Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 484

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П” ХХК, “К” ХХК 

Хариуцагч: НДЕГДд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Л” ХХН-ийн үйлчлүүлэгч “П” ХХК, “К” ХХК-иудын А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л” ХХН-ийн захирал Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК, “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л” ХХН-ийн захирал Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай өмгөөллийн “Л” ХХН нь нийт 50 гаруй аж ахуйн нэгжид Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр эрх зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн ажиллагааг нь хариуцан ажилладаг юм. Сүүлийн үед манай үйлчлүүлэгчид Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль тогтоомж, эрх зүйн актуудыг буруу тайлбарлаж биднээс нийгмийн даатгалын шимтгэлийн илүү авсан байна гэх гомдол гараад байгаа тул бид энэ чиглэлээр гарсан эрх зүйн актууд, хууль тогтоомжийг судлаад өөрийн үйлчлүүлэгчдээс “П” ХХК, “К” компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг илүү хураасан тул нийгмийн даатгалын тайланд өөрчлөлт оруулж, залруулан баталгаажуулж өгөх тухай хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татгалзсан хариу авсан юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус ажиллагааны улмаас манай үйлчлүүлэгчдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж их хэмжээний эд хөрөнгийн хохирлыг амсаж байна. Тиймээс бид шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Б ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, НДЕГДд холбогдох захиргааны хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 769 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг... хүчингүй болгосугай” гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн өмнө нь гарсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Дээрх үйл баримтууд нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоогдож, шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Л” ХХН-ийн үйлчлүүлэгч “П” ХХК, “К” ХХК-иудын А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэр гарах үндэслэл болсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” нь Монгол Улсын Хууль зүйн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй гэсэн лавлагааны хуудас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагад ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан олгосон захиргааны байгууллага батална”, Нийгмийн даатгалын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж тус тус заасан байхад НДЕГД нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн байна. Иймд “Л” ХХН-ийн үйлчлүүлэгчийн хууль бус А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. 

Харин А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт ажил олгогч, даатгуулагч 2-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ нь ижилхэн байна гэсэн байдаг. Гэтэл Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг НДЕГД тушаал гаргаж баталсан. Манай байгууллагын зүгээс хууль зөрчиж тушаал гаргасан тул хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл хүчингүй болгохоосоо илүү анхнаасаа хууль бус тушаал гарсан. 2010 оны Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтаар захиргааны хэм хэмжээний актын хэрхэн баталж, дагаж мөрддөг байсан гэдгийг тусгайлан зохицуулсан. “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах тухай” журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэхүү журмыг эрх бүхий этгээдээс гарах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах түүнийг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө”, 1.3-т “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана” гэж тус тус заасан. 

Гэтэл НДЕГДд тусгайлан эрх олгогдоогүй атлаа уг тушаалыг батлан гаргасан. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.4-т “Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр гэж дагаж мөрдөхгүй”, 1 дүгээр зүйлийн 1.7-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр дараах шаардлагыг хангасан байна”, Үүнд нь “Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, Монгол Улсын Их Хурлын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт нийцсэн байх”, 1 дүгээр зүйлийн 1.7.3-т “Хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцсэн байх” гэж тус тус заасан. Мөн захиргааны хэм хэмжээний актыг баталж, мөрдүүлдэг. А/84 дүгээр тушаал нь хууль бус учир тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалингийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 80 болон 92 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Монгол Улсын Засгийн газраас ажил олгогч, даатгуулагч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ өөр байхаар заасан байхад НДЕГД нь хууль зөрчиж тушаал баталсан. Монгол Улсын Засгийн газрын 80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл оногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай” гэж заасан. Дээрх тогтоолууд заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага аж ахуй нэгж, даатгуулагч, шимтгэл төлөгч, байгууллагууд нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор 80 болон 92 дугаар тогтоолуудад заасан заалтуудыг хүчингүй болгосон. 

Иймээс НДЕГД өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд А/84 дүгээр тушаалыг гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. “Б ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт А/84 дүгээр тушаалтай маргаж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт манай байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж давж заалдах гомдол гаргаж чадаагүй. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлал нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй холбоотой байсан. Дээрх компаниуд А/84 дүгээр тушаалд нийцүүлэн санхүүгийн тайланг ав гэсэн байсан ба шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс А/84 дүгээр тушаалд нийцүүлэн авах боломжгүй гэсэн магадлал гарсан. А/84 дүгээр тушаал нь хууль бус тул үүнд нийцүүлж санхүүгийн тайлан авах нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан гэж тайлбартаа хэлсэн. Манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компаниудад хохирол учраагүй. Монгол Улсын Засгийн газар болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Манай байгууллагад ямар нэг хохирол үүссэн зүйл байхгүй. Уг шимтгэлүүд нь хууль болон журмын дагуу төлөгдсөн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судалсны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Б ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 769 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг... хүчингүй болгосугай” гэснийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь, түүнчлэн өмнө нь гарсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон, илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “А/84 дүгээр тушаалын хавсралтаар баталсан зааврыг Хууль зүй дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгүүлж, баталгаажуулаагүй, НДЕГД өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар хууль зөрчиж гаргасан тушаалаар батлагдсан заавар учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэх агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаар тушаалаар  “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг /цаашид “заавар” гэх/ баталсан байх ба мөн НДЕГДас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар албан бичгээр  “...2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.1, 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэх, бусад заалтыг зааврын дагуу хэрэгжүүлж ажиллахыг “Аймаг, дүүрэг /Нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт” үүрэг болгосон байдаг.

Үүний дараа мөн Эрүүл мэнд, НДЕГДас “Тушаал хүчингүй болгох” тухай А/23 дугаар тушаалыг  гарган дээрх 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгожээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2016/1076 дугаар захирамжаар “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, НДЕГДд холбогдох “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамжийн “Захирамжлах нь” хэсэгт “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаагаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/724 дугаартай итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан зааж олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, НДЕГДд холбогдох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзээд хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв”  гэж дүгнэсэн ба уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.1. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрээр “Б ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, НДЕГДд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт  “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг үндэслэсэн нь уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна… “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тус газрын 1/1635 тоот албан бичгийг зөвхөн илт хууль бус болохыг тогтоосноос бус дээрх заавар, түүнийг баталсан А/84 дүгээр тушаалыг илт хууль бус гэж тогтоогоогүй байна”..., “...Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг буруугаар тайлбарлан 44 хоногийн дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг, уг тушаалаар батлагдсан зааврыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон нь илт хууль бус болжээ”..., “...А/84 дүгээр тушаалаар “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл 1.920.000 төгрөгөөс тооцохоор” журамлаж, энэ заавраа 1/1315 тоот албан бичгээр харьяа газар, хэлтсүүдэд хүргүүлсэн, зааврын дээрх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тухай чиглэл хүргүүлсэн 1/1635 тоотод Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чиглэл хүргүүлсэн тоотыг хавсаргасан, А/84 дүгээр тушаалыг хамт хүчингүйд тооцсон” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна”…гэж тус тус дүгнээд  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тасалбар болгон хүлээн авч баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэжээ.

Дээрх байдлаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Тушаал хүчингүй болгох” тухай А/23 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаар тушаалыг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Иймээс “...А/84 дүгээр тушаал, 1/1635 дугаар чиглэлийг хүчингүй болгосон хариуцагчийн гаргасан А/23 дугаар тушаал, түүнчлэн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн …2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тасалбар болгон хүлээн авч баталгаажуулах” талаар үнэлж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой буюу нэхэмжлэгчээс маргаж буй акт, үйл баримтыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэсэн нийтэд илэрхий үйл баримт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэхгүй, хэргийн оролцогчоос илэрхий үйл баримтыг дахин нотлохгүйг дурдах нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан А/84 дүгээр тушаал, уг тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалт хүчин төгөлдөр болохыг шүүхээс тогтоосон байхад нэхэмжлэгчээс дээрхийг нотлох шаардлагагүй, шүүхээс мөн адил үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй юм. 

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан ба хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаал болон 2015 оны 1/1635 дугаар үүрэг чиглэлийг тус тус илт хууль болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байхад хариуцагч НДЕГДас дээрх үйл баримтыг нэхэмжлэгч “П” ХХК, “К” ХХК-иудад хамааралгүй, уг хэргийн оролцогч биш гэх үндэслэлээр нэхэмжлэгч 2 компаний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан залруулж баталгаажуулахаас татгалзсан нь үндэслэлгүй юм бөгөөд дээр дурдсан шүүгчийн захирамж, шийдвэрт дүгнэсэн үйл баримт, хариуцагч захиргааны байгууллагаас батлан гаргасан акт, захиргааны эс үйлдэхүйн талаар үнэлж дүгнэсэнтэй адил үйл баримт, акт, эс үйлдэхүйн талаар аливаа этгээдээс маргаж байгаа тохиолдолд нь өмнө гарсан шүүхийн шийдвэрт хэн хэргийн оролцогч байснаас үл хамааран захиргаанаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэн нэхэмжлэгч компаниудын хүсэлтийг хангаж шийдвэрлэхээр байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалын 4 дэх заалтад “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан байдаг ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг” Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасныг үндэслэн шинэчлэн тогтоосон, уг тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул хариуцагч Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч “П” ХХК, “К” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-т заасныг хэрэгжүүлэн “П” ХХК, “К” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “П” ХХК, “К” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүхээс хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “П” ХХК, “К” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” тухай НДЕГДд холбогдуулан гаргасан “П” ХХК, “К” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөг нийт 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 70.200 төгрөгийг гаргуулан “П” ХХК-д, 70.200 төгрөгийг гаргуулан “К” ХХК-д тус тус олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ОТГОНТУЯА