Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын З багийн харъяат, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... байрны зогсоолд байрлуулсан иргэн Ж.Г-н эзэмшлийн улсын дугааргүй “Хаоуже” маркийн улаан өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  Би 2020 оны 10 сард Улаанбаатар хот руу явж ажил хийсэн юм. Ингээд хэрэг болдог өдөр Замын-Үүдэд ирээд архи уусан. 0,75 грамм архийг 3-уулаа уусан. Тэр үедээ 36 дугаар байрны хажууд байсан. Нэг сэрсэн чинь мотоцикль хажууд байсан, би мотоцикльтой явж байсан билүү гэж бодсон. Тэгтэл цагдаа ирээд баривчилсан. Би архи уугаад согтоод унтчихсан байсан. Мотоциклийг яаж унаж Элгэн Баяны хажууд ирсэнээ мэдэхгүй байгаа юм. Би хөдөө авч явна гэж бодоогүй. Архи уугаад  согтсондоо ийм зүйл болсон байсан, би мотоциклио эзэнд нь буцаагаад өгчихсөн.  Миний буруу гэдгийг ойлгож байгаа“  гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

Тээврийн хэрэгсэл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/

Хохирогч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас ээлжийн амралтаа аваад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд ирсэн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед би Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байрны орцны үүдэнд өөрийн эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн ХАУЖИ  маркийн мотоциклио байрлуулж орхиод хадам аав Д-н гэрт орж 1 цаг орчим болчихоод  гараад ирэхэд миний мотоцикл алга болсон байсан. Ойр орчмоор хайж үзэхэд миний мотоциклийн мөр нь хар зам руу ороод  алга болсон байсан. Тэгээд би мотоциклио хулгайд  алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж мэдэгдсэн. Би өөрийнхөө мотоциклийг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз Б-с шинээр нь 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний мотоцикль улаан өнгийн хаоже нэртэй 125 мотортой, хянах самбар хагархай лидринен  хар өнгийн суудлын бүрээстэй, никель тоногтой, гэрэл дохио бүрэн , улаан өнгийн 2 ширхэг тольтой эд ангиуд  хэвийн ажилладаг өнгө үзэмж алдаагүй шинэ мотоцикль. Би өөрийн мотоциклио  унаж эдэлснээ хасаад 2,000,00 төгрөгөөр үнэлж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-6/

Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай төрсөн хүүхэд их тусархуу, ямар нэг муухай зан авир  байхгүй, даруухан хүн. Манай хүүхэд архи согтууруулах ундааны зүйл их  хэрэглээд байдаггүй. Манай хүүхэд 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар  дээр хүмүүжиж 2003 онд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын  сургуульд оруулж 2 дугаар анги хүртэл  суралцсан. Манай хүүхэд аав, ээжийн хамт  хөдөө мал маллаж амьдардаг тул тусдаа ямар нэг орлого байхгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “2019 онд үйлдвэрлэгдсэн Hauji маркийн мотоцикль 1,800,000 төгрөгийн үнэтэй гэсэн” ДГО 1000608 тоот тайлан /хх-ийн 26-27/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/

Шүүгдэгч Д.Э нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр архи ууж, согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр, ... дугаар байрны зогсоолд байрлуулсан иргэн Ж.Г-н эзэмшлийн улсын дугааргүй “Хаоуже” маркийн улаан өнгийн мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, тээврийн хэрэгсэл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Э-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирогч Ж.Г-н эзэмшлийн улсын дугааргүй “Хаоуже” маркийн улаан өнгийн мотоциклийг хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э-г  300 /гурван зуун/ цагаар хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинд оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг  мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц