| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/01596/и |
| Дугаар | 01523 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01523
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2016/01523 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж, урт цагаан 2 дугаар корпуст байрлах “Даймонд Очир ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны 72 тоотод оршин суух Буянт овгийн Рэнцэндоржийн Мөнх-Очир /РД:ЦГ64082316/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч Р.Мөнх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч П.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
Нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн захирал Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Р.Мөнх-Очир 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.
Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатиар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Р.Мөнх-Очир зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна.Зээлийн гэрээнд заасан үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Р.Мөнх-Очир манай байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлийн гэрээг байгуулахад би өөрөө байсан бөгөөд бид хоёр хамт нотариат үл хөдлөх дээр очиж гэрчлүүлсэн.Р.Мөнх-Очир өөрөө зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчхаад одоо би юун дээр зурснаа мэдэхгүй намайг дур гээд зуруулсан гэж ярьж байгаад гайхаж байна.
Манайх үндсэн зээл 26,000,000 төгрөг, сарын зээлийн хүү 3,986,667 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл бичихдээ үндсэн зээлийг би алдаад 20,000,000 төгрөг гэж бичсэн байсан. Шүүхэд нотлох баримтаар Р.Мөнх-Очирын зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар зэргийг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Р.Мөнх-Очир шүүхэд өгсөн хариу тайлбартаа:Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие иргэн Пүрэв-Очиртой/одоогийн “Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч/ иргэний журмаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээ сунгагдах бүрд сар бүр 1,300,000 нийт гурван сарын хугацаанд 3,900,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэмж дансаар шилжүүлсэн.Ингэж шилжүүлэхдээ 4,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах тухайгаа тохиролцсон. Нийт гэрээ байгуулснаас хойш 7,900,000 төгрөг төлсөн байна.
Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээ нь өмнөх гэрээ хүчин төгөлдөр байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэж байна.
“Даймонд-Очир ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээнд 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн атал 20,0000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 19,000,000 төгрөг нэхэмжилсэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Даймонд-Очир ББСБ” ХХК нь иргэн Р.Мөнх-Очир нар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байдаг. Мөнх-Очир 1,400,00 төгрөгийг бэлэн мөнгө гаргасан, нэг нь зуучилсан гээд 1,500,000 төгрөгийг авч үлдээд гар дээрээ 23,000,000 төгрөгийг л авсан байдаг. Зээлийн гэрээ нь дээр тамга тэмдэггүй гарын үсгээ зур гээд зуруулсан Мөнх-Очир учраа олохгүй зур гэхээр нь зурсан байдаг.
Нийт гурван сарын хугацаанд 4,050,000 төгрөгийн хүү төлсөн ба 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар төлсөн байдаг.. Энэ нь нотлох баримтаар нотлогдоно. Манай үйлчлүүлэгч 28,500,000 төгрөгийг хугацаа өгөөд төлөх боломжоор хангавал үл хөдлөх хөрөнгө зараад төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК хариуцагч Р.Мөнх-Очироос зээлийн болон барьцааны гэрээний үүргийн биелэлтэд 39.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд 30.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцэж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч Р.Мөнх-Очир нь нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 20-16070801 дугаартай “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” тус тус байгуулж, 26,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр 72 тоот орон сууцны зориулалттай 70.06 м.кв талбайтай 2 өрөө /№11тоот 18 м.кв авто зогсоол Ү-2203018273 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан болох авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна./5-9 дүгээр талууд/
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр болжээ.
Зээлдэгч нь гэрээний 3.1-т зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-т заасан зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.
Иймд зээлдэгч Р.Мөнх-Очироос үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 3,900.000 төгрөг нийт 29,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Буянт овгийн Рэнцэндоржийн Мөнх-Очир /РД:ЦГ64082316/-оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,900,000 төгрөгийг гаргуулж “Даймонд-Очир ББСБ” нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байр 72 тоот орон сууцны зориулалттай 70.06 м.кв талбайтай 2 өрөө /№11тоот 18 м.кв авто зогсоол Ү-2203018273 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ