| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0108/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хадам ээж, 2 хүүхдийн хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Ш.Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас дагавар хүү Б.М-тай маргалдаж, түүний зүүн далан тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би М-тай 12 жил хамт амьдарч байна. 2020 оны 11 сарын 10-ны орой 17 цагийн үед хүү ирээд архи уусан орж унт гэж хэлэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэхэд намайг тонгороод унагаасан. Тэгэхээр нь би гэр рүү орж хутга аваад гарч ирэхэд өөдөөс ирээд дахиад намайг унагаахад нь би баруун гартаа барьсан хутгаараа М-н дал орчимд хутгалсан. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, М нь надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн“ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 5-6/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэгэлэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/
3.7 см өндөр, 18 см урт ажлын хэсэгтэй, бариул 2 талдаа товгор хээ бүхий цэгүүдтэй 11 см урт төмөр бариултай, нийт 29 см урттай хуучин хутга 1 ширхэг, дугуй захтай, хагас ханцуйтай, саарал өнгөтэй, залгаа оёдлууд нь ил, зүүн далны хэсэгт 2 см урт зүсэгдсэн урагдалттай, зүүн дал, суга хэсгийн орчин цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хучин подвалка 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/
Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 11 сарын 10-ны орой 17 цагийн үед гадуур явж байгаад найз О-нд байж байгаад гэрлүүгээ алхаад ирж байтал манай хойд эцэг Ш.Т нь согтуу байгаа бололтой гэрийн үүдэнд хашгираад зогсож байсан, тухайн үед би бас согтуу байсан бөгөөд түүнд хандаж одоо гэртээ орж унт гэсэн чинь чи муу юу юм бэ гэхээр нь би түүнийг бариад авсан чинь надтай барьцалдаж зогсож байгаад гэрлүү гүйгээд орчихсон, тэгээд гэрээс төмөр иштэй хутга барьж гарч ирээд миний зүүн талын ар нуруу руу дал хэсгийн орчимд хутгаар хатгасан. Тэгтэл манай хөрш айлын эхнэр нөхөр гарч ирсэн байх үүнээс цааш болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна. Миний бие эмнэлэгт хүргэгдэж дал хэсэгтээ оёдол тавиулж, анхны тусламж авч гэртээ хүргэгдсэн байна. Саарал өнгийн подволктой байсан цус болж цоорсон байна лээ. Надад гаргах гомдол санал байхгүй байна, өөр нэмж ярих зүйлгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2020 оны 11 сарын 10-ны орой 17 цагийн үед байх гэртээ байж байсан чинь хашаанд хүмүүс шуугилдаад бахиралдаад байхаар нь гараад очсон чинь Б.М цус болчихсон ар нуруунаас нь цус гарч байсан. Ш.Т нь гэрийнхээ үүдэнд согтуу байдалтай маргалдаад зогсож байсан, Б.М-н цус нь тогтохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан. Б.М нь чи муу намайг хутгалчихлаа гээд дайраад байсан. Энэ үед Ш.Т нь баруун зүгт гүйгээд явж байгаа харагдсан.яг хутгалж байх үйлдлийг нь хараагүй, гэрээс гараад очих үед Б гэх /Ш.Т-н садан төрлийн/ хүн хориод зогсож байсан.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн өдрийн орой 17 цагийн үед гэртээ байж байсан чинь гадаа гэнэт хүмүүс шуугилдаад байхаар нь манай эхнэр М бид хоёр гадаа гарсан чинь Б.М, ар нуруу хэсэг нь цус болсон болчихсон Т намайг хутгалчихлаа гээд зогсож байсан, тухайн үед Ш.Т-н хамаатан Б гэх залуу салгасан бололтой зогсож байсан. Тэднийг яагаад маргалдах болсон асуудлыг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
2020 оны 11 сарын 10-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-28/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “ 1.Б.Мөнхтулгын биед зүүн дал орчимд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/135 тоот дүгнэлт /хх-ийн 30/
Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/
Шүүгдэгч Ш.Т нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60/
Хохирогч Б.М-н цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Замын-Үүд сумын 3-р багт байх гэрийнхээ гадна хойд аав Ш.Т-тай маргалдаж улмаар Ш.Т нь миний зүүн даланд 1 удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Тухайн үед бид 2 аль аль нь согтуу байсан ба ялихгүй зүйлээс болж ийм байдалд хүрсэн. Миний биеийн байдал зүгээр байгаа тул хойд эцэг Ш.Т-т ямар нэг гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл үгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Т-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт хүү Б.М нь “орж унт гэж хэлэхэд нь чамд ямар хамаатай юм гэж маргалдаж байгаад гэр рүүгээ орж хутга авчиран хохирогчийн зүүн далан тус газарт нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Б.М-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2020 оны 11 сарын 12-ны өдөр 04/135 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ш.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон гэрч А.М, Б.И нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 11 сарын 12-ны өдөр 04/135 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Т нь хохирогчтой маргалдаж байгаад гэрлүүгээ орж хутга авчран хохирогчийн биед гэмтэл учруулсан талаар сэргээн дүрсэлж мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тэрээр өөрийн хийж буй үйлдлээ мэдэж байсныг илэрхийлэх бөгөөд түүний энэхүү байдал нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.М “Ш.Т нь миний зүүн даланд 1 удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Тухайн үед бид 2 аль аль нь согтуу байсан ба ялихгүй зйүлээс болж ийм байдалд хүрсэн. Миний биеийн байдал зүгээр байгаа тул хойд эцэг Ш.Т-т ямар нэг гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл үгүй” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул шүүгдэгч Ш.Т нь бусдад төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан 3.7 см өндөр, 18 см урт ажлын хэсэгтэй, бариул 2 талдаа товгор хээ бүхий цэгүүдтэй 11 см урт төмөр бариултай, нийт 29 см урттай хуучин хутга 1 ширхэг, дугуй захтай, хагас ханцуйтай, саарал өнгөтэй, залгаа оёдлууд нь ил, зүүн далны хэсэгт 2 см урт зүсэгдсэн урагдалттай, зүүн дал, суга хэсгийн орчин цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хуучин подвалка 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэрг ийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, й36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ш.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Т-г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Т нь шүүхээс оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.7 см өндөр, 18 см урт ажлын хэсэгтэй, бариул 2 талдаа товгор хээ бүхий цэгүүдтэй 11 см урт төмөр бариултай, нийт 29 см урттай хуучин хутга 1 ширхэг, дугуй захтай, хагас ханцуйтай, саарал өнгөтэй, зүүн далны хэсэгт 2 см урт зүсэгдсэн урагдалттай, зүүн дал, суга хэсгийн орчин цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хуучин подвалка 1 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц