...урьд нь болсон асуудлын талаар хэд хэдэн удаа гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-5 /
Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өглөө иргэн Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн автомашиныг нь гуйж Эрээн гараад Өвөр монгол Б гэх урьд нь ачаа авдаг хүнээс 18 литрийн савлагаатай 100 ширхэг будаг, будаг шингэлэгч зэрэг зүйлийг ачиж орж ирээд Экспресс коргоны хашаанд ачаагаа буулгасан. Би энэ барааг химийн хортой, аюултай бараа, заавал зөвшөөрөл авч орж ирдэг гэдгийг мэдээгүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг машины эзэн Т-с гуйж авч гарсан. Машины үнэ 2,500,000 төгрөгийг төлөхийг прокурортой харилцан тохиролцож, төлж улсын орлого болгохыг зөвшөөрсөн. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон эрэгтэй хүн над дээр хүрч ирээд “Улаанбаатар хот руу явуулах ачаа байна. Танай каргонд өгч явуулъя” гэхэд нь би “юу байгаа юм бэ?” гэж асууж лавлахад “надад 100 ширхэг лааз будаг байгаа” гэж хэлсэн. Би тухайн жолоочийн ачааг 2019 оны 08 дугаар сарын 23-нд Улаанбаатар хот руу явуулах боломжгүй байсан бөгөөд ачаалал ихтэй байна гэдгээ тайлбарлаад “ачаагаа буулгачих маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явах том оврын тээврийн хэрэгсэлд ачна” гэж хэлээд ачааг нь буулгуулсан. Тухайн жолооч ачаагаа буулгаж дуусгаад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/
Шинжээч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу улсын хилээр нэвтэрч буй химийн гаралтай бүтээгдэхүүн нь зориулалтын сав, баглаа, боодолтой байх бөгөөд савлагаанд үйлдвэрлэгчийн мэдээлэл, барааны нэршил, хэрэглээ, зориулалт зэрэг тодорхой бичигдсэн хаяг, шошготой байх нь зайлшгүй шаардлагатай. Тухайн тохиолдолд энэхүү 6 болон 7 дугаараар дугаарласан зүйлс нь ямар ч хаяг, шошго байгаагүй. Химийн 6 дугаараар дугаарлан дээж авсан ногоон өнгөтэй үнэртэй шингэнийг шинжилж үзэхэд барилгын будагт байх орц, химийн нэгдлүүд илэрсэн тул барилгын будаг гэсэн дүгнэлтийг гаргасан. 7 дугаартай дээж нь Байгаль орчны яам, Гадаад харилцааны сайдын хамтарсан 334/104 тушаалын 2.1.4.6 дахь хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл авна. “. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс шинжилгээ хийлгэх, шинжээч томилсон тогтоол ирсний дагуу тус өдөр цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах агуулах саваар 1-10 хүртэл дугаарласан цагаан өнгийн хаяг шошгогүй нэгэн ижил төмөр савтай зүйлсийг 6 дугаараар дугаарлан шинжилгээ хийхэд тухайн 10 ширхэг лаазтай зүйлс нь бүгд ижил төрлийн бодис байсан бөгөөд ногоон өнгийн шингэн төлөвтэй Эпокси куринг эйжнт (Epoxy curіng agent), Палямaйд резн (Palyamide resin) гэх бодисууд агуулсан нийлмэл найрлагатай химийн бодис байсан. Мөн 1-90 хүртэл дугаарласан цагаан өнгийн төмөр савтай савны дээд хэсэгт шар өнгийн тагтай хаяг шошгогүй зүйлсийг 7 дугаараар дугаарлан дээж авч шинжилгээ хийж үзэхэд дээрх 1-90 хүртэл дугаарласан төмөр савтай бодисууд нь нэг ижил төрлийн бодис байх бөгөөд найрлагадаа Толуол, этилбензол (Toluene, Ethylnbenzene) бодисууд агуулсан нийлмэл найрлагатай хурц үнэртэй тунгалаг шингэн бодис байсан. 6 дугаар дээж Эпокси куринг эйжнт (Epoxy curing agent), Палямaйд резн (Palyamide resin) зэрэг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад багтаагүй тул химийн хортой бодис болохгүй. Харин 7 дугаар дээж авсан бодисонд Толуол, Этилбензол илэрсэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 708 дугаарт багтсан тул химийн хорт болон аюулт бодис юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11, 62/
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд ачигдсан бараанд хяналт шалгалт хийсэн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын хилийн бүсийг түр горимд шилжүүлж чөлөөт бүс рүү нүүх барилга болон, зам засварын ажил зэрэг буюу тээврийн хэрэгсэл шалгах талбай байхгүйн улмаас бүх барааг буулгаж хяналт шалгалтыг хийж чадаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсан барааны 100-ны 65 хувийг буулгаж хяналт шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... улсын дугаартай Истана маркийн автомашин миний эзэмшлийн машин. В.Б-т машинаа түрээсэлсэн зүйл байхгүй. Харин В.Б Эрээн хотын чөлөөт бүсээс ачаа бараанд 2 удаа хөлсөнд орсон. Нэг удаа В.Б унаж гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-6/
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2019 оны 09-р сарын 01-ний өдрийн 0004341 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 26/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн30/
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-88/
А ХХК-ны будаг шингэлэгч, барилгын будаг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 14-16/
А ХХК-ны Истана маркийн ... маркийн авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 117-123/
Шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 206-208/
Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2020 оны 09-р сарын 30-ны өдрийн 002931 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /1-р хх-ийн 238-239/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 124/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Т овогт В.Б нь химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэснийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно гэснийг, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2-д зааснаар тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно гэснийг тус тус зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэн Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн автомашинаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох 18 кг-аар савласан 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч В.Б-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч В.Б-н Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон эрэгтэй хүн над дээр хүрч ирээд “Улаанбаатар хот руу явуулах ачаа байна. Танай каргонд өгч явуулъя” гэхэд нь би “юу байгаа юм бэ?” гэж асууж лавлахад “надад 100 ширхэг лааз будаг байгаа” гэж хэлсэн. Би тухайн жолоочийн ачааг 2019 оны 08 дугаар сарын 23-нд Улаанбаатар хот руу явуулах боломжгүй байсан бөгөөд ачаалал ихтэй байна гэдгээ тайлбарлаад “ачаагаа буулгачих маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явах том оврын тээврийн хэрэгсэлд ачна” гэж хэлээд ачааг нь буулгуулсан. Тухайн жолооч ачаагаа буулгаж дуусгаад яваад өгсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/, Шинжээч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс шинжилгээ хийлгэх, шинжээч томилсон тогтоол ирсний дагуу тус өдөр цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах агуулах саваар 1-10 хүртэл дугаарласан цагаан өнгийн хаяг шошгогүй нэгэн ижил төмөр савтай зүйлсийг 6 дугаараар дугаарлан шинжилгээ хийхэд тухайн 10 ширхэг лаазтай зүйлс нь бүгд ижил төрлийн бодис байсан бөгөөд ногоон өнгийн шингэн төлөвтэй Эпокси куринг эйжнт (Epoxy curіng agent), Палямaйд резн (Palyamide resin) гэх бодисууд агуулсан нийлмэл найрлагатай химийн бодис байсан. Мөн 1-90 хүртэл дугаарласан цагаан өнгийн төмөр савтай савны дээд хэсэгт шар өнгийн тагтай хаяг шошгогүй зүйлсийг 7 дугаараар дугаарлан дээж авч шинжилгээ хийж үзэхэд дээрх 1-90 хүртэл дугаарласан төмөр савтай бодисууд нь нэг ижил төрлийн бодис байх бөгөөд найрлагадаа Толуол, этилбензол (Toluene, Ethylnbenzene) бодисууд агуулсан нийлмэл найрлагатай хурц үнэртэй тунгалаг шингэн бодис байсан. 6 дугаар дээж Эпокси куринг эйжнт (Epoxy curing agent), Палямaйд резн (Palyamide resin) зэрэг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад багтаагүй тул химийн хортой бодис болохгүй. Харин 7 дугаар дээж авсан бодисонд Толуол, Этилбензол илэрсэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 708 дугаарт багтсан тул химийн хорт болон аюулт бодис юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11, 62/, гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд ачигдсан бараанд хяналт шалгалт хийсэн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын хилийн бүсийг түр горимд шилжүүлж чөлөөт бүс рүү нүүх барилга болон, зам засварын ажил зэрэг буюу тээврийн хэрэгсэл шалгах талбай байхгүйн улмаас бүх барааг буулгаж хяналт шалгалтыг хийж чадаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсан барааны 100-ны 65 хувийг буулгаж хяналт шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай Истана маркийн автомашин миний эзэмшлийн машин. В.Б-т машинаа түрээсэлсэн зүйл байхгүй. Харин В.Б Эрээн хотын чөлөөт бүсээс ачаа бараанд 2 удаа хөлсөнд орсон. Нэг удаа В.Б унаж гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-6/, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2019 оны 09-р сарын 01-ний өдрийн 0004341 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн30/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-88/, А ХХК-ны будаг шингэлэгч, барилгын будаг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 14-16/, А ХХК-ны Истана маркийн ... маркийн авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 117-123/, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 206-208/, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2020 оны 09-р сарын 30-ны өдрийн 002931 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /1-р хх-ийн 238-239/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч В.Б нь уг үйлдлийг санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, 990,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч В.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч В.Б-г Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт, аюултай бодис болох 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдсан 18 литрийн савлаагаатай 10 ширхэг Эпокси куринг эйжнт (Epoxy curіng agent), Палямaйд резн (Palyamide resin) гэх бодис нь химийн хортой болон аюултай бодисын жагсаалтанд ороогүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.Б-т хүлээлгэн өгсөн бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 18 литрийн савлагаатай 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг Мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтан дор устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж заажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Истана маркийн автомашиныг мөрдөн шалгах ажиллагааны явцад эзэмшигчид нь буцаан олгосон байдаг ба уг авто машиныг хөрөнгийн үнэлгээний А ХХК-иар үнэлгээ тогтоолгож, 2,500,000 төгрөгөөр үнэлүүлжээ.
Шүүгдэгч В.Б нь шүүх хуралдааны явцад улсын яллагчтай уг машины үнэ болох 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч В.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хяналтын прокурортой 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч В.Б-т ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт байгаа, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-г 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-т оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгч В.Б-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай, Истана маркийн автомашины үнэ 2,500,000 /хоёр сая, таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 18 литрийн савлагаатай 90 ширхэг толуол, этилбензол гэх бодисыг Мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналтан дор устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц